Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (түрээсийн орон сууц өмчлүүлэх)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 138

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.4.3-т заасныг хэрэгжүүлэх зорилгоор Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9.3, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 12.1.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 248 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн 3.1.4 дэх заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: 

      “3.1.4. хөтөлбөрийн хүрээнд бий болсон түрээсийн орон сууцыг дамжуулан түрээслэх, түрээсийн орон сууцыг өмчлүүлэхтэй холбоотой журамд зааснаас өөр бусад хэлбэрээр бусдын өмчлөлд шилжүүлэх, барьцаалахыг хориглоно;”

3. Төрийн болон орон нутгийн өмчийн түрээсийн орон сууцны санг холбогдох хууль тогтоомжид заасан эх үүсвэрээс бүрдүүлэх, нэмэгдүүлэх арга хэмжээ авахыг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

4. Түрээсийн орон сууц өмчлөх өргөдлийн маягт болон гэрээний загварыг баталж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханд үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                  У.ХҮРЭЛСҮХ

Барилга, хот байгуулалтын сайд                                            Х.БАДЕЛХАН