- Нүүр
- Эрх зүйн акт
- Эрх зүйн акт дэлгэрэнгүй
Текст томруулах
A
A
A
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ
2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Дугаар А/504 Улаанбаатар хот
ЦАГИЙН ХЯЗГААР ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-гийн “ж”, 29.2, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг хавсралт ёсоор баталсугай.
2.Сар бүрийн 01-ний өдрийн 00:00 цагаас 02-ны өдрийн 00:00 цаг хүртэлх хугацаанд Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосугай.
3.Тогтоосон цагийн хязгаарыг мөрдүүлж, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/, Нийслэлийн Цагдаагийн газар /Д.Ядамдорж/, дүүргийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
4.Захирамжийн хэрэгжилтийг зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/-нд, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд сурталчлахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс /Ц.Мөнхбаатар/-т тус тус даалгасугай.
5.Энэхүү захирамжийг холбогдох хууль, журмын дагуу Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс /А.Даваажаргал/-т даалгасугай.
6.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2015 оны “Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээний газруудын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг түр тогтоох тухай“ А/609, 2019 оны “Захирамжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” А/398 дугаар захирамжийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ С.АМАРСАЙХАН
/Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1174 дүгээр захирамжаар өөрчлөлт орсныг тусгав/