A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын 2018 оны 49 дүгээр тогтоол, 2019 оны 22, 23 дугаар тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ

2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар 02

Улаанбаатар хот

Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын 2018 оны 49 дүгээр тогтоол, 2019 оны 22, 23 дугаар тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 17.00 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр даргалж, гишүүн Н.Чинбат, Д.Солонго /илтгэгч/, Б.Буяндэлгэр, Ц.Нанзаддорж нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд иргэн Г.Нацагдорж, Д.Отгонбат, А.Кадирбек, Д.Ганхуяг, Б.Ууганбаяр нар болон Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Я.Санжмятав нар оролцов.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар:

- Монгол Улсын Их Хурлын 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн "Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай" 49 дүгээр тогтоол Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1, Хорин нэгдүгээр зүйлийн 1, 2, Хорин гуравдугаар зүйлийн 1, 2, Хорин есдүгээр зүйлийн 2, 3, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн зарим зохицуулалтыг;

- Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг болон Монгол Улсын Их Хурлын 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн "Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай" 22 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9, 10 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг;

- Монгол Улсын Их Хурлын 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн "Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай" 23 дугаар тогтоол Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Нэг. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны оршин суугч, иргэн Г.Нацагдорж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны оршин суугч, иргэн Д.Отгонбат нар Үндсэн хуулийн цэцэд хандаж:

"... Улсын Их Хурлын гишүүн Д.Гантулгын "чөлөөлөгдөх хүсэлт"-ийг Улсын Их Хурал 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай 49 дүгээр тогтоолыг баталжээ. Уг тогтоолыг дараах үндэслэлээр Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж байна:

1. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.3 дахь заалт нь "өөр ажилд шилжих", "хүндэтгэн үзэх бусад шалтгаан" гэсэн хоёр нөхцөлийг шаардаж байна. Гэтэл Д.Гантулга гишүүн нь өөр ажилд шилжих болсон талаар хүсэлтдээ дурдаагүй, дараа нь томилогдоогүй. Мөн түүний чөлөөлөгдөхийг хүссэн өргөдөлд "хүндэтгэн үзэх шалтгаан"-ы талаар огт дурдаагүйгээс гадна нотлох баримт хавсаргаагүй тул хүндэтгэн үзэх ямар нэг шалтгаан бүрдээгүй байна. ... Тэгэхээр хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй байхад түүнийг чөлөөлсөн нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн." гэснийг зөрчсөн юм.

2. Үндсэн хуулийн Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална." гэсэн нь Улсын Их Хурлын гишүүн хувийн ашиг сонирхлоор үүргээ биелүүлэхээс татгалзахгүй, хүссэн үедээ өргөдлөө өгөөд чөлөөлөгдөхгүй гэсэн үг.

Парламентат ёсны дархлааг авч үлдэхийн тулд парламент өөрөө болон ард түмний элч болох парламентын гишүүн нь хараат бус, бие даасан байна. Нөгөө талаараа Улсын Их Хурлын гишүүн нь бусдын дарамт, шахалт, барьцаанд орж өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт гаргах боломжгүй байхыг уг хараат бус, бие даасан байх зарчим хангана.

3. Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх нь хуульд заасан үндэслэл журмын дагуу бус харин Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу "дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болох"-оор байна. Үүнээс бусад тохиолдолд бүрэн эрхийг дуусгавар болгох нь Үндсэн хуулийн эрх зүйн зөрчил юм. ...

4. ... Үндсэн хуульд зааснаар Улсын Их Хурал нь хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлэгч, төрийн эрх барих дээд байгууллагын хувьд хууль дээдлэх ёс буюу хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах зарчмыг чанд баримтлан, зөвхөн хуулиар тодорхойлсон, хуульд заасан хүрээ хязгаарын дотор, гагцхүү хуульд үндэслэсэн шийдвэр гаргах ёстой. ... Өөрөөр хэлбэл ард түмний элч, нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримталж ажиллах Улсын Их Хурлын гишүүнийг хуульд заасан үндэслэлээр бус, харин бусдын дарамт шахалтын улмаас ямар ч шалтгаан нөхцөл заахгүйгээр гаргасан хүсэлтийг нь үндэслэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, чөлөөлсөн Монгол Улсын Их Хурлын 2018 оны 49 дүгээр тогтоолыг хүчингүй болгож өгнө үү." гэсэн агуулга бүхий мэдээллийг ирүүлжээ.

Хоёр. Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 3 дугаар багийн оршин суугч, иргэн А.Кадирбек Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ:

"... Монгол Улсын Их Хурал нь 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Гантулгын хүсэлтийг үндэслэн Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөхдөө Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад заасан Монгол Улсын иргэний төрийг удирдах хэрэгт оролцох эрх, төрийн байгууллагад сонгох эрхийг ноцтой зөрчиж, Үндсэн хуулиар баталгаатай эдлүүлэхээр олгосон ард түмний эрхийг үгүй хийж, дан ганц Улсын Их Хурлын гишүүний өөрийнх нь хүсэлтийг үндэслэж шийдвэр гаргасан нь Үндсэн хуулийн Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална." гэсэн үүргийг зөрчсөн шийдвэр болсон.

Түүнчлэн Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална.", мөн зүйлийн 3 дахь хэсэгт "Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна." гэж Монгол Улсын Их Хурлын гишүүний хууль зүйн баталгааг тусгажээ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд Улсын Их Хурлын гишүүн нь гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсоноос бусад тохиолдолд түүнийг Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхээс эгүүлэн татах, чөлөөлөх, түдгэлзүүлэхийг хориглосон нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1, Хорин нэгдүгээр зүйлийн 2, Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтад заасан Монгол Улсын иргэний эрхийг төр баталгаатай эдлүүлэх Үндсэн хуулийн баталгаа юм.

Үүнээс гадна Монгол Улсын иргэдийн хүсэл зоригоор сонгогддог Улсын Их Хурлын гишүүн нь Үндсэн хуульд зааснаас бусад тохиолдолд ард түмнийг төлөөлж төрийн үйл хэрэгт оролцох үндсэн үүргээсээ өөрийн эрх ашгийн үүднээс татгалзаж, Улсын Их Хурал тухайн гишүүний саналыг үндэслэж түүнийг чөлөөлсөн Улсын Их Хурлын шийдвэр нь Үндсэн хуулийн үзэл баримтлал, парламент ёсыг үгүй хийсэн, Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. ..." гэсэнд нийцээгүй, Монгол Улсын нийт ард иргэдийн эрх ашгийг зөрчсөн шийдвэр болсон байна.

Иймд Монгол Улсын Их Хурлын 2018 оны 49 дүгээр тогтоол нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Ардчилсан ёс, шударга ёс, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Арван зургадугаар зүйлд "Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ:" гээд 9 дэх заалтад "шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох ... эрхтэй. ...", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.", Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно.", Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална.", Хорин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална.", мөн зүйлийн 3 дахь хэсэгт "Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна." гэж хуульчилсныг тус тус зөрчсөнийг тогтоож өгнө үү." гэжээ.

Гурав. Нийслэлийн Баянгол дүүргийн 8 дугаар хорооны оршин суугч, иргэн Д.Ганхуяг Үндсэн хуулийн цэцэд хандаж дараах агуулга бүхий мэдээлэл гаргасан байна. Үүнд:

"... Улсын Их Хурлын гишүүн нь нийт ард түмнээсээ сонгогдсон төлөөлөл, ард түмний элч болж, нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримталж ажиллахаар төр, ард түмнийхээ өмнө тангараг өргөсөн төрийн улс төрийн албан хаагч болохынхоо хувьд зөвхөн хуульд заасан үндэслэл бүрдсэн тохиолдолд л үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх бөгөөд энгийн төрийн албан хаагчийн нэгэн адил хүссэн үедээ ямар нэгэн шалтаг, шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргах боломжгүй байдаг онцлогтой. ...

Д.Гантулга нь Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.3 дахь заалтад "гишүүн өөр ажилд шилжих болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан;" гэж заасан үндэслэлээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан бөгөөд хүсэлтдээ чухам ямар хүндэтгэн үзэх шалтгаантай болохоо тодорхой дурдаагүй, баримт хавсаргаагүй байна. Мөн түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэдэг боловч тэрээр гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор эцэслэн шийдэгдээгүй байгаа. ...

Хуулийн зохицуулалтаас үзвэл гишүүн хүндэтгэн үзэх тодорхой шалтгаангүйгээр чөлөөлөгдөх хүсэлт гаргах эрх зүйн үндэслэл байхгүй байх бөгөөд Улсын Их Хурлын зүгээс хүсэлтийг хүлээн авахдаа хүндэтгэн үзэх шалтгаан буюу ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон онцгой нөхцөл байдал байсан эсэхийг тодруулж, тогтоосны үндсэн дээр шийдвэр гаргах ёстой атал энэ талаар тодруулалгүй, хуульд заасан үндэслэлгүй, хүлээж авах ёсгүй хүсэлтийг шууд хүлээн авч тогтоол гаргасан нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Үндсэн хуульд ... төрийн байгууллагын бусад шийдвэр ... бүрнээ нийцсэн байвал зохино." гэж заасныг тус тус зөрчсөн байна. ...

Улсын Их Хурлын энэ шийдвэр нь дараа дараагийн зарчмын хувьд буруу шийдвэр гарах нөхцөлийг бүрдүүлж байна. Тухайлбал, Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт энэ оны 6 дугаар сарын 30-ны өдөр Улсын Их Хурлын нөхөн сонгууль хийхээр товлож, 287 сая гаруй төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас, үнэн хэрэг дээрээ ард түмний халааснаас гаргахаар шийдвэрлэсэн нь дээр дурдсан буруу шийдвэрээс үүдэлтэй шууд хор хохирол юм. Хууль зөрчин зарласан энэ сонгуульд 11 нам оролцохоор бүртгүүлсэн ба намын болон нэр дэвшигчдээс нэмж гаргах зардлыг тооцвол эл шийдвэр эрүүл ухааны аливаа хэм хэмжээнээс хэтрэн гарсан байна. Хэнтийн нөхөн сонгууль нь Улсын Их Хурлын дурын гишүүнийг дарамтлан өргөдлийг нь өгүүлж, Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх гарц, боломжийг нээн өгч зарчмын хувьд буруу, үр дагаврын хувьд туйлын хортой жишиг тогтоож байна.

Ийнхүү Монгол Улсын Их Хурлын 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 49 дүгээр тогтоол нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Ардчилсан ёс, шударга ёс, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ...", Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Улсын Их Хурал ... далан зургаан гишүүнтэй байна.", Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална.", мөн зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх нь Төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр эхэлж, Улсын Их Хурлын дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болно.", Хорин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална.", Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Үндсэн хуульд ... төрийн байгууллагын бусад шийдвэр ... бүрнээ нийцсэн байвал зохино." гэж тус тус заасныг зөрчсөн эсэхийг магадлан хянаж, дүгнэлт гаргаж өгнө үү." гээд уг мэдээллийн шаардлагаа 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр дараах байдлаар нэмэгдүүлж ирүүлсэн байна. Үүнд:

"... Төрийн эрх барих дээд байгууллага болох Монгол Улсын Их Хурлаас хуульд заасан үндэслэл бүрдээгүй байхад 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай хууль бус тогтоол гаргасан. Уг хууль бус тогтоолдоо үндэслэн гаргасан Улсын Их Хурлын 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн "Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай" 22 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэж заасныг шууд зөрчсөн байна. ...

Төр нь улс орноо хөгжүүлэх, ард түмнээ элбэг хангалуун, амар жимэр амьдруулах зорилгоор буюу нийгмийн хөгжлийг хангахын тулд эдийн засгийг удирдах учиртай. Гэтэл Үндсэн хуульд нийцээгүй шийдвэр гаргаж түүнийгээ хэрэгжүүлэх зорилгоор улсын төсвөөс олон зуун сая төгрөг зарцуулахаар төсөвлөж байгаа нь эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх эрхэм зорилгод нийцэхгүй байна. ... Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг болон Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын төлөөллийн тухай ухагдахуун бол "нэг хүн"-д хамаарах хууль зүй, улс төрийн шинжлэх ухааны ойлголт биш харин тогтолцоо, зохион байгуулалт буюу "төлөөлөгчдийн байгууллага" болох Улсын Их Хуралд шууд хамаарах ойлголт болохыг учирлан тайлбарлаж байна.

Иймд Монгол Улсын Их Хурлын 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 22 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Ардчилсан ёс, шударга ёс, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Төр нь ... хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ...", Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Үндсэн хуульд ... төрийн байгууллагын бусад шийдвэр ... бүрнээ нийцсэн байвал зохино." гэж тус тус заасныг зөрчсөн эсэхийг магадлан хянаж, өмнө нь гаргасан мэдээлэлтэй хамтад нь хэлэлцэн дүгнэлт гаргуулахаар мэдээллийн шаардлагаа ихэсгэж байна." гэжээ.

Дөрөв. Нийслэлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны оршин суугч, иргэн Б.Ууганбаяр Үндсэн хуулийн цэцэд хандаж ирүүлсэн мэдээлэлдээ:

"... Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт Монгол Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг Улсын Их Хурал товлон зарлахаар хуульчилсны дагуу Монгол Улсын Их Хурлын 2019 оны 22 дугаар тогтоолоор Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг 2019 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн товлон зарлаж, Улсын Их Хурлын нөхөн сонгуулийн санал авах өдрийг 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр байхаар тогтоосон байна. ...

Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6 дахь хэсэгт зааснаар Улсын дээд шүүхэд бүртгүүлснээр улс төрийн нам нь үйл ажиллагаа явуулах эрхтэй болдог. Гэтэл Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт Улсын Их Хурлын сонгуульд "Санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам Улсын Их Хурлын сонгуульд оролцож, нэр дэвшүүлэх эрхтэй." гэж хуульчилсан нь санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлээгүй нам нь бусад улс төрийн намуудтай ижил тэгш эрхтэйгээр Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах сонгуульд оролцох эрхийг хязгаарлаж байна.

Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад "... Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ..." гэж хуульчилсан ба Сонгуулийн тухай хуульд зааснаар санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлээгүй нам Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох нэр дэвшүүлэх, сонгогдох эрхийг энэхүү органик хуулиар хязгаарлаж буй нь Үндсэн хуулийн ноцтой зөрчил юм. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно.", мөн зүйлийн 3 дахь хэсэгт "Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно." гэж хуульчилсан ба тухайн намаас дээрх Үндсэн хуульд заасан шаардлагыг хангасан хүнийг Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд нэр дэвшүүлэхээр байтал Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байх шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуульд оролцуулахгүй байх, нэр дэвшүүлэхээс татгалзах нөхцөл байдал үүсч байна.

Энэ нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад заасан иргэний төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхийг, мөн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс, тэгш байдал, төрийн бүхий л үйл хэрэгт ард түмний оролцоог хангах, иргэнийг нам, улс төрийн үзэл баримтлалаар ялгаварлан гадуурхахгүй байх, тэгш боломжийг бүрдүүлэх Үндсэн хуулийн суурь зарчим, Үндсэн хуулиар бий болгосон иргэний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчсөн байна.

... Мөн Монгол Улсын Их Хурал нь Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийг товлон зарлахдаа уг нөхөн сонгуульд оролцох улс төрийн нам, эвсэл, бие даагчийн Үндсэн хуульд заасан эрх, эрх чөлөөг нэгдүгээрт, органик хуулиар хязгаарлаж, хоёрдугаарт, улс төрийн нам, эвсэл байгуулах, сонгуульд оролцох эрхийн хууль зүйн болон бусад баталгааг хангаагүй нь Үндсэн хуулийн ноцтой зөрчил болно. Тухайлбал, Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт "Эвсэлд нэгдсэн бүх нам санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байх шаардлагыг хангасан байна." гэж хуульчилжээ.

Монгол Улсын Их Хурлаас Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг 2019 оны 2 дугаар сарын 10-ны өдөр товлон зарласан ба санал авах өдрийг 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр байхаар тогтоосон билээ. Гэтэл энэхүү 2 дугаар сарын 10-ны өдрөөс 6 дугаар сарын 30-ны өдрийн хооронд 140 хоног болж байгаа ба нам, эвсэл нь Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуульд оролцохын тулд 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байх шаардлага Сонгуулийн хуулиар тавигдсан юм.

Монгол Улсын Их Хурал энэхүү Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг товлон зарлахдаа улс төрийн нам, эвсэлд хуулиар биелэх боломжгүй шийдвэрийг гаргаж, улмаар Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуульд оролцох эрхийг Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгээр хязгаарлаж буй нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтад "нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. ... Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах ...-ыг хориглоно. ...", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ...", Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Үндсэн хуульд хууль, ... төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино." гэж заасныг тус тус зөрчсөн байна.

Иймд Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг болон Улсын Их Хурлын 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн "Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай" 22 дугаар тогтоол тус тус Монгол Улсын Үндсэн хуулийн дээр дурдсан заалтуудыг зөрчсөн болохыг тогтоож өгнө үү." гэжээ.

Тав. Уг маргаанд холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн хариу тайлбартаа:

"... Аль ч орны парламентын гишүүн нь хууль тогтоомж болон олон улсын зарчмаар хүлээн зөвшөөрөгдсөн ардчилсан парламентын гол шинж болох халдашгүй байдал, бүрэн эрхийн баталгааг эдлэх боловч үндсэн эрхийн тодорхой хэм хэмжээ, хязгаарлалт, хууль тогтоомжид захирагдах нь хүний эрх, хууль дээдэлсэн, ардчилсан хүмүүнлэг иргэний нийгмийн зүй ёсны шаардлага юм. ...

Парламентын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, бүрэн эрхээсээ татгалзах, чөлөөлөгдөх, эгүүлэн татах асуудалд улс орнууд болгоомжтой ханддаг бөгөөд парламентын гишүүнийхээ мандатын шинж байдлыг ихэнх тохиолдолд Үндсэн хуулиар "өөрөөр нь тодорхойлуулдаг" гэж үздэг.

Монгол Улс ч мөн 1992 онд энэ жишгийг дагаж Улсын Их Хурлын гишүүний мандатын хэв шинжийг Үндсэн хуулиараа тогтоосон. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална." гэж заасан нь Монгол Улсын Их Хурлын гишүүн нь императив бус чөлөөт мандаттайг харуулж байна.

Монгол Улсын Их Хурлаас 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн "Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай" 49 дүгээр тогтоолоор Монгол Улсын Их Хурлын гишүүн өөрийн хүсэлтээр Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх асуудлыг шийдвэрлэсэн анхны тохиолдол биш юм. Өнгөрсөн хугацаанд Улсын Их Хурлын гишүүний өөрийнх нь хүсэлтийг үндэслэн Улсын Их Хурлын гишүүнээс хэд хэдэн гишүүнийг чөлөөлж байсан.

Улсын Их Хурлын гишүүн хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан бол Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болох тухай асуудал 1992 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт "Дараах тохиолдолд Улсын Их Хурлын гишүүнийг чөлөөлөх буюу эгүүлэн татна: ... 2) эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсноос чөлөөлж өгөхийг хүсэж өргөдөл гаргасан." гэж, 1997 оны 2 дугаар сарын 06-ны өдөр баталсан Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Дараахь тохиолдолд Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлын гишүүнийг чөлөөлнө: ... 2/биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсноос чөлөөлж өгөхийг хүсэж гишүүн өөрөө өргөдөл гаргасан" гэж тус тус зохицуулагдаж ирсэн.

Улсын Их Хурлын гишүүн асан Д.Гантулгын хувьд Улсын ерөнхий прокуророос гэмт хэрэгт холбогдуулан Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт ирүүлсний дагуу уг асуудлыг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.2 дахь заалт, мөн зүйлийн 6.13 дахь хэсэгт тус тус зааснаар 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хэлэлцэн Д.Гантулгын Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзээд Улсын Их Хурал тогтоол гаргасан болно.

Улсын Их Хурлын тогтоол баталсны дараа Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн зүгээс хэвлэлийн бага хурал хийсэн. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгаас 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Д.Гантулгын Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай Монгол Улсын Их Хурлын 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 47 дугаар тогтоолд хориг тавьж, тодорхой үндэслэлээ тусгасан байсан. ...

Улсын Их Хурлын гишүүн асан Д.Гантулгын зүгээс Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн мэдээлэл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг зэргийг харгалзан улс төрийн шийдвэрээ гарган хууль, шүүхийн байгууллагаар гэм буруугийн асуудлаа хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр шийдэж Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр гаргасан. Уг хүсэлтийг Монгол Улсын Их Хурал авч хэлэлцэхдээ "хүндэтгэн үзэх бусад шалтгаан" гэдгийг үүсээд байсан нөхцөл байдлыг шийдвэрлэх, ингэхдээ гишүүний зүгээс гадны хүчин зүйлийн нөлөөгүйгээр өөрийн итгэл үнэмшлээр улс төрийн шийдвэр гаргасан гэж үзэн хүсэлтийг хүлээн авч олонхын саналаар шийдвэрлэсэн болно. Иймд Монгол Улсын Их Хурлын 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн "Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай" 49 дүгээр тогтоол Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, харин эдгээр зарчмыг баримтлан бэхжүүлэхэд чиглэгдсэн гэж үзэж байна.

Түүнчлэн Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Улсын Их Хурал нэг танхимтай, далан зургаан гишүүнтэй байна.", Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална.", мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх нь Төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр эхэлж, Улсын Их Хурлын дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болно." гэсэн зохицуулалт нь Улсын Их Хурлын бүрэлдэхүүний суурь үндсийг тогтоож байгаа бөгөөд Монгол Улсын Их Хурлын бүрэлдэхүүн, түүнтэй холбогдох бусад асуудал тухайлбал, гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, бүрэн эрхээс чөлөөлөх зэргийг Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хуулиудаар тусгайлан зохицуулсан байдаг. Иймд Үндсэн хуулийн эдгээр зарчмыг мөн зөрчсөн гэж үзэх боломжгүй байна." гээд Улсын Их Хурлаас 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр ирүүлсэн нэмэлт тайлбартаа:

"Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад Монгол Улсын иргэн нь "шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. ..." гэж заасан байдаг. Гэтэл Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн 17450 иргэд, сонгогчид төрийн эрх барих дээд байгууллагад 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс өнөөдрийг хүртэл төлөөлөлгүй байна. Иймд Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.", Сонгуулийн тухай хуулийн 137 дугаар зүйлийн 137.1 дэх хэсэгт "Улсын Их Хурлын гишүүний орон гарсан бол нөхөн сонгууль явагдана." гэж заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 22 дугаар тогтоолоор Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийн санал авах өдрийг 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр байхаар тогтоосон болно.

Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтад Улсын Их Хурал нь "... Улсын Их Хурал, түүний гишүүний сонгуулийг товлон зарлах;" асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ, Сонгуулийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт "Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг энэ хуульд нийцүүлэн Улсын Их Хурал товлон зарлана.", мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт "Нөхөн сонгуулийн санал авах өдөр нь жил бүрийн зургадугаар сарын сүүлийн Ням гараг болон аравдугаар сарын эхний Ням гараг байх ба улс даяар нэгдсэн журмаар явагдана." гэж тус тус заасны дагуу Монгол Улсын Их Хурал Үндсэн хуулиар олгогдсон өөрийн онцгой бүрэн эрхийн хүрээнд 2019 оны 22 дугаар тогтоолыг баталж, нөхөн сонгуулийг товлон зарласан бөгөөд уг тогтоолд улс төрийн нам сонгуульд оролцохтой холбоотой аливаа зохицуулалт байхгүй болно.

Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт "Санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам Улсын Их Хурлын сонгуульд оролцож, нэр дэвшүүлэх эрхтэй.", мөн зүйлийн 12.3 дахь хэсэгт "Эвсэлд нэгдсэн бүх нам санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байх шаардлагыг хангасан байна." гэж тус тус заасан. Энэ зохицуулалт нь нам сонгуульд оролцохоос өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байх тодорхой хугацааг заасан шалгуурыг анх удаа тогтоосон асуудал биш бөгөөд өмнө нь үйлчилж байсан Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиудад Улсын Их Хурлын сонгууль зарлахаас өмнө улсын бүртгэлд бүртгүүлсэн нам сонгуульд оролцох эрхтэй байхаар зохицуулж байсан. ...

Ардчилсан нийгэмд нэг талаас иргэд улс төрийн намд зөвхөн сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэх; нөгөө талаас иргэний эвлэлдэн нэгдэх эрхийг төр хангах, хамгаалах үүрэг хүлээх нь зайлшгүй шаардлага байдаг бөгөөд сонгуулийн үр дүнгээр төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх үүрэг, хариуцлагыг улс төрийн намууд хүлээдэг.

Венецийн комиссын 2010 оны 10 дугаар сарын 15, 16-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар "Улс төрийн намын үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтад удирдлага болгох зарчмууд"-ыг хэлэлцэн баталсан бөгөөд энэ баримт бичигт улс төрийн нам гэдэг нь чөлөөт, ардчилсан сонгуульд нэр дэвшүүлэх, төрийн үйл хэргийг удирдахад оролцох замаар иргэдийн улс төрийн хүсэл зоригийг илэрхийлэхийг нэг зорилтоо болгосон иргэдийн сайн дурын нэгдэл мөн гэж тодорхойлжээ. Энэ тодорхойлолт нь бүх шатны сонгуульд нэр дэвшүүлэх, эсхүл өөрийн гишүүдийг төрийн эрх барих байгууллагад сонгуульд оролцуулах замаар улс төрийн салбарт засаглах бүрэн эрхийг хэрэгжүүлэхийг зорьсон иргэдийн сайн дурын аливаа нэгдэлд хамаарна гэсэн байна. Мөнхүү баримт бичигт дурдсанаар улс төрийн намыг бүртгүүлэхэд зарим нэг шаардлага тавих нь эвлэлдэн нэгдэх эрхийг зөрчсөнд тооцогдохгүй гэж Европын хүний эрхийн шүүхийн шийдвэрүүдэд заасан байна.

Төрийн үйл хэргийг удирдахад оролцох, төрийн бодлогыг тодорхойлох, улмаар зарим давуу байдлыг олж авдгийн хувьд улс төрийн нам төрийн сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлэх нь санамсаргүй, гэнэтийн, тохиолдлын зүйл байх ёсгүй буюу зөвхөн тухайн нэг сонгуульд аливаа зорилгоор оролцохын тулд улс төрийн намыг хэлбэрийн төдий байгуулах, дотооддоо бэхжиж, үйл ажиллагаа нь тогтворжоогүй, бодлого, үзэл баримтлалаа тодорхойлоогүй улс төрийн намыг төрийн сонгуульд оролцуулах нь өөрөө сөрөг үр дагаврыг бий болгох эрсдэлтэй гэж үздэг.

Эдгээр үндэслэлүүдээр Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэгт тавьсан шаардлага нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад "шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. ...", мөн зүйлийн 10 дахь заалтад "нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. ..." гэж тус тус заасныг баталгаажуулан бэхжүүлсэн, иргэдийн эрхийг баталгаатай хангах нөхцөлийг хамгаалсан зохицуулалт болсон гэж үзэж байна.

Иймд Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн "Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай" 49 дүгээр тогтоол, Монгол Улсын Их Хурлын 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн "Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай" 22 дугаар тогтоол тус тус Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг "Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийн "Төр нь ... хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.", Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад "шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. ...", мөн зүйлийн 10 дахь заалтад "нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. ... Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах ... –ыг хориглоно.", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ...", Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино." гэснийг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна." гэжээ.

Зургаа. Уг маргаанд холбогдуулан Улсын ерөнхий прокуророос 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 1/2411 тоотоор ирүүлсэн албан бичигт:

"... Нийслэлийн прокурорын газраас Улсын Их Хурлын гишүүн асан Г-д ... холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан бөгөөд энэ шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийн дагуу Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцээд, анхан шатны шүүгчийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Г ... гэмт хэрэгт дахин холбогдож, энэ үйлдэлд нь 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ... дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, өмнөх ... дугаартай хэрэгт нэгтгэж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна." гэжээ.

Долоо. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд бэлтгэх явцад хийсэн ажиллагааны тухайд:

Иргэдийн мэдээлэлд дурдсан асуудалтай холбогдох Цэцийн шийдвэрийн лавлагааг гарган, "хүндэтгэн үзэх шалтгаан", "нөхөн сонгууль" зэрэг нэр томъёо, парламентын гишүүнийг чөлөөлөх, огцруулах талаарх зарим орны эрх зүйн зохицуулалт, парламентын гишүүний халдашгүй байдлыг цуцлах, бүрэн эрхийг түдгэлзүүлэх талаарх гадаадын зарим орны эрх зүйн зохицуулалтын (Улсын Их Хурлын Тамгын газрын Судалгааны төв) судалгаа, Монгол Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд өөрийн хүсэлтээр Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлсэн тохиолдлууд, Улсын Их Хурлын гишүүнийг гишүүнээс нь чөлөөлөх талаарх Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн холбогдох заалт, Улс төрийн нам Улсын Их Хурлын сонгуульд оролцох, нэр дэвшүүлэх эрхийн тухай болон Улсын Их Хурлын гишүүнийг нөхөн сонгох талаарх сонгуулийн холбогдох хуулийн заалтын түүхчилсэн, харьцуулсан зэрэг шаардлагатай бусад судалгааг Үндсэн хуулийн цэцийн Судалгааны төвтэй хамтран гүйцэтгэж, Европын хүний эрхийн шүүхийн зарим шийдвэрийг судлан үзлээ.

Мөн Монгол Улсын Их Хурлаас Улсын Их Хурлын нэр бүхий гишүүний "Хүсэлт гаргах тухай" 2018.06.11-ний 6853 дугаар албан бичиг (Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөгдөх тухай), уг асуудлыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар 2018.06.13-ны өдөр, чуулганы нэгдсэн хуралдаанаар 2018.06.14-ний өдөр тус тус хэлэлцсэн тэмдэглэл, Монгол Улсын Их Хурлын 2018.06.14-ний өдрийн "Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай" 49 дүгээр тогтоол, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийг анх хэлэлцсэн Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2005.12.27, 2006.01.17-ны өдрийн, чуулганы нэгдсэн хуралдааны 2006.01.05, 19, 26-ны өдрийн тэмдэглэл, Монгол Улсын Их Хурлын 2019.02.02-ны "Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай" 22 дугаар тогтоол, уг 22 дугаар тогтоолын төслийг хэлэлцсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны 2019.01.29-ний өдрийн, чуулганы нэгдсэн хуралдааны 2019.02.02-ны өдрийн тэмдэглэл, Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2015.11.17, 25, 2015.12.23, 24, 25-ны өдрийн, чуулганы нэгдсэн хуралдааны 2015.11.20, 2015.12.25-ны өдрийн тэмдэглэл, бусад холбогдох баримт болон Улсын дээд шүүхээс Улсын дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн намын жагсаалт зэргийг гаргуулан авч танилцав.

Найм. Дээрх маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны явцад:

Иргэн Б.Ууганбаяр нь өөрийн мэдээллийн үндэслэлд тусгасан Монгол Улсын Их Хурлын 2019 оны 22 дугаар тогтоол Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, улмаар Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт нийцээгүй гэсэн шаардлагаа тодрууллаа. Тухайлбал, 2019 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс 6 дугаар сарын 30-ны өдрийн хооронд 140 хоног болж байгаа тул Сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсгийг Улсын Их Хурал зөрчиж дээрх тогтоолыг гаргасан гэсэн үндэслэлээ хэд хэдэн удаа давтан тайлбарлав.

Мөн иргэн Д.Ганхуяг "Улсын Их Хурлын 2019 оны 22 дугаар тогтоол нь дараа дараагийн зарчмын хувьд буруу шийдвэр гарах нөхцөлийг бүрдүүлж байна. Тухайлбал, Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт энэ оны 6 дугаар сарын 30-ны өдөр Улсын Их Хурлын нөхөн сонгууль хийхээр товлож, 287 сая гаруй төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас, үнэн хэрэг дээрээ ард түмний халааснаас гаргахаар шийдвэрлэсэн нь дээр дурдсан буруу шийдвэрээс үүдэлтэй шууд хор хохирол юм." гэсэн мэдээллийнхээ үндэслэлийг тодруулан, Улсын Их Хурлын 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн "Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай" 23 дугаар тогтоолыг холбогдох хуульд нийцүүлэн гаргаагүйгээс Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль дээдлэх зарчмыг зөрчсөн гэсэн үндэслэл, тайлбарыг хийлээ.

Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Я.Санжмятав нар иргэн Б.Ууганбаяр, Д.Ганхуяг нарын дээрх шаардлагад холбогдуулан няцаах тайлбар, үндэслэл гаргаж, Сонгуулийн тухай хуулийн хүрээнд тодруулбал, 16 дугаар зүйлийн 16.1, 18 дугаар зүйлийн 18.1, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт зааснаар Улсын Их Хурал уг 22 дугаар тогтоолыг гаргасан; холбогдох төсвийг Засгийн газрын тусгай сангийн тухай хууль болон нэгэнт хэвшин тогтсон практикын дагуу Засгийн газрын нөөц сангаас гаргахаар 23 дугаар тогтоолд тусгасан гэсэн болно. Мөн түүнчлэн Сонгуулийн тухай хуулийн сонгуулийн тов зарлах болон санал авах өдрийг тодорхойлох тухай зохицуулалттай холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооноос лавлагаа авч байсан талаар дурдаж байв.

ҮНДЭСЛЭЛ:

Нэг. Монгол Улсын Их Хурлын 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн "Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай" 49 дүгээр тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааны тухайд:

1. Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Гантулга 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөгдөх тухай хүсэлтээ Монгол Улсын Их Хурлын даргад хандаж гаргажээ. Уг хүсэлтийг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.3 дахь заалт, мөн зүйлийн 6.8 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүлж, гаргасан дүгнэлтийг 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд нууцаар санал хурааж, хуралдаанд оролцсон нийт 60 гишүүний 75 хувь нь Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх хүсэлтийг дэмжсэн байна. Ийнхүү Монгол Улсын Их Хурлын 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 49 дүгээр тогтоолоор Улсын Их Хурлын гишүүн Дорждугарын Гантулгыг Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлсөн байна.

2. Улсын Их Хурлаас Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, мөн зүйлийн 4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийг 2006 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр баталжээ.

Тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт "Дор дурдсан тохиолдолд гишүүний бүрэн эрх энэ хуулийн 6.3-т заасан хугацаанаас өмнө дуусгавар болно:" гээд 6.6.3 дахь заалтад "гишүүн өөр ажилд шилжих болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан;", мөн зүйлийн 6.7 дахь хэсэгт "Энэ хуулийн 6.6.3, 6.6.4-т заасан тохиолдолд гишүүнийг чөлөөлөх ...", 6.8 дахь хэсэгт "Гишүүнийг чөлөөлөх ... асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар, нууц санал хураалтаар шийдвэрлэнэ." гэж хуульчилжээ. Харин Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд Улсын Их Хурлын гишүүнийг чөлөөлөх үйл явцыг журамласан зохицуулалтыг нарийвчлан тусгаагүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална." гээд Улсын Их Хурлын гишүүн нь өөрийн сонгогдсон тойргийн төлөө хүчин зүтгэдэг императив буюу захирагдмал мандаттай бус, харин нийт иргэн, улсын ашиг сонирхлыг хангахын тулд ажиллаж, түүний төлөө хариуцлага хүлээдэг чөлөөт мандаттай болохыг тогтоосон бөгөөд уг үзэл баримтлалын хүрээнд аль ч тойргийн сонгогч Улсын Их Хурлын гишүүдийг өөрийн төлөөлөл гэж үзэх үндэслэл бүрдсэн болно. Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлын гишүүн тойргоос сонгогддог хэдий ч нийт иргэдийн төлөөлөл болдог учиртай. Түүнчлэн Үндсэн хуулийн уг заалтын үзэл баримтлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт "Ээлжит сонгуулийн дараа нийт гишүүний дөрөвний гурав буюу 57-оос доошгүй гишүүн сонгогдож, Улсын Их Хурлын гишүүний тангараг өргөсөн бол Улсын Их Хурлыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх бүрэлдэхүүнтэйд тооцно." хэмээн хуульчилжээ.

Үүнээс үзэхэд Монгол Улсын Их Хурал эдүгээ үйлчилж буй эрх зүйн зохицуулалтын дагуу, өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд "Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөгдөх тухай" дээр дурдсан хүсэлтийг шийдвэрлэж 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн "Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай" 49 дүгээр тогтоол гаргасан байх тул уг шийдвэр Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1, Хорин нэгдүгээр зүйлийн 1, 2, Хорин гуравдугаар зүйлийн 1, 2, Хорин есдүгээр зүйлийн 2, 3, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

3. Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.", Хорин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална." гэсэн заалтын биелэлтийг хангах болон Үндсэн хуульт ёс, тэр дундаа парламентат ёсыг бэхжүүлэх, төрийн болон эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, улс төр дэх авлига, дарамт шахалтаас урьдчилан сэргийлэх үүднээс ард түмний элч болж нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримталж бүрэн эрхээ хэрэгжүүлдэг Улсын Их Хурлын гишүүнийг чөлөөлөх үндэслэлийг тодорхой болгох, мөн чөлөөлөх үйл явцыг нарийвчлан хуульчлах, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.3 дахь заалтад заасан "хүндэтгэн үзэх бусад шалтгаан" гэх ойлголтын агуулга, хүрээ, Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдлын талаарх эрх зүйн зохицуулалтыг нарийвчлан тодорхойлох замаар боловсронгуй болгох бүрэн эрх хууль тогтоогчид байгаа болохыг тэмдэглэж байна.

Хоёр. Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг, түүнчлэн Монгол Улсын Их Хурлын 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн "Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай" 22, "Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай" 23 дугаар тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааны тухайд:

1. Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.", Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтад "нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. ... Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах ...-ыг хориглоно. ...", мөн зүйлийн 9 дэх заалтад "шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ..." хэмээн зааж Монгол Улсад засгийн бүх эрх ард түмнээс эхтэй болохыг тодорхойлон Монгол Улсын иргэн улс төрийн намд эвлэлдэн нэгдэж, төрийн эрх барих байгууллага болох Улсын Их Хуралд сонгогдох, түүний гишүүнийг сонгох эрхээ хэрэгжүүлэх боломжтойг баталгаажуулан тогтоосон болно.

Улс төрийн намын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар нам нь Монгол Улсын Yндсэн хуульд заасны дагуу нийгмийн ашиг сонирхол болон хувийн үзэл бодол, улс төрийн үйл ажиллагаа явуулах зорилгын үүднээс сайн дураараа эвлэлдсэн Монгол Улсын иргэдийн нэгдэл бөгөөд төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагыг өөрсдийн төлөөлөлтэйгээр байгуулах, улмаар өөрсдийн дэвшүүлж буй бодлого, үзэл баримтлал, хөтөлбөрийн дагуу түүнийг удирдах зорилготой байдаг. Энэ хүрээнд иргэд сонгуульд өөрсдийн байгуулсан, нэгдэн орсон эсхүл үзэл баримтлал, үйл ажиллагааг дэмждэг нам, эвслээс нэр дэвших, нэр дэвшигчийг сонгох замаар улс төрийн эрхээ хэрэгжүүлдэг. Үүнээс үзэхэд аливаа улс төрийн нам, эвсэл төрийн эрх барих байгууллагын сонгуульд оролцох, нэр дэвшүүлэх асуудал бол иргэн хүний улс төрийн эрх болон Үндсэн хуулиар баталгаажсан ардчилсан ёс, засгийн бүх эрх ард түмнээс эхтэй байх үзэл санаатай нягт уялдаатай юм.

2. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт "Улсын Их Хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно." гэж заасан. Монгол Улсын Үндсэн хуулийн дээрх зохицуулалтын дагуу Улсын Их Хурал 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сонгуулийн тухай хуулийг баталж, тус хуулиар Монгол Улсын Их Хурлын болон бусад байгууллагын сонгуулийн үндсэн зарчим, журмыг тодорхойлж, сонгуулийг зохион байгуулж явуулахтай холбогдсон харилцааг зохицуулах хэм хэмжээг тогтоожээ.

Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлд Улсын Их Хурал, түүний гишүүний сонгуульд нэр дэвшүүлэх эрхийн талаарх зохицуулалтыг хуульчлахдаа тус зүйлийн 12.1 дэх хэсэгт "Санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам Улсын Их Хурлын сонгуульд оролцож, нэр дэвшүүлэх эрхтэй.", 12.3 дахь хэсэгт "Эвсэлд нэгдсэн бүх нам санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байх шаардлагыг хангасан байна." гэжээ. Түүнчлэн, тус хуулийн 124 дүгээр зүйлийн 124.3.1 дэх заалтад "санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байх шаардлагыг хангаагүй;" бол нам, эвслийг сонгуульд оролцуулахаар бүртгэхээс татгалзахаар нийтлэг байдлаар зохицуулсан байна.

Гэтэл Улс төрийн намын тухай хуульд зааснаар 801 ба түүнээс олон иргэн сайн дураараа нэгдэж нам байгуулан, хөтөлбөр, дүрмээ баталж, Улсын дээд шүүхэд хянуулж бүртгүүлснээр гэрчилгээ авч үйл ажиллагаа явуулах эрхтэй болдог.

Үүнээс үзэхэд Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсгийн зохицуулалт нь 180-аас доош хоногийн өмнө нөхөн сонгууль товлон зарлагдсан тохиолдолд хуульд зааснаар сонгууль товлон зарласан өдрөөс өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн улс төрийн нам дангаараа болон бусад нам, улс төрийн хүчинтэй эвсэж уг сонгуульд оролцох, нэр дэвшүүлэх боломжгүй болгожээ. Өөрөөр хэлбэл, тухайн намын гишүүд, дэмжигч иргэд төрийн байгууллагад сонгогдох, сонгох эрхийг хэрэгжүүлэх хууль зүйн боломжийг хууль тогтоогч Сонгуулийн тухай хуулиар бүрэн бүрдүүлээгүй буюу Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан иргэн Б.Ууганбаярын мэдээлэлд дурдсан нөхцөл байдлыг бий болгосон байна.

Ингэснээр хугацааны шалгуураар иргэд аль нэгэн намд эвлэлдэн нэгдсэний төлөө буюу гишүүнийхээ хувьд ялгаварлагдах хууль зүйн үндэслэл бий болж, улмаар тэдний хувьд тэгш бус байдлыг үүсгэжээ.

Үүний зэрэгцээ Сонгуулийн тухай хуулийн дээрх заалтууд нь зөвхөн Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийн хүрээнд төдийгүй Улсын Их Хурлын бусад аль ч төрлийн сонгуульд улс төрийн нам оролцоход хугацаанаас хамаарч ялгавартай байдлаар хандах боломжийг бүрдүүлсэн нь иргэдийн улс төрийн эрхийг хөндсөн, ардчилсан ёсны зарчмыг алдагдуулсан байна. Тодруулбал, сонгуульд оролцох улс төрийн намд тодорхой шалгуурыг хуулийн хүрээнд тогтоож болох боловч уг шалгуур нь үндэслэлтэй бөгөөд хариуцлага, санхүүжилт, илт тод байдал гэх зэрэг хуулийн бусад зохицуулалттай уялдсан, иргэний улс төрийн эрхийн хязгаарлалтын талаарх нийтээр хүлээн зөвшөөрсөн түгээмэл зарчимд нийцсэн байх учиртай юм. Гэтэл дээрх заалтуудад тусгасан "180-аас доошгүй хоног"-ийн хугацааны шалгуур нь эдгээрт хамаарахгүй байна. Улсын Их Хурлаас ирүүлсэн хариу тайлбарт "улс төрийн намыг бүртгүүлэхэд зарим нэг шаардлага тавих нь эвлэлдэн нэгдэх эрхийг зөрчсөнд тооцогдохгүй гэж Европын хүний эрхийн шүүхийн шийдвэрүүдэд заасан байна." гэсэн боловч нотолгоог тодорхой дурдаагүй байна. Мөн өнөөдрийн хэлэлцэж буй маргаан нь улс төрийн намыг бүртгэх тухай бус нэгэнт бүртгэгдсэн намыг сонгуульд оролцохтой холбоотой асуудал байгаа болно. Харин Европын хүний эрхийн шүүхийн шийдвэрүүдийг судлан үзэхэд, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг хамгаалж, баталгаажуулсан шийдвэрүүд зонхилж байх ба эдгээр нь Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын Пактын 22 болон Хүний эрхийн тухай Европын конвенцийн 11 дүгээр зүйлийг үндэслэж, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг зөвхөн үндэсний болон нийгмийн аюулгүй байдал, нийгмийн дэг журам, хүн амын эрүүл мэнд, ёс суртахуун, бусдын эрх, эрх чөлөөг хамгаалах эрх ашгийн үүднээс хуульд зааснаар хязгаарлалт тавьж болно; үүнээс өөр хязгаарлалтыг зөвхөн гарцаагүй бөгөөд үндэслэлтэй учир шалтгаан байгаа тохиолдолд хэрэглэнэ; уг хязгаарлалт нь тавьж буй хууль ёсны зорилгод дүйцэхүйц байхаас гадна нөхцөл байдалд нийцсэн, энэ талаарх нотолгоотой байх хэрэгтэй талаар тусгасан байна.

Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн түүхчилсэн судалгаанаас үзэхэд өмнө хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулиудад улс төрийн нам, эвсэл сонгуульд оролцох тохиолдолд ийнхүү тухайлан хагас жилээс доошгүй хугацааны өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байх тухай зохицуулалтыг тусгаагүй байх ба 1992 оны Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд "Нам сонгуульд оролцохоо санал авах өдрөөс 65 хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд бичгээр илэрхийлж, албан ёсоор бүртгүүлнэ. 2005, 2011 оны хуульд сонгууль товлон зарласан өдрөөс өмнө Улсын дээд шүүхэд бүртүүлсэн нам сонгуульд оролцох эрхтэй байхаар заасан байсныг дурдах нь зүйтэй байна.

3. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр гаргасан дүгнэлт, мөн оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан 03 дугаар тогтоолдоо "Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгууль товлон зарлагдсан тохиолдолд тухайн сонгуульд нэр дэвших, улмаар төрийн байгууллагад сонгогдох эрхийг хэрэгжүүлэх хууль зүйн боломжийг хууль тогтоогч бүрэн бүрдүүлээгүй" гэж, "сонгуулийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох тулгамдсан асуудал байгааг дурдах нь зүйтэй" гэж, мөн "Хууль тогтоомжийг боловсронгуй болгох, сонгогч, сонгогдогч иргэдийн эрхийг тэгш хангаж холбогдох заалтыг өөрчлөх эрх нь хууль тогтоогчид байгаа" талаар тус тус тухайлан тусгаж Улсын Их Хуралд уламжилж байсан болно.

Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх үүргийг төр иргэнийхээ өмнө хүлээж байгаа юм.

Гэтэл Монгол Улсын Их Хурал нь Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг товлон зарлах шийдвэрийг 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдөр гаргахдаа Үндсэн хуульт ёс, ардчилсан эрх зүйт төрийн суурь үзэл баримтлалд нийцүүлэн Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх үүргийнхээ дагуу тухайн сонгуульд оролцох улс төрийн намын тэгш байдлыг хангах ёстой атал тэгш бус байдлыг бий болгосон, сонгогч, сонгогдогч иргэдэд үндэслэлгүй ялгаварлал бий болгосон сонгуулийн хуулийн хийдэл, дутагдлыг арилгахгүйгээр "Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай" 22 дугаар тогтоолыг батлан гаргажээ.

Дээр дурдсан үндэслэл, нөхцөл байдлаас үзэхэд Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг, түүнчлэн Монгол Улсын Их Хурал 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдөр "Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай" 22 дугаар тогтоол батлан гаргаснаар Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтад "... Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах ...-ыг хориглоно. ...", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.", Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Үндсэн хуульд ... төрийн байгууллагын бусад шийдвэр ... бүрнээ нийцсэн байвал зохино." гэж заасныг зөрчиж, улмаар Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Ардчилсан ёс, шударга ёс, ... тэгш байдал, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад "... Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ..." гэж заасныг зөрчигдөх нөхцөл бүрдүүлсэн байна.

4. Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт "Ээлжит сонгуулийн санал авах өдрийг санал авах өдрөөс 150-иас доошгүй хоногийн өмнө тогтооно." гэж хуульчилжээ. Харин тус хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт "Нөхөн сонгуулийн санал авах өдөр нь жил бүрийн зургадугаар сарын сүүлийн Ням гараг болон аравдугаар сарын эхний Ням гараг байх ба улс даяар нэгдсэн журмаар явагдана." хэмээн заасан боловч Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийн санал авах өдрийг зарлах шийдвэрийг хэзээ гаргах талаар уг хуульд тусгайлан хуульчлаагүй байна. Гэтэл сонгуулийн эрх зүй нь Үндсэн хуулийн эрх зүйн бусад институттэй харьцуулахад процессын хэм хэмжээ ихээр агуулдаг онцлогтой бөгөөд сонгуулийн үйл явцын үе шат бүрийн эхлэх, дуусгавар болох хугацааг нарийвчлан тогтоосон байхыг шаарддаг. Ийнхүү тогтоогоогүй тохиолдолд нийтийн эрх зүйн зарчмын дагуу ерөнхий зохицуулалтыг удирдлага болгох учиртай. Иймд уг зарчмын хүрээнд Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийн санал авах өдрийг санал авах өдрөөс 150-иас доошгүй хоногийн өмнө тогтоохоор байна.

Үүнээс үзэхэд Монгол Улсын Их Хурал нь Сонгуулийн тухай хуулийн дээр дурдсан зохицуулалтыг зөрчиж, 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдөр 22 дугаар тогтоол гарган 148 хоногийн өмнө Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгуулийн санал авах өдрийг тогтоосон байна. Ийнхүү Улсын Их Хурлын 2019 оны 22 дугаар тогтоол нь холбогдох хуулийн заалтад үл нийцсэн байх тул Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн." гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

5. Монгол Улсын Их Хурал 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 22 дугаар тогтоолоор Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарласан бөгөөд үүнтэй уялдуулан мөн өдрийн 23 дугаар тогтоолоороо тус сонгуулийг зохион байгуулахтай холбоотой зардлын хэмжээг тогтоож, уг зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Монгол Улсын Засгийн газарт даалгасан байна.

Харин Сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.14 дэх заалтад Улсын Их Хурлын нөхөн сонгуулийн зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэхээр хуульчилжээ. Мөн Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлд "Засгийн газрын тодорхой чиг үүрэг, зорилтыг санхүүжүүлэх зорилгоор улсын нэгдсэн төсвөөс төвлөрүүлсэн хөрөнгө, түүнчлэн уг арга хэмжээнд зориулан олгосон хандив, буцалтгүй тусламжийн орлогыг Засгийн газрын тусгай сан…" гэж тодорхойлоод, тус хуулийн 8 дугаар зүйлд "Засгийн газрын нөөц сан"-аас төсөв батлахаас өмнө урьдчилан харах боломжгүй тодорхой хэдэн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэхээр зохицуулжээ. Харин Сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт "Нөхөн сонгуулийн санал авах өдөр нь жил бүрийн зургадугаар сарын сүүлийн Ням гараг болон аравдугаар сарын эхний Ням гараг байх ба улс даяар нэгдсэн журмаар явагдана." гэж заасан ба мөн Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуультай холбоотой Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр гарсан зэргээс үзэхэд уг нөхөн сонгуулийг 2019 онд явуулах нь тодорхой байсан юм. Үүнээс үзэхэд Монгол Улсын Их Хурлын 2019 оны 23 дугаар тогтоолын 2 дахь заалтад "Энэ тогтоолын 1 дэх заалтад заасан улсын төсвөөс санхүүжүүлэх зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай" гэсэн нь дээрх хуулиудын зохицуулалтад үл нийцжээ. Улмаар Улсын Их Хурлын 23 дугаар тогтоолын 2 дахь заалт Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн." гэж заасныг зөрчсөн байна.

6. Ээлжит сонгуультай харьцуулахад нөхөн сонгууль нь баримтлах зарчмын хувьд ижил боловч сонгуулийн үйл явцын хугацаа болон холбогдох процедурын хувьд онцлог, ялгаатай. Гэтэл энэхүү онцлог байдлыг хууль тогтоогч харгалзан үзэхгүйгээр 2015 онд Сонгуулийн тухай хуулийг баталсан байна. Тодруулбал, уг хуульд нөхөн сонгуультай холбоотой зохицуулалтыг нарийвчлан тусгаагүй, хийдэлтэй, эсхүл нийтлэг байдлаар хуульчилсан нь иргэдээс Үндсэн хуулийн цэцэд удаа дараа хандах, улмаар сонгуулийн талаарх хэм хэмжээ, шийдвэрүүд хүчингүй болох үр дагаврыг бий болгож байна. Иймд сонгуулийн тухай хууль тогтоомжийг батлан гаргахдаа нөхөн сонгуульд холбогдох зохицуулалтыг нарийвчлан хуульчлах нь Үндсэн хуулийн үнэт зүйл болон ардчилал, парламентат ёсыг бэхжүүлэх, улмаар Үндсэн хуульт ёсыг хамгаалах, Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой болно.

Мөн энэхүү дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт дурдсан судалгаа, үндсэн хуулийн болон сонгуулийн эрх зүйн онол, номлолоос үзэхэд аливаа нөхөн сонгуулийн талаарх зохицуулалтыг хуульчлах болон нөхөн сонгууль товлон зарлах шийдвэр гаргахдаа тухайн улсын төрийн байгууламж, мандатын хэв шинж (императив, эсхүл чөлөөт), парламентын орон гарсан гишүүний бүрэн эрхийн хугацаа, парламентын өөрийнх нь бүрэн эрхээ хэрэгжүүлж болохуйц бүрэлдэхүүний тоо зэргийг үндэслэж, улс орны эдийн засгийн болон төрийн тогтвортой байдал, улс төр дэх авлига, дарамт шахалтаас ангид байх асуудал гэх мэт хүчин зүйлийг харгалздаг байна. Тухайлбал, өмнө хүчин төгөлдөр үйлчилж байсан Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиудад (1992, 2005, 2011 он) орон гарсан Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусахад нэг жил хүрэхгүй хугацаа үлдсэн бол нөхөн сонгууль явуулахгүй байхаар нарийвчлан тусгасан байжээ. Харин Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуульд энэ талаарх зохицуулалтыг орхигдуулан хуульчилсан байна. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Хоёрдугаар зүйлд Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл улс болохыг тогтоож, Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална." гэж зааж Улсын Их Хурлын гишүүн нь императив бус чөлөөт мандаттай болохыг тодорхойлсон.

Үүний зэрэгцээ тус хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.", Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт "Улсын Их Хурлын тухайн бүрэн эрхийн хугацаанд Улсын Их Хурлын гишүүн нас барсан, хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдсөн, эсхүл бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн, эгүүлэн татсаны улмаас орон гарсан боловч нөхөн сонгууль явагдаагүй тохиолдолд Улсын Их Хурлын 57-оос доошгүй гишүүний бүрэн эрх хүчинтэй байвал Улсын Их Хурлыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх бүрэлдэхүүнтэйд тооцно." хэмээн заасанд нийцүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1. Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн "Санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам Улсын Их Хурлын сонгуульд оролцож, нэр дэвшүүлэх эрхтэй.", 12.3 дахь хэсгийн "Эвсэлд нэгдсэн бүх нам санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байх шаардлагыг хангасан байна." гэсэн заалт, Монгол Улсын Их Хурлын 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн "Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай" 22 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Ардчилсан ёс, шударга ёс, тэгш байдал ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Арван зургадугаар зүйлд "Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ:" гээд мөн зүйлийн 9 дэх заалтад "... Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ...", мөн зүйлийн 10 дахь заалтад "... Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах ...-ыг хориглоно. ...", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ...", Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Үндсэн хуульд хууль, ... төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино." гэж заасныг тус тус зөрчсөн байна.

2. Монгол Улсын Их Хурлын 2019 оны 2 дугаар 02-ны өдрийн "Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай" 23 дугаар тогтоолын 2 дахь заалтад "Энэ тогтоолын 1 дэх заалтад заасан улсын төсвөөс санхүүжүүлэх зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай" гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн." гэж заасныг зөрчсөн байна.

3. Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 22, 23 дугаар тогтоол тус тус Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

4. Монгол Улсын Их Хурлын 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн "Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай" 49 дүгээр тогтоол Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1, Хорин нэгдүгээр зүйлийн 1, 2, Хорин гуравдугаар зүйлийн 1, 2, Хорин есдүгээр зүйлийн 2, 3, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг зөрчөөгүй байна.

5. Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн "Санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам Улсын Их Хурлын сонгуульд оролцож, нэр дэвшүүлэх эрхтэй.", 12.3 дахь хэсгийн "Эвсэлд нэгдсэн бүх нам санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байх шаардлагыг хангасан байна." гэсэн заалтыг болон Монгол Улсын Их Хурлын 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 22, 23 дугаар тогтоолыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тус тус түдгэлзүүлсүгэй.

6. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ДАРГАЛАГЧ Д.ОДБАЯР

ГИШҮҮД Н.ЧИНБАТ

Д.СОЛОНГО

Б.БУЯНДЭЛГЭР

Ц.НАНЗАДДОРЖ