Хэвлэх DOC Татаж авах
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2019 оны 03 сарын 22 өдөр
Төрийн ордон,Улаанбаатар хот

Энэ хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

1 дүгээр зүйл.2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө татварын хууль тогтоомж зөрчсөн хүн, хуулийн этгээдэд оногдуулсан шийтгэл хэвээр үйлчилнэ. 

2 дугаар зүйл.2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулиар хяналт шалгалтад хамааруулахаар хуваарьт оруулсан боловч 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-иар эрсдэлтэйд тооцохгүй болсон татвар төлөгчийг хяналт шалгалтад хамааруулахгүй.

3 дугаар зүйл.2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулиар хяналт шалгалтыг эхлүүлсэн бол уг хяналт шалгалтыг 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн дагуу үргэлжлүүлэн, хянан шийдвэрлэнэ.

4 дүгээр зүйл.2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө.

5 дугаар зүйл.2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу тогтоосон татварын зөрчилд холбогдох шийтгэлийн хуудастай холбоотой гомдлыг татварын маргаан таслах зөвлөл 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-д заасны дагуу хянан шийдвэрлэнэ.

6 дугаар зүйл.2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжсэн татварын өрийг татварын алба хураана.

7 дугаар зүйл.2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө үүссэн татварын хяналт шалгалттай холбоотой татварын хөөн хэлэлцэх хугацааг тоолох, хугацааны тасалдлыг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-д заасны дагуу тогтооно.

8 дугаар зүйл.Энэ хуулийн 3, 4 дүгээр зүйлд заасан татварын харилцааг зохицуулж дуусах хүртэлх хугацаанд 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө.

9 дүгээр зүйл.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсантай холбогдуулан 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн этгээд нь тухайн хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөрт багтаан хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлнэ.

10 дугаар зүйл.Энэ хуулийг Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Г.ЗАНДАНШАТАР