A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 3 дугаар сарын 6-ны өдөр

Дугаар 97

Улаанбаатар хот

ХӨНГӨЛӨЛТИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Ахмад настны тухай хуулийн 8.1.2, 13.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын харьяа ахмадын зориулалттай амралт, сувиллын газарт ахмад настан хөнгөлөлттэй үнээр амарч сувилуулах хугацааг 10 хүртэлх хоногоор, эрхийн бичгийн нэг ор хоногт нийгмийн халамжийн сангаас олгох хөнгөлөлтийн хэмжээг 15000 (арван таван мянган) төгрөгөөр, бусад амралтын газарт амарч сувилуулах хугацааг 7 хүртэлх хоногоор, бусад сувиллын газарт амарч сувилуулах хугацааг 10 хүртэлх хоногоор, эрхийн бичгийн нэг ор хоногт нийгмийн халамжийн сангаас олгох хөнгөлөлтийн хэмжээг нь 20000 (хорин мянган) төгрөгөөр тус тус тогтоосугай.

2. Нийгмийн халамжийн сангаас олгох амралт, сувиллын санхүүжилтийн хяналтыг сайжруулах зорилгоор Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу байгууллагууд төлбөрийн баримтыг үйлчилгээ авсан ахмад настанд олгох, нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын цахим системийн бүртгэлд үндэслэн халамжийн сангаас санхүүжилтийг тухайн байгууллагад шилжүүлэх зохицуулалтыг 2019 оны эхний хагас жилд багтаан холбогдох журамд тусган хэрэгжүүлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт даалгасугай.

3. Энэ тогтоолыг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг 2019 оны батлагдсан төсөвтөө багтаан зохицуулахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт зөвшөөрсүгэй.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хөнгөлөлтийн хэмжээг тогтоох тухай" Засгийн газрын 2013 оны 19 дүгээр тогтоол, "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2016 оны 94 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.ЧИНЗОРИГ