A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ

2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр

Дугаар 01

Улаанбаатар хот

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 14.00

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Чинбат /илтгэгч/, Д.Ганзориг, Б.Буяндэлгэр, Г.Туулхүү нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч иргэн А.Ариунболд, Б.Мөнхтөр болон түүний өмгөөлөгч Б.Батбаяр нар оролцлоо.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтын холбогдох хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Нэг. Нийслэлийн Налайх дүүргийн 7 дугаар хорооны оршин суугч, иргэн П.Ундрах-Эрдэнэ, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны оршин суугч, иргэн А.Ариунболд нар Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ:

"Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасны дагуу шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, шүүхийн шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй байдаг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч шүүхийн шийдвэрт гомдол гаргаж байгаа нь нэг талаас Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад заасны дагуу шүүхийн шийдвэрт гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх, нөгөө талаас шударга шүүхийг эрэлхийлэх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, шүүхийн алдаа зөрчлийг хянуулах, өөрийн гэм бурууг эцэслэн тогтоолгохоор зорьж буй хэрэг юм.

Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад шүүгдэгч, түүний өмгөөлөгч шүүхийн шийдвэрт гомдол гаргасан тохиолдолд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, ялыг хүндрүүлэх боломжтой байдлаар хуульчилсан нь шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гомдол гаргах эрх, өөрийгөө өмгөөлөх эрх, хууль зүйн туслалцаа авах эрхийг хязгаарлажээ. Өөрөөр хэлбэл давж заалдах, хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зааснаас дордуулах, гомдол гаргагчийн ялыг хүндрүүлэх зохицуулалтыг хуульчилсан шүүгдэгч өөрийн ялыг хүндрүүлэхээс эмээж, шударга шүүхийг эрэлхийлэх зоригийг мохоож, дарамт, айдас бий болгож, шүүхэд гомдол гаргах, шүүхийн шийдвэрийг хянуулахаас татгалзах үр дагаврыг үүсгэж байна.

Иймд шүүгдэгч гомдол гаргасан байхад шүүх шүүгдэгчийн гомдлыг авч хэлэлцээд, шүүгдэгчийн ялыг хүндрүүлж болохоор заасан нь шүүхийн шийдвэрт гомдол гаргах эрх, өөрийгөө өмгөөлөх эрхийг хязгаарлаж байх тул Үндсэн хуулийн холбогдох заалтыг хэрэгжихгүйд хүргэж байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгчид хууль зүйн туслалцаа үзүүлж, үйлчлүүлэгчийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалан давж заалдах, хяналтын шатны шүүхэд гомдол гаргахад давж заалдах, хяналтын шатны шүүх гомдол гаргасан өмгөөлөгчийн үйлчлүүлэгч буюу шүүгдэгчийн ялыг хүндрүүлж болохоор заасан нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад заасан хууль зүйн туслалцаа авах, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэх заалтыг зөрчигдөхөд хүргэж байна.

Иймд Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр батлан 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдүүлж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт "... шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг ... хүндрүүлж болно." гэсэн хэсэг, мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад "шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг ... эсхүл хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах." гэсэн хэсэг, мөн хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад "шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг ... эсхүл хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах;" гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэхийг тогтоож, дүгнэлт гаргаж өгнө үү." гэсэн байна.

Хоёр. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны оршин суугч, иргэн Б.Мөнхтөр Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ:

"Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад хүн бүр үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаа, хөгжлийн бэрхшээл, үзэл бодол, боловсролоор ялгаварлан гадуурхагдахгүйгээр, хуулийн этгээд бүр хөрөнгө, орлого, үйл ажиллагааны чиглэл, зохион байгуулалтын хэлбэрээс үл хамааран хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна." гэж заасан ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчид нь Монгол Улсын иргэний хувьд шүүхийн шийдвэрт давж заалдах, Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах үндэслэл, журмыг тодорхойлон заасан байдаг. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт "Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, хүндрүүлж болно." гэж, 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад "шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, эсхүл хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах;" гэж тус тус заасан нь хэргийн оролцогч нарын шударга шүүхээр шүүлгэх, давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхийг хязгаарлаж байна.

