A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр

Дугаар 155

Улаанбаатар хот

ГАЗРЫГ УЛСЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНЭЭС ГАРГАХ, АВАХ, ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Газрын тухай хуулийн 16.1.13, 18.1.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт "Аж үйлдвэрийн цогцолбор" байгуулах зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авсан 3512,5 га газрыг, мөн аймгийн Замын-Үүд сумын нутагт "Замын-Үүд боомт"-ын зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авсан 882.3 га газрыг 1 дүгээр хавсралтад заасан газрын хилийн заагийн эргэлтийн цэгийн солбицлын дагуу тус тус улсын тусгай хэрэгцээнээс гаргасугай.

2. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт "Бүс нутгийн логистикийн төвийг хөгжүүлэх" төслийн бүтээн байгуулалт, үйл ажиллагаанд ашиглаж байгаа 400 (дөрвөн зуун) га газрыг үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авч, газрын хилийн заагийн эргэлтийн цэгүүдийн солбицлыг 2 дугаар хавсралт ёсоор баталсугай.

(Энэ тогтоолын 2 дугаар хавсралтад Засгийн газрын 2022 оны 290 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Тусгай хэрэгцээний газарт хамааруулах тухай" Засгийн газрын 2010 оны 140 дүгээр тогтоолын 1 дэх заалтад "Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт орших аж үйлдвэрийн цогцолбор байгуулахаар төлөвлөсөн 3512.5 га, …" гэснийг, мөн заалтын"…, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутагт орших 882.3 га," гэснийг болон мөн тогтоолын хавсралтаар баталсан "Тусгай хэрэгцээний газрын хилийн зааг"-ийн 1 дэх хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан аймгийн газар зохион байгуулалтын болон хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах, уялдуулах арга хэмжээ авахыг Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшинд үүрэг болгосугай.

5. Энэ тогтоолын 2 дахь заалтын дагуу улсын тусгай хэрэгцээний газарт холбогдох журмын дагуу газар ашиглуулах гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Барилга, хот байгуулалтын сайд Х.БАДЕЛХАН