Хэвлэх DOC Татаж авах
ХОТЫН ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 29

ХОТЫН ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Хот байгуулалтын тухай хуулийн 6.1.4, “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний  тодотгол, 2030  он хүртэлх хөгжлийн  чиг хандлагын баримт бичгийг батлах тухай” Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолыг тус тус  үндэслэн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.85.3, Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн 2.2.5, “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ын 6.1.1-д заасныг тус тус хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:1. Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд баригдсан Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг даган бий болох шинэ хот /Аэросити/-ын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хавсралтад заасан бүрдэлтэйгээр шинэчлэн баталсугай.

2. Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлагдсантай холбогдуулан нийслэлийн хилийн цэст өөрчлөлт оруулах, шинэ хот /Аэросити/-ыг түшиглэн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах асуудлаар холбогдох шийдвэрийн төсөл боловсруулан Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэх талаар шуурхай арга хэмжээ авахыг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, нийслэлийн Засаг дарга (Ж.Батбаясгалан) нарт даалгасугай.

3. Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлагдсантай холбогдуулан Засгийн газрын 2016 оны 174 дүгээр тогтоолоор баталсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-нд Засгийн газрын гишүүдийн саналыг тусган нэмэлт, өөрчлөлт оруулах арга хэмжээ авахыг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, нийслэлийн Засаг дарга (Ж.Батбаясгалан) нарт даалгасугай.

4. Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан шинэ хот      /Аэросити/-ын инженерийн бэлтгэл ажил, инженерийн болон нийгмийн дэд бүтэц, эх үүсвэрийг барьж байгуулахад шаардагдах зардлыг жил бүр Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улс, орон нутгийн төсөвт тусгаж, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах замаар шийдвэрлэж ажиллахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, нийслэлийн Засаг дарга (Ж.Батбаясгалан) нарт үүрэг болгосугай. 

5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай” Засгийн газрын 2012 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 217 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                                   У.ХҮРЭЛСҮХ

Барилга, хот байгуулалтын сайд                                                             Х.БАДЕЛХАН