Хэвлэх DOC Татаж авах
ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЫ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 57

ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЫ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Жил бүрийн 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосугай.

2. Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах  асуудлыг судалж 2019 оны 4 дүгээр сард багтаан танилцуулахыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нарт тус тус даалгасугай.

3. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж  ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, бүх шатны Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Дүрэм шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2005 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 119 дүгээр тогтоолын 3 дахь заалт, “Өвөл, хаврын улирлын хурдан морины уралдааны тухай” Засгийн газрын 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 19 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                              У.ХҮРЭЛСҮХ

Хөдөлмөр, нийгмийн

хамгааллын сайд                                                                С.ЧИНЗОРИГ