Хэвлэх DOC Татаж авах
ГАЗРЫГ УЛСЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 5 дугаар сарын 1-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 174

ГАЗРЫГ УЛСЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХ ТУХАЙ

  Газрын тухай хуулийн 16.1.5, 18.1.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Шинжлэх ухаан, технологийн сорилт, туршилтын зориулалтаар Дархан-Уул аймгийн Орхон, Хонгор, Дархан сум, Сэлэнгэ аймгийн Мандал суманд тус тус байрлах газар зүй, гео-экологи, ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээ, сорилт, туршилтын талбайн нийт 1364.4 га газрыг болон нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, Сэлэнгэ аймгийн Баянгол сум, Төв аймгийн Баянгол, Баянцагаан, Баянчандмань, Борнуур, Жаргалант, Зуунмод, Сэргэлэн суманд тус тус байрлах гравиметр, зай хэмжлийн жишилтийн полигон, агаарын зургийн полигоны нийт 1160.26 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, газрын байршил, хэмжээ, хилийн заагийн эргэлтийн цэгүүдийн солбицлыг 1 дүгээр хавсралт ёсоор баталсугай.

2. Байгаль орчин, цаг агаарын төлөв байдлын байнгын ажиглалтын талбайн зориулалтаар нийслэлийн Сонгинохайрхан, Налайх, Багануур, Хан-Уул, Сүхбаатар, Баянзүрх дүүрэгт тус тус байрлах цаг уурын ажиглалтын талбайн нийт 5.37 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, газрын байршил, хэмжээ, хилийн заагийн эргэлтийн цэгүүдийн солбицлыг  2 дугаар хавсралт ёсоор баталсугай.

3. Улсын тусгай хэрэгцээнд авсан газарт холбогдох хууль, журмын дагуу газар ашиглуулах гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                 У.ХҮРЭЛСҮХ

Барилга, хот байгуулалтын сайд                                           Х.БАДЕЛХАН