A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн зарим хэсэг, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ

2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 03

Улаанбаатар хот

Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн зарим хэсэг, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 14.40 цаг.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Чинбат даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Ш.Цогтоо, Д.Солонго, Ш.Солонго, Ц.Нанзаддорж /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн С.Баярмаа болон Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нар оролцов.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалт Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Тавдугаар зүйлийн 4, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Нэг. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны оршин суугч иргэн С.Баярмаа Үндсэн хуулийн цэцэд хандан дараах агуулга бүхий мэдээллийг ирүүлжээ. Үүнд:

"2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр өөрчлөн найруулсан Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт "Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд болон Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө.", 47.3 дахь хэсэгт "Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр дараахь хэмжээтэй байна:" гээд 47.3.1 дэх заалтад "дотоодод борлуулж байгаа нүүрсний нөөц ашигласны төлбөр тухайн уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 2,5 хувьтай тэнцүү,", 47.3.2 дахь заалтад "Энэ хуулийн 47.1.3-т зааснаас бусад төрлийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн доод хэмжээ нь тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5,0 хувь, Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд тушаасан алтанд ногдох энэ хуулийн 47.5-д заасан нэмэлт төлбөрийн хэмжээ 0 хувьтай тэнцүү.", 47.4 дэх хэсэгт "Тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч энэ хуулийн 47.3.2-т заасан хувь дээр мөн хуулийн 47.5-д заасан хувийг нэмсэн дүнгээр тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулна.", 47.5 дахь хэсэгт "Энэ хуулийн 47.4-т заасан нэмэлт төлбөрийн хувийг дараахь байдлаар тодорхойлно:" гээд 47.5 дахь хэсгийн 47.5.11 дэх заалтад "Боловсруулаагүй нүүрс Зах зээлийн үнийн түвшин 0-25 ам доллар хүртэл бол хүдэрт 0.00 хувь, 25-50 ам.доллар хүртэл бол хүдэрт 1.00 хувь, 50-75 ам.доллар хүртэл бол хүдэрт 2.00 хувь, 75-100 ам.доллар хүртэл бол хүдэрт 3.00 хувь, 100-125 ам.доллар хүртэл бол хүдэрт 4.00 хувь, 125 ам.доллар ба түүнээс дээш бол хүдэрт 5.00 хувиар,", 47.5.12 дахь заалтад "Баяжуулсан нүүрс (хуурай болон нойтон аргаар технологийн боловсруулалт хийсэн) Зах зээлийн үнийн түвшин 0-100 ам.доллар хүртэл бол баяжмалд 0.00 хувь, 100-130 ам.доллар бол баяжмалд 1.00 хувь, 130-160 ам.доллар хүртэл бол баяжмалд 1.50 хувь, 160-190 ам.доллар хүртэл бол баяжмалд 2.00 хувь, 190-210 ам.доллар хүртэл бол баяжмалд 2.50 хувь, 210 ам.доллар ба түүнээс дээш бол баяжмалд 3.00 хувиар,", 47.5.13 дахь заалтад "Эцсийн бүтээгдэхүүн (хагас кокс, кокс, хий, шингэн түлш, нүүрс-химийн бүтээгдэхүүн) Зах зээлийн үнийн түвшин 0-160 ам.доллар хүртэл бол бүтээгдэхүүнд 0.00 хувь, 160-190 ам.доллар хүртэл бол бүтээгдэхүүнд 0.50 хувь, 190-210 ам.доллар хүртэл бол бүтээгдэхүүнд 1.00 хувь, 210-240 ам.доллар хүртэл бол бүтээгдэхүүнд 1.50 хувь, 240-270 ам.доллар хүртэл бол бүтээгдэхүүнд 2.00 хувь, 270 ам.доллар ба түүнээс дээш бол бүтээгдэхүүнд 2.50 хувиар" гэж тус тус заасан байна.

Ашигт малтмалын тухай хуульд орсон дээрх өөрчлөлтүүд нь Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцээгүй иргэд, аж ахуйн нэгж байгууллагын эдийн засагт дарамт учруулсан, давхар татвар ногдуулсан, үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлийг хаасан, нийгмийн эдийн засгийн хөгжилд саад учруулсан зэрэг сөрөг үр дагавруудыг бий болгох бодит нөхцөлийг үүсгээд байна.

Мөн маргаж буй зүйлүүд нь Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчөөд зогсохгүй Татварын ерөнхий хуультай зөрчилдөж байгаа тул хуулийг нэг мөр, зөв ойлгон хэрэглэх үүднээс уг зүйлүүд нь Үндсэн хуульд нийцэж буй эсэхэд дүгнэлт гаргуулж иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг хуулийн төөрөгдөлд орох, давхар татвар төлөх эрсдэлээс сэргийлэх зүй ёсны хэрэгцээ шаардлага үүсч байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Төр нь, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэж зааснаас үзвэл төр нь эдийн засгийн зөв бодлого баримталж нийгмийн хөгжлийг хангах, аж ахуй нэгж байгууллагыг үйл ажиллагаа явуулахад нь эдийн засгийн таатай орчин бүрдүүлэх бодлого баримталж, эх орондоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бүтээн байгуулалтыг дэмжиж өгөх ёстой гэсэн утга санааг илэрхийлсэн. Гэтэл Ашигт малтмалын тухай хуульд орсон маргаж буй нэмэлт, өөрчлөлтүүд нь Үндсэн хуулийн дээрх заалтуудыг бүхэлд нь зөрчиж иргэд, аж ахуй нэгжийг давхар татварын дарамтанд оруулж, нэг бүтээгдэхүүнд хэд хэдэн татвар ногдуулж, үйл ажиллагаагаа хэвийн явуулах, хөгжих боломжийг хааж эдийн засгийн алдагдалд оруулах бодит нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн хүчингүй болсон өмнөх заалтад Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй этгээд нь олборлосон бүтээгдэхүүндээ ашигт малтмал ашигласны төлбөр төлдөг байсан бол хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээдүүд бүгд тухайн бүтээгдэхүүний хувьд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байхаар тусгасан нь хуулийн алдааг бий болгосон.

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, байгууллага нь шинээр батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.3, 7.3.6 дахь заалтад заасан хоёр төрлийн татварыг давхар төлөх бодит нөхцөл байдал бий болоод зогсохгүй худалдахаар ачуулсан гэсэн үндэслэлээр дахин нэмж татвар төлөхөөр болсон. Татварын ерөнхий хуульд зааснаар Монгол Улсын татвар нь албан татвар, хураамж, төлбөрөөс бүрдэнэ гэж зааснаас үзвэл татвар, төлбөр гэдэг нь хоёулаа татвар юм. Иймд нэг бүтээгдэхүүнээс улс үндсэндээ дөрвөн татварыг авч байна.

Байгалийн баялгийг олборлосон аж ахуйн нэгжээс ашигт малтмал ашигласны төлбөр аваад түүнийг нь боловсруулсан, ашигласан аж ахуй нэгжээс мөн ашигт малтмал ашигласны төлбөр авч худалдахаар ачуулсан этгээд дахин нэмж ашигт малтмал ашигласны төлбөр төлөхөөр болж байгаа нь нэг бүтээгдэхүүнээс гурван хэлбэрээр төлбөр авч мөн дээрээс нь нэмэгдсэн өртгийн албан татвар гээд нийт дөрвөн төрлийн татварыг авч байна. Үүнээс үзэхэд ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан аж ахуйн нэгжүүд нь нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөөд зогсохгүй ашигласан, худалдахаар ачуулсан гэсэн гурван төрлийн төлбөрийг төлөх нөхцөлийг бүрдүүлж байгаа нь хэт шударга бус байна.

Тэгэхээр Монгол Улсад байгалийн баялгийг боловсруулж нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн бий болгох нэг ч аж ахуй нэгж байхгүй болж уул уурхайн салбар хөгжихгүй байгалийн баялаг эх орондоо үлдэхгүй, эдийн засгийн ямар ч үр өгөөжгүйгээр түүхийгээр хямд өртгөөр экспортод гарсан хэвээр байх дүр зураг харагдаж байна.

Монгол Улс нь байгалийн баялаг ихтэй эдийн засаг нь уул уурхайн салбартай салшгүй холбоотой учир дээрх Үндсэн хууль зөрчсөн зөрчлийг арилгахгүйгээр уул уурхайн салбарыг хөгжүүлэх, дотооддоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ямар ч боломжгүй гэж үзэж байна." гэжээ.

Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

"... Энэ өөрчлөлт нь алтны ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид олборлосон алтаа хувь хүн, бичил уурхайн нэр дээр банканд тушааж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс зайлсхийдэг зөрчлийг арилгах зорилготой юм.

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 220 дугаар тогтоолоор нүүрсэнд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг зөвхөн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчээс авахаар зохицуулсан байгаа.

Мэдээлэл гаргагч мэдээлэлдээ "Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.3, 7.3.6-д заасан хоёр төрлийн татварыг давхар төлөх бодит нөхцөл байдал бий болсон" тухай дурджээ. Давхар татварын тухай асуудал нь нэг этгээдэд нэг татварыг дахин ногдуулахгүй тухай ойлголт бөгөөд бодит байдал дээр олон улс хооронд үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд, хувь хүнд тулгардаг асуудал юм. Тухайлбал, аль нэг улсад үйл ажиллагаа эрхлэн олсон орлогодоо татвар төлсөн этгээд өөрийн харьяалал бүхий улс оронд дахин тус татварыг төлөх асуудал үүсдэг. Иймээс тухайн этгээдийн эдийн засгийн эрх, эрх чөлөөг хангах, өөрийн улсын эдийн засгийн хөгжлийг дэмжих зэрэг олон шалтгааны улмаас тодорхой улс орнууд хоорондоо Давхар татварын асуудлыг зохицуулах тухай олон улсын гэрээ байгуулдаг.

Харин орлогын албан татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, нэмэгдсэн өртгийн албан татвар зэрэг нь давхар татварын асуудал биш бөгөөд татварын бүтцэд багтдаг төрөл бүрийн төлбөрүүдийн нэг хэсэг юм. Татварыг дотор нь ингэж төрөлжүүлэн салгахын гол ач холбогдол нь төрөөс эдийн засгийн аливаа харилцааг зохицуулах, хянах зорилгоо татварын бодлогоор дамжуулан хэрэгжүүлэх явдал. Жишээлбэл, Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.", 2 дахь хэсэгт "Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн." гэж заасан байдаг. Эрдэс баялгийнхаа ашиглалтаас ард түмэндээ хүртээх асуудлыг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төвлөрүүлэн нийгмийн үйлчилгээнд зарцуулах байдлаар хэрэгжүүлдэг. Харин нэмэгдсэн өртгийн албан татвар бол аливаа бараа, ажил, үйлчилгээний эцсийн хэрэглээнд татвар оноох буюу шууд бус татваруудын үр ашгийг сайжруулах зорилготой бөгөөд татварын бодлогын хэрэгжилтийг хянах зорилготой төрийн зохицуулалтын нэг арга хэрэгсэл юм.

Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4, 47.5-д заасан ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөрийн хувь хэмжээ бол тухайн ашигт малтмалд оноож байгаа давхар татвар биш бөгөөд тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг нэмэх буюу бууруулах тухай асуудал юм." гэжээ.

Гурав. Мэдээлэл гаргагч С.Баярмаа Үндсэн хуулийн цэцэд гаргасан мэдээллийнхээ нэмэлт тайлбартаа:

"Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах үндэслэл, шаардлагад ашигт малтмалын зэрэгцээ Монголбанканд тушааж буй алтны хэмжээг бууруулахгүй, улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх, татварын суурийг өргөжүүлэх зорилгоор "Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийг боловсруулна." гэж тайлбарласан байдаг.

Гэтэл татварын суурийг өргөжүүлэх, тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй хувь хүн, бичил уурхай, баяжуулах үйлдвэр эрхлэгчдийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх, тайлагнах, бүртгэлжүүлэх боломжийг бүрдүүлэх зорилготой хуулийн нэмэлт, өөрчлөлт нь нэг бүтээгдэхүүнд өссөн дүнгээр гурван удаагийн төлбөр тооцох бодит нөхцөлийг бүрдүүлсэн байгаа нь Үндсэн хуульд заасан төр нь аж ахуйн бүх хэвшлийн хөгжлийг хангах эдийн засгийн бодлогыг баримтална гэснийг зөрчиж аж ахуйн үйл ажиллагаанд татварын бодлогоор дарамт учруулсан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг хаасан зохицуулалт болсон гэж үзэж байна.

Мөн хууль тогтоогчийн зүгээс Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн үзэл баримтлалдаа энэ хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт нь төр, иргэд, аж ахуйн нэгж байгууллагын хүсэл сонирхолд бүрэн нийцсэн" гэж худал мэдээлэл оруулж ямар нэг иргэн, аж ахуйн нэгжээс санал аваагүй, хүсэл сонирхлыг нь тусгаагүй, эдийн засгийн тооцоо судалгаагүй асуудлыг оруулсан.

Мөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зорилго нь зөвхөн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь олборлосон алтаа хувь хүн, бичил уурхайн нэр дээр банканд тушааж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс зайлсхийдэг зөрчлийг арилгах зорилготой гэж тодорхойлж алтны асуудлыг Байнгын хороодын хуралдаан, нэгдсэн хуралдаанаараа ярьсан байдаг хэдий ч эцсийн нэмэлт, өөрчлөлт нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь гурван этгээд байхаар зохицуулж Үндсэн хуулийн, үзэл баримтлалаа зөрчиж шийдвэрлэсэн байдаг.

Ашигт малтмалын тухай хуулийн маргаан бүхий зохицуулалтын өмнө хэрэгжиж байсан агуулгаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөө төлсөн тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдээс ашигт малтмал худалдан авсан этгээд нь энэ төлбөрийг дахин төлдөггүй байсан бөгөөд шинэ хуулиар ашигт малтмалын нөөц биш бүтээгдэхүүн болсон хэдий ч нөөц ашигласны төлбөр төлөхөөр зохицуулсан нь Үндсэн хуулийг зөрчиж байна.

Хэрэв тухайн бүтээгдэхүүнийг байгалиас нь олборлосон хэвээр буюу түүхий хэвээр нь цааш дамжуулан худалдаж ашиг олж байгаа бол энэхүү хуулийн нэмэлт зохицуулалт нь шударга байх хэдий ч тухайн бүтээгдэхүүнийг боловсруулан нэмүү өртөг шингээж эцсийн бүтээгдэхүүн болгон гаргаж байгаа явдал нь хоёр өөр ойлголт бөгөөд хууль санаачлагч нар үүнийг нарийн ялгаж үзэлгүй эдийн засагт нэмэр болох, татварын суурийг өргөжүүлэх гэсэн санаагаар үйлдвэрлэгчдийг татварын дарамтад оруулахаар хуулийн зохицуулалт хийсэн байна.

Мөн үйлдвэрлэгч нь худалдан авагч болохоос биш тусгай зөвшөөрөлтэй газрын байгалийн баялгийг цааш нь дамжуулан худалддаг газар биш бөгөөд дээр дурдсанчлан хоёр өөр ойлголт юм.

Үйлдвэрлэгчид нь Ашигт малтмалын тухай хуулийн дагуу ашигт малтмалын нөөцийг газрын хэвлийгээс олборлодоггүй учир ашигт малтмалын нөөц ашигласан гэж үзэх боломжгүй юм.

Энэхүү хууль нь цаашид Монгол Улсад байгалийн баялгийг эх орондоо нэмүү өртөг шингээж эцсийн бүтээгдэхүүн болгож олон улсын зэх зээлд гаргах үйлдвэрлэлийг хөгжүүлэхгүй, үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрлэгчдийг татварын бодлогоор дарамталсан, үйл ажиллагааг нь боомилсон бөгөөд улмаар энэ салбар цаашид хөгжих боломжгүй болох эрсдэлт нөхцөлийг бүрдүүлж байгалийн баялгаа өөрсдөөсөө харамлаж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг хааж, түүхийгээр нь хямд үнээр гадаадын улс оронд гаргаж их хэмжээний алдагдалд орох маш том эрсдэл, эдийн засгийн хохирол амсах бодит нөхцөл байдал энэхүү хуулийн зохицуулалтын цаана нуугдаж байна.

Энэ нь Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Төр нь .., аж ахуйн бүх хэвшлийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ..." гэснийг зөрчсөн.

Шинээр батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт "Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд болон Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө." гэж заасны дагуу нэг бүтээгдэхүүнд улс гурван газраас нэг төрлийн төлбөрийг авч байгаа нь хэт шударга бус болсон ба нэг хуулийн этгээд ашигласан, худалдахаар ачуулсан гэх үндэслэлээр хоёр удаа ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөхөөр зохицуулагдсан гэж ойлгогдож энэ нь хуулийн үзэл баримтлал болон Монгол Улсын Үндсэн хууль, Татварын ерөнхий хуультай зөрчилдсөн байгаа юм." гэсэн байна.

Дөрөв. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны явцад:

Иргэн С.Баярмаа Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн зарим хэсэг, заалт Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн." гэж заасныг зөрчсөн гэж шаардлагаа ихэсгэж, харин Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн "… Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд …" гэсэн заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн шаардлагаасаа татгалзсан болно.

Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ашигт малтмалын тухай хуулийн дээрх зохицуулалтын агуулга мэдээлэл гаргагчийн тайлбарлаж байгаагаас өөр, давхардуулан төлбөр авах агуулгагүй зохицуулалт юм. Гэхдээ амьдрал дээр ийнхүү ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг давхардуулан авч байгаа, мөн дотоодын үйлдвэрлэгч нарт сөрөг үр дагаврыг үүсгэж байгаа бол эргэн харах ёстой асуудал байна гэсэн тайлбарыг хийлээ.

ҮНДЭСЛЭЛ:

1. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна." гэж заасан.

Энэ хүрээнд Улсын Их Хурал Монгол Улсын эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх, улсын хөгжлийн тогтвортой байдлыг хангахад тодорхой нөлөө үзүүлдэг ашигт малтмал буюу эрдэс баялгийн салбарын бодлогыг тодорхойлон холбогдох хууль тогтоомжийг баталсан бөгөөд 2014 оны 18 дугаар тогтоолоор "Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого", Монгол Улсын Их Хурлын 2016 оны 19 дүгээр тогтоолоор "Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030" зэргийг батлан гаргажээ.

Монгол Улсын Их Хурлаас баталсан "Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого"-ын 1.2-д "Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын зорилго нь ... ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруулалтын чанарыг дээшлүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг бэхжүүлэхэд оршино." гэж, "Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030"-д Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтын "Эдийн засгийн тогтвортой хөгжил" гэсэн 2.1-д "... аж үйлдвэр, түүний дотор ... уул уурхайн олборлох салбарын хөгжилд тэргүүлэх ач холбогдол өгч ... хөгжүүлнэ." гэж заасан байна. Түүнчлэн, дээрх шийдвэрүүдээс гадна Улсын Их Хурал, Засгийн газар, Ерөнхийлөгч болон холбогдох эрх бүхий этгээдээс баталсан 30 орчим шийдвэрт нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх дотоодын үйлдвэрлэлийг дэмжих талаарх зохицуулалтыг тусгасан байдаг.

Мөн энэ талаарх зохицуулалтыг Ашигт малтмалын тухай хууль болон холбогдох хуулиудад тусгайлан хуульчилжээ. Тухайлбал, Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.11 дэх хэсэгт "Олборлосон, баяжуулсан, хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа боловсруулах үйлдвэрт тэргүүн ээлжинд, зах зээлийн үнээр нийлүүлнэ." гэсэн байна.

2. Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж тус хуулийн "Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр" гэсэн 47 дугаар зүйлд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулжээ.

Ингэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг "Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд болон Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө." хэмээн өөрчлөн найруулсан байна.

Ийнхүү өөрчлөн найруулахдаа өмнө зөвхөн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлдөг байсныг ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд бүр төлдөг байхаар хуульчилжээ. Тодруулбал, ашигт малтмал ашигласны төлбөр гэх нэг төрлийн төлбөрийг тухайн ашигт малтмалыг олборлож, худалдаж байгаа этгээдээс гадна түүнийг худалдан аваад ашигт агуулгыг нэмэгдүүлж, баяжуулан нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэгчээс хүртэл давхардуулан авах боломж бий болгосон байна. Энэ нь дотоодын үйлдвэрлэл, аж ахуй эрхлэгч иргэдийг дэмжих агуулгагүй, харин улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангах, түүний тогтвортой байдлыг бий болгох, цаашлаад үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд сөрөг үр дагавар үүсгэх зохицуулалт болсон гэж үзэхээр байна.

Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт "Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд ... нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө." гэсэн зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийн "Төр нь ... аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэсэн заалтад нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Үүнээс үзэхэд уг заалтаас үүдэлтэй Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалт Үндсэн хуулийн дээрх заалтыг зөрчих нөхцөл байдлыг үүсгэжээ.

3. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5.11, 47.5.12 дахь заалтад боловсруулаагүй нүүрсийг хүдэртэй, баяжуулсан нүүрсийг хүдрийн баяжмалтай адилтган ашигт малтмалын ангиллыг буруу тусган нэмэлт төлбөр авахаар зохицуулсан нь хууль зүйн зохицуулалтын зорилго, түүний агуулгатай зөрчилдсөн байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалт зөрчигдөх нөхцөлийг бүрдүүлсэн байна.

Монгол Улсын Их Хурал нь хууль тогтоогчийн хувьд Үндсэн хуульд заасан өөрийн онцгой бүрэн эрхийн хүрээнд үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг сайжруулан өөрчлөх боломжтой юм.

4. Мэдээлэл гаргагч С.Баярмаа хуралдааны явцад Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалт нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн гэж мэдээллийн шаардлагаа ихэсгэсэн боловч энэ талаар хангалттай үндэслэл, нотолгоо гаргаагүй байх тул Үндсэн хуулийн дээрх заалт зөрчигдсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйл, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС

ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн "Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд ... нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө." гэсэн заалт болон мөн зүйлийн 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийн "Төр нь ... аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэснийг тус тус зөрчсөн байна.

2. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн "Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд ... нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө." гэсэн заалт болон мөн зүйлийн 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн." гэж заасныг зөрчөөгүй байна.

3. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн "Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд ... нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө." гэсэн заалт болон мөн зүйлийн 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалтыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус түдгэлзүүлсүгэй.

4. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ДАРГАЛАГЧ Н.ЧИНБАТ

ГИШҮҮД Ш.ЦОГТОО

Д.СОЛОНГО

Ш.СОЛОНГО

Ц.НАНЗАДДОРЖ

МОНГОЛ УЛСЫН

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН

ДҮГНЭЛТ

2019 оны 6 дугаар  сарын 28-ны өдөр                                                                                                                             Дугаар 03                                                                                                                    Улаанбаатар хот   

 Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн

     зарим хэсэг, заалт Үндсэн хуулийн холбогдох

   заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан

   шийдвэрлэсэн тухай

     Үндсэн хуулийн цэцийн хуралдааны

                                                                                                                          танхим 14.40 цаг. 

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Чинбат даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Ш.Цогтоо, Д.Солонго, Ш.Солонго, Ц.Нанзаддорж /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг  оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн С.Баярмаа болон Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нар оролцов.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалт Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Тавдугаар зүйлийн 4, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Нэг. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны оршин суугч иргэн С.Баярмаа Үндсэн хуулийн цэцэд хандан дараах агуулга бүхий мэдээллийг ирүүлжээ. Үүнд:

“2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр өөрчлөн найруулсан Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд болон Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө.”, 47.3 дахь хэсэгт “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр дараахь хэмжээтэй байна:” гээд 47.3.1 дэх заалтад “дотоодод борлуулж байгаа нүүрсний нөөц ашигласны төлбөр тухайн уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 2,5 хувьтай тэнцүү,”, 47.3.2 дахь заалтад “Энэ хуулийн 47.1.3-т зааснаас бусад төрлийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн доод хэмжээ нь тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5,0 хувь, Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд тушаасан алтанд ногдох энэ хуулийн 47.5-д заасан нэмэлт төлбөрийн хэмжээ 0 хувьтай тэнцүү.”, 47.4 дэх хэсэгт “Тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч энэ хуулийн 47.3.2-т заасан хувь дээр мөн хуулийн 47.5-д заасан хувийг нэмсэн дүнгээр тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулна.”, 47.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 47.4-т заасан нэмэлт төлбөрийн хувийг дараахь байдлаар тодорхойлно:” гээд 47.5 дахь хэсгийн 47.5.11 дэх заалтад “Боловсруулаагүй нүүрс Зах зээлийн үнийн түвшин 0-25 ам доллар хүртэл бол хүдэрт 0.00 хувь, 25-50 ам.доллар хүртэл бол хүдэрт 1.00 хувь, 50-75 ам.доллар хүртэл бол хүдэрт 2.00 хувь, 75-100 ам.доллар хүртэл бол хүдэрт 3.00 хувь, 100-125 ам.доллар хүртэл