A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 2 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар 88

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Санхүүгийн алба байгуулах тухай" Засгийн газрын 2014 оны 326 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Санхүүгийн албаны зохион байгуулалт, чиг үүрэг, орон тооны жишиг норматив"-ын Нэг дэх хэсэгт дор дурдсан агуулгатай 1.1.10 дахь дэд заалт нэмсүгэй:

"1.1.10. харьяа байгууллагын төсвийн гүйцэтгэлийн сарын мэдээг хүлээн авч шалгах, залруулга хийх, нэгтгэх, дүн шинжилгээ хийх. "

2. Мөн хавсралтын дараахь заалт, дэд заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/ "1.1.3. орон нутгийн хөгжлийн сан, тусгай зориулалтын шилжүүлэг, сумын нэгдсэн төсвийн төлөвлөлт, хуваарилалтыг хийж орон нутгийн төсвийн болон тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагын нягтлан бодогч болон төрийн сангийн мэргэжилтнийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах; "

2/ "2.1. Сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн алба нь дараахь төсвийн байгууллагууд болон орон нутгийн хөгжлийн сан, тусгай сангууд, Засаг даргын нөөц хөрөнгийг хариуцан нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээ үзүүлэх 2 нягтлан бодогчтой байна. Үүнд:

-Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал;

-Сумын Засаг даргын Тамгын газар;

-Багийн Засаг дарга;

-Соёл, спортын байгууллага;

-Орон нутгийн хөгжлийн сан;

-Сум хөгжүүлэх сан;

-Тусгай сангууд."

3. Мөн хавсралтын Хоёр дахь хэсгийн 2.2 дахь заалтын "3-5 төсвийн байгууллагын дунд" гэснийг "2-3 данс хариуцсан" гэж өөрчилсүгэй.

4. Мөн хавсралтын Нэг дэх хэсгийн 1.2.3 дахь дэд заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Санхүүгийн алба байгуулах тухай" Засгийн газрын 2014 оны 326 дугаар тогтоолын 4 дүгээр зүйл, "Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2015 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 426 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Сангийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР