A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр

Дугаар 134

Улаанбаатар хот

ХУРДАН МОРИНЫ БҮСИЙН УРАЛДААНЫ 2019 ОНЫ ХУВААРИЙГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Төвийн бүсийн хурдан морины уралдааныг Улаанбаатар хот, Хүй долоон худагт 2019 оны 5 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулсугай.

2. Шигшмэл хурдан морьдын "Их хурд-YIII" уралдааныг Улаанбаатар хот, Хүй долоон худагт 2019 оны 7 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд, төвийн бүсийн зуны уралдааныг Говьсүмбэр аймагт, Хангайн бүсийн зуны уралдааныг Хөвсгөл аймагт, Баруун бүсийн зуны уралдааныг Баян-Өлгий аймагт, Зүүн бүсийн зуны уралдааныг Дорнод аймагт, Говийн бүсийн зуны уралдааныг Өмнөговь аймагт, Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн мэлмий гийсний 380 жилийн ойн бүсийн уралдааныг Баянхонгор аймагт 2019 оны 7 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд тус тус зохион байгуулсугай.

3. Хурдан морины уралдааныг тогтоосон хугацаанд уралдааны дүрмийн дагуу зохион байгуулалтын өндөр түвшинд, унаач хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангасны үндсэн дээр явуулахыг холбогдох аймаг, нийслэлийн Засаг дарга нар, Монголын морин спорт, уяачдын холбоонд хамтран зохион байгуулахыг тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Монгол Улсын Шадар сайд Ө.ЭНХТҮВШИН