Тухайлбал эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх, үндэслэл, журмыг ноцтой зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй асуудлаар мөрдөн байцаах, прокурор, шүүхийн үйл ажиллагаатай холбогдуулан хэргийн оролцогч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргахад шүүгдэгчийн ялыг хүндрүүлэн өөрчлөх боломжийг давж заалдах, хяналтын шатны шүүхэд олгосон нь Монгол Улсын Үндсэн хуулийн зөрчил юм. Жишээлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн асуудлаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг дээд шатны шүүхээс хянан үзээд, хэргийн бодит байдал, зөв бурууг хуульд зааснаар хянаж шударга шийдвэр гаргахын оронд шүүгдэгчид оногдуулсан ялыг шууд хүндрүүлж, дээрх хуулийн заалтуудыг хэргийн оролцогч нарыг гомдол гаргуулахгүй болгох арга болгон ашиглаж байна. Сүүлийн үед давж заалдах болон хяналтын шатны шүүх хэргийн оролцогч нарын гомдлоор хэргийг шийдвэрлэхдээ ял шийтгэлийн асуудлыг шүүх хуралдаан дээр хэлэлцэгдээгүй байхад, прокурорын саналаас давсан ялыг тодорхой үндэслэлгүйгээр хүндрүүлэн нэмдэг боллоо.

Хэргийн оролцогч Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэн шүүхийн гаргасан хуулийн зөрчлийг засуулахаар дээд шатны шүүхэд хандсан байхад давж заалдах болон хяналтын шатны шүүхээс ялыг нь хүндрүүлж байгаа нь хүмүүнлэг, энэрэнгүй байх Монгол Улсын Үндсэн хуулийн үнэт чанарыг эс хэрэгссэн, хүний эрхийн ноцтой зөрчил юм.

Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын Пактын 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх ба тусгай шүүхийн өмнө бүх хүн тэгш эрхтэй. Хүн бүр өөрт тулгасан эрүүгийн хэргийг хянан хэлэлцүүлэх буюу иргэний нэхэмжлэлийн хүрээнд эрх, үүргээ тодорхойлуулахдаа хуулийн дагуу байгуулагдсан эрх бүхий, хараат бус, тал үл харах шүүхээр нээлттэй, шударгаар шүүлгэх эрхтэй." гэж, 26 дугаар зүйлд "Бүх хүн хуулийн өмнө тэгш байх бөгөөд аливаа алагчлалгүйгээр хуулиар тэгш хамгаалуулах эрхтэй. Энэ үүднээс аливаа байдлаар алагчилах явдлыг хуулиар хориглох бөгөөд хууль нь яс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал, хөрөнгө чинээ, төрсөн байдал буюу бусад байдлаар алагчилахаас бүх хүнийг адил тэгш үр нөлөөтэй хамгаалах баталгааг бүрдүүлэх ёстой." гэж, мөн Пактын 14 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт "Ямар нэг гэмт хэрэгт шийтгүүлж ял заагдсан хүн бүр шийтгэгдсэнээ болон оноосон ялыг эргэж хянуулахаар хуулийн дагуу дээд шатны шүүхэд давж заалдах эрхтэй." гэж тус тус заасан үүргийг Монгол Улс хүлээсэн байтал эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдыг давж заалдах гомдол гаргах эрхийг нь хязгаарлаж байна. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна." гэж заасныг зөрчиж байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн, 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтын холбогдох хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад "Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх ..., өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах ..., эрхтэй." гэж заасныг зөрчсөн тухай дүгнэлт гаргана уу." гэсэн байна.

Гурав. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар Үндсэн хуулийн цэцэд хандан ирүүлсэн тайлбартаа:

"1. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэж заасан бөгөөд үүний хүрээнд холбогдох бусад хууль, хууль тогтоомжийн актаар иргэний эрх, эрх чөлөөг зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлдэг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино." гэж хуульчилсан. Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна." гэж заасан. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн зорилт болон ялын бодлого нь хэн нэгэн этгээд бусдын хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөөг зөрчсөн бол түүндээ тохирсон хариуцлагыг зайлшгүй хүлээх үзэл санаа, үр дагавартай байдаг.

Эрүүгийн хэргийг анхан шатны журмаар шийдвэрлэж байгаа шүүгч, шүүх бүрэлдэхүүн нь ямар нэг байдлаар нөлөөнд автаж, шүүгдэгчид түүний үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэрт нийцээгүй буюу гэмт хэрэгт тухайн зүйлчлэлээр оногдуулж болох ялын төрлөөс хамгийн хөнгөнийг сонгох боломжтой бөгөөд энэ тохиолдолд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим алдагдахад хүрэх учраас уг сөрөг үр дагаврыг засах боломжийг дээд шатны шүүхэд олгох үүднээс дээрх заалтыг хуульчилсан.

Хэн нэгэн этгээд өөрийгөө гэм буруугүй, эрх бүхий байгууллага, албан тушаалтан эрх хэмжээгээ хэтрүүлэн ял оноосон, буруу зүйлчилсэн гэж үзэн дээд шатны шүүхэд хандан эрх, эрх чөлөөгөө хамгаалдаг. Ийм учраас хууль тогтоогч Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад заасан шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхийг баталгаатай эдлүүлдэг. Түүнчлэн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөнөөр хохирогч бий болж байдаг бөгөөд Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргагч иргэдийн дурдаад байгаа заалт нь хэн нэгэнд ял завших боломж олгохоос сэргийлэх, хохирогчийн эрх ашгийг хамгаалах давхар баталгаа болж байдаг.

Мэдээлэл гаргагчийн мэдээлэлд дурдсанчлан Үндсэн хуульд шүүгдэгч шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхийг тусгаснаас гадна эрх, эрх чөлөө нь хөндөгдсөн хохирогч шүүхэд гомдол гаргах асуудал мөн ижил хамгаалагдсаныг дурдах нь зүйтэй.

2. Хууль тогтоогч өмнө үйлчилж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хуульд заасан үндэслэл байвал хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт, анхан шатны болон шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт буцааж хугацаа алддаг, оролцогчдод чирэгдэл үүсгэдэг, хэрэг замхрах нөхцөл байдлыг бий болгодог байсан зохицуулалтыг халж, зөвхөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас л хэргийг буцааж, шүүхийн бусад шатнаас хэргийг буцаадаггүй болгож хуульчилсантай холбоотойгоор давж заалдах болон хяналтын шатны шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр оногдуулсан ял хөнгөдсөн талаар дүгнэлтэд хүрсэн тохиолдолд ялыг хүндрүүлж болох эрх хэмжээг олгосон.

Энэхүү эрх хэмжээг олгосон бас нэг үндэслэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно. Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно." гэж заасантай нийцүүлэх, энэхүү үзэл баримтлалыг хэрэг хянан шийдвэрлэх хуульд бодитоор тусгаж, хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх явдал байсан.

Өөрөөр хэлбэл Монгол Улсын Үндсэн хуулиар Улсын дээд шүүхэд дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг хянах бүрэн эрхийг олгосон бөгөөд нэгэнт хянах эрх нь байгаа тохиолдолд анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн /ял хөнгөдсөн/ шийдвэрийг зөвтгөх, буруу шийдвэрийг засах арга зам, тодорхой шийдвэр гаргах эрх нь зайлшгүй байх ёстой гэж үзсэний үндсэн дээр хяналтын шатны шүүхийн эрх хэмжээг дээрх байдлаар хуульчилсан.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар гомдол, эсэргүүцлийн дагуу эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхээс гарсан шийдвэрийг хяналтын шатны шүүх бүхэлд нь хянан үзсэний үндсэн дээр гэмт хэргийн зүйлчлэл болоод бусад бүх асуудал нь зөв, хуулийн дагуу байгаад гагцхүү оногдуулсан ял нь илтэд хөнгөдсөн талаарх дүгнэлтээ үндэслээд ялыг хүндрүүлж болохоор зохицуулсан.

Дээр дурдсаныг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт "... шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг ... хүндрүүлж болно." гэж, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад "шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг ..., эсхүл хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах." гэж, 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад "шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг ..., эсхүл хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах;" гэж тус тус заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчөөгүй." гэсэн байна.

Дөрөв. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны явцад мэдээлэл гаргагч иргэн А.Ариунболд, Б.Мөнхтөр нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэлэлцэж буй заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын Монгол Улсын иргэн "... шударга шүүхээр шүүлгэх, ... шүүхийн шийдвэрийг давж заалдах ..., эрхтэй.", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэж заасныг зөрчсөн гэсэн мэдээллийн шаардлагаа дэмжиж, бусад шаардлагаас татгалзсан болно.

ҮНДЭСЛЭЛ:

1. Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль батлан гаргахдаа 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт "Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, хүндрүүлж болно.", 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Давж заалдах шатны шүүх дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:" гээд 1.4 дэх заалтад "шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, эсхүл хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах;", 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Хяналтын шатны шүүх дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:" гээд 1.4 дэх заалтад "шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, эсхүл хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах;" гэсэн зохицуулалтыг тусгаж хэргийн оролцогчдын гаргасан гомдлын дагуу шүүхийн шийдвэрийг холбогдох шатны шүүх хянаад шүүхээс оногдуулсан ялыг хүндрүүлж болохоор хуульчилсан байна.

2. Монгол Улсын Үндсэн хуулийн удиртгал хэсэгт хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгон тунхагласан бөгөөд Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцахаар хуульчлан тогтоосон. Мөн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад Монгол Улсын иргэн эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, шүүхийн шийдвэрийг давж заалдах үндсэн эрхтэй болохыг бататган хуульчилсан юм.

Түүнчлэн Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 5 дахь хэсэгт "Ямар нэг гэмт хэрэгт шийтгүүлж ял заагдсан хүн бүр ... дээд шатны шүүхэд давж заалдах эрхтэй." гэж бататган тогтоосон байдаг.

3. Монгол Улсын Шүүхийн тухай хуульд анхан шатны шүүх хуулиар харьяалуулсан эрүүгийн хэргийг анхан шатны журмаар, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг талуудын гаргасан гомдол, прокурорын эсэргүүцлийн үндсэн дээр давж заалдах журмаар, Дээд шүүх нь давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн магадлалтай холбогдуулан гаргасан эрх зүйн маргааныг талуудын гомдол, Улсын ерөнхий прокурор, эсхүл түүний эрх олгосон прокурорын эсэргүүцлийн үндсэн дээр хяналтын журмаар тус тус хянан шийдвэрлэх эрх хэмжээтэй байхаар хуульчилсан. Үүнээс үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэрээс шалтгаалж давж заалдах шатны болон хяналтын шатны шүүхийн ажиллагаа эхэлдэг. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дээд шатны шүүхэд ханддаг бөгөөд гомдол, эсэргүүцлийн үндсэн дээр анхан шатны шүүх болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үүснэ. Иймд давж заалдах болон хяналтын шатны шүүхийн үйл ажиллагаа нь анхан шатны шүүхийн шийдвэрийн хүрээнд асуудлыг шүүгдэгчид ашигтайгаар буюу хэргийн бодит байдлыг тогтоон хүний эрхийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дээд шатны шүүхэд гаргасан үндэслэл бүхий гомдлыг шийдвэрлэх ёстой. Гэтэл давж заалдах болон хяналтын шатны шүүх шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг гомдлоор хянан хэлэлцэхэд гомдолд дурдаагүй асуудал, тухайлбал ялын асуудлыг хөндөж анхан шатны шүүхийн шийдвэрээр оногдуулсан ялыг хүндрүүлэх боломжийг бий болгох зэргээр шүүгдэгч (бусад шүүгдэгч)-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дордуулах хууль зүйн үндэслэлийг бүрдүүлсэн байна.

Үүнээс үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт "Давж заалдах шатны шүүх ... шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг ... хүндрүүлж болно.", 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад "шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг ... эсхүл хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах;", 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад "шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг ... эсхүл хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах;" гэж хуульчлан анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дээд шатны шүүхэд хандсанаар шүүгдэгчид илүү хүнд ял оноох, эрх зүйн байдлыг дордуулж болохоор зохицуулсан нь Монгол Улсын Үндсэн хуулиар тунхагласан хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх эрхэм зорилгын агуулгад нийцэхгүй байхаас гадна хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл шүүхийн шийдвэрийг давж заалдах иргэний үндсэн эрхийг хөндөж, Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1. Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт "Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, хүндрүүлж болно" гэж, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад "шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, эсхүл хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах;" гэж, 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад "шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, эсхүл хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах;" гэж тус тус заасны "... хүндрүүлж ...", "... эсхүл хүндрүүлж ..." гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын Монгол Улсын иргэн "... шүүхийн шийдвэрийг давж заалдах ... эрхтэй.", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэж заасныг тус тус зөрчсөн байна.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт "Давж заалдах шатны шүүх ... шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг ... хүндрүүлж болно.", 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад "шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг ... эсхүл хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах;", 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад "шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг ... эсхүл хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах;" гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын Монгол Улсын иргэн "... шударга шүүхээр шүүлгэх ... эрхтэй.", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "... хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх ..." гэснийг тус тус зөрчөөгүй байна.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт "Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, хүндрүүлж болно." гэж заасны "... хүндрүүлж ..." гэснийг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад "шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, эсхүл хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах;" гэж заасны "... эсхүл хүндрүүлж ..." гэснийг, 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад "шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, эсхүл хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах;" гэж заасны "... эсхүл хүндрүүлж ..." гэснийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тус тус түдгэлзүүлсүгэй.

4. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын дараагийн чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс хойш 15 хоногийн дотор хэлэлцэж хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ДАРГАЛАГЧ Д.ОДБАЯР

ГИШҮҮД Н.ЧИНБАТ

Д.ГАНЗОРИГ

Б.БУЯНДЭЛГЭР

Г.ТУУЛХҮҮ