A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 06 сарын 12 өдөр

Төрийн ордон,Улаанбаатар хот

Дугаар 66

/Энэ тогтоолыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/

Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 02 дугаар дүгнэлтийн тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн "Санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам Улсын Их Хурлын сонгуульд оролцож, нэр дэвшүүлэх эрхтэй.", 12.3 дахь хэсгийн "Эвсэлд нэгдсэн бүх нам санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байх шаардлагыг хангасан байна." гэсэн заалт, Монгол Улсын Их Хурлын 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн "Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай" 22 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Ардчилсан ёс, шударга ёс, тэгш байдал ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Арван зургадугаар зүйлд "Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ:" гээд мөн зүйлийн 9 дэх заалтад "... Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ...", мөн зүйлийн 10 дахь заалтад "... Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах ...-ыг хориглоно. ...", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ...", Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Үндсэн хуульд хууль, ... төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино." гэснийг зөрчсөн байна." гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.

2."Монгол Улсын Их Хурлын 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн "Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай" 23 дугаар тогтоолын 2 дахь заалтад "Энэ тогтоолын 1 дэх заалтад заасан улсын төсвөөс санхүүжүүлэх зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай." гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн." гэснийг зөрчсөн байна." гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР