A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 5 дугаар сарын 1-ний өдөр

Дугаар 185

Улаанбаатар хот

БЭЛЧЭЭР ХАМГААЛЛЫН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Бэлчээрийн ургамалд үлийн цагаан оготны учруулж байгаа хөнөөлийг багасгах зорилгоор 645 (зургаан зуун дөчин тав) мянган га талбайд тэмцэх ажлыг шуурхай зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Онцгой байдлын Ерөнхий газрын дарга Т.Бадрал нарт даалгасугай.

2. Дээрх арга хэмжээнд шаардагдах нийт 3.0 (гурван) тэрбум төгрөгөөс орон нутгийн ажилгүй иргэдийг дайчлан ажиллуулах хөлсөнд 1.0 (нэг) тэрбум төгрөгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас гаргахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт, микробиологийн бэлдмэл худалдан авах, цацах, хөдөлмөр хамгааллын хувцас, шатахууны зардал болон малчид, иргэдэд олгох урамшуулалд зарцуулах 2.0 (хоёр) тэрбум төгрөгийг 2019 оны батлагдсан төсөвтөө багтаан санхүүжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаанд тус тус зөвшөөрсүгэй.

3. Бэлчээрийн ургамал хамгааллын ажилд шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөвт зохистой хэмжээнд тусгаж байхыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт үүрэг болгосугай.

4. 2019 оны бэлчээр хамгааллын арга хэмжээг нийтийг хамарсан ажил болгон зохион байгуулах, цаашид жил бүрийн 5 дугаар сарын эхний долоо хоног болон 10 дугаар сарын сүүлийн 7 хоногийн Баасан, Бямба, Ням гарагийг "Бэлчээр хамгаалах өдөр" болгон зарлаж, мэрэгч амьтан, шавжны хөнөөлөөс бэлчээрээ хамгаалах бүх нийтийн арга хэмжээг сум, багийн түвшинд зохион байгуулж байхыг аймгийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

5. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, дүнг 2020 оны 1 дүгээр сард Засгийн газарт танилцуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаанд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.УЛААН