A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр

Дугаар 163

Улаанбаатар хот

ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 6.1.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ НЬ:

1. "Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр"-ийг хавсралт ёсоор баталсугай.

2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд, хөтөлбөрийн зорилт, үйл ажиллагааг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгаж, түүнд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг улсын болон орон нутгийн төсөв, гадаадын зээл, тусламжаар санхүүжүүлэх замаар хэрэгжүүлэхийг холбогдох сайд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлд үүрэг болгосугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний стратеги батлах тухай" Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 146 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.ЭНХ-АМГАЛАН

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр

Дугаар 314

Улаанбаатар хот

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 45 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 9.3.6, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлэх зорилгоор энэ тогтоолын хавсралтад заасан Засгийн газрын тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан салбар, орон нутгийн түвшинд батлан хэрэгжүүлж байгаа бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдэд дүн шинжилгээ хийж, хуульд нийцүүлэх арга хэмжээг 2021 оны 12 дугаар сард багтаан авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

3. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг нэгтгэн 2022 оны 3 дугаар сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржид даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.НЯМДОРЖ