Хэвлэх DOC Татаж авах
БАГШИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 145

БАГШИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Багш нарын их хурлыг 5 жил тутам зохион байгуулсугай.

2. Багшийн хөгжлийг дэмжих зорилгоор дараахь арга хэмжээ авахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт даалгасугай:

      2.1. хичээл практикийн үйл ажиллагааны зардал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж байгаа ердийн сургууль, цэцэрлэгийн багшид 2019 оны            9 дүгээр сарын 1-нээс эхлэн урамшил олгох асуудлыг судалж шийдвэрлэх;

      2.2. багшийн ажлын онцлогт нийцүүлж үр дүнд суурилсан цалин хөлсний тогтолцоог нэвтрүүлэх, багшийн ажлын норм, нормативаас давсан ачаалалд нэмэлт хөлс олгох асуудлыг судалж, үе шаттайгаар шийдвэрлэх санал боловсруулан Засгийн газрын хуралдаанд танилцуулах.

3. Боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтныг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх багцын үзлэгт оруулах ажлыг зохион байгуулахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нарт даалгасугай.

4. Дээд боловсролын болон Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын багшийн хөгжлийн төвийг тус тус төсөвтөө багтаан энэ оны 2 дугаар улиралд байгуулах арга хэмжээ авахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нарт даалгасугай.

5. Цахим засаглал үндэсний хөтөлбөрийн хүрээнд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын багш нарыг компьютержуулах, сургалтын зарим үйл ажиллагааг нь цахим хэлбэрт шилжүүлэх арга хэмжээг улсын төсөв, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр үе шаттай шийдвэрлэх арга хэмжээ авахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт даалгасугай.

6. Багшийн ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлд 2019 онд багтаан үнэлгээ хийж, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт даалгасугай.

7. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                           У.ХҮРЭЛСҮХ

Боловсрол, соёл, шинжлэх

ухаан, спортын сайд                                                        Ё.БААТАРБИЛЭГ