Хэвлэх DOC Татаж авах
ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН, ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ (Замын хөдөлгөөний аюулгүй байдлын)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 128

ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН, ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 6.1.6, 7.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн”-ийг “Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүний тухай” Засгийн газрын 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 27 дугаар тогтоолын 25 дугаар хавсралт болгон 1 дүгээр, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн дүрэм”-ийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн Ажлын албыг Зам, тээврийн хөгжлийн яамны батлагдсан орон тоо, төсөвт багтаан байгуулж ажиллуулахыг Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүний тухай” Засгийн газрын 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 27 дугаар тогтоолын 20 дугаар хавсралтаар баталсан “Засгийн газрын комисс, хороо, ажлын хэсэг, тэдгээрийн дарга” гэсэн жагсаалтын 24-т “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний хороо, Зам, тээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн” гэснийг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний  зөвлөл, Монгол Улсын Ерөнхий сайд” гэж өөрчилсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд                                               У.ХҮРЭЛСҮХ

Зам, тээврийн хөгжлийн сайд                                             Б.ЭНХ-АМГАЛАН