Хэвлэх DOC Татаж авах
СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 5 дугаар сарын 1-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 183

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн     3.2.2 дахь зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 8.4, 8.11-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Төрийн бус өмчийн цэцэрлэгт түшиглэсэн салбар бүлгээр нэмэлт элсэлт авах ажлыг зохион байгуулж, шаардагдах зардлыг батлагдсан төсөвтөө багтаан өмчлөгчтэй хэлцэл хийсний үндсэн дээр хэрэгжүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгт үүрэг болгосугай.

2. Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын дэргэд өөрийн санхүүжилтээр цэцэрлэг байгуулах санал, санаачилгыг дэмжиж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

3. Салбар бүлэг болон зуны цэцэрлэг ажиллуулах мэргэжлийн багш, хүний нөөцийг бэлтгэх зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

4. Шинээр барих орон сууцны хорооллын барилгын ажлын холбогдох зөвшөөрлийг олгохдоо сургууль, цэцэрлэгийн хамт төлөвлөн барих талаарх барилгын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг мөрдүүлж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

5. Иргэн, хуулийн этгээдийн эзэмшил, өмчлөлд байгаа цэцэрлэгийн зориулалттай барилгыг түрээслэхэд шаардагдах зардлыг суурь судалгаанд тулгуурлан улсын төсөвт тусгах, гадаадын зээл, тусламжид хамруулах талаар холбогдох арга хэмжээ авахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг нарт даалгасугай.

6. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Цэцэрлэгийн хүрэлцээг сайжруулах талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 40 дүгээр тогтоолын 4 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                    У.ХҮРЭЛСҮХ

Боловсрол, соёл, шинжлэх

ухаан, спортын сайд                                                  Ё.БААТАРБИЛЭГ