A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр

Дугаар 158

Улаанбаатар хот

АГААРЫН БОХИРДЛЫН ЭСРЭГ АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 4, 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 122.2.4-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон бүсэд урьдчилан сэргийлэх болон хяналтын үйл ажиллагаа хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Эргүүл, хяналт шалгалтын нэгжийг 58 албан хаагч (замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах 16, нийтийн хэв журам сахиулах 42 алба хаагч)-ийн орон тооны хязгаарт багтаан цагдаагийн байгууллагын харьяанд байгуулсугай.

2. Эргүүл, хяналт шалгалтын нэгжийн 2019 оны үйл ажиллагааны зардал болох 1.9 (нэг тэрбум есөн зуун сая) тэрбум төгрөгийг Агаарын бохирдлын эсрэг сангаас гаргахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатад зөвшөөрсүгэй.

3. Эргүүл, хяналт шалгалтын нэгжийн үйл ажиллагааны зардлыг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт үүрэг болгосугай.

4. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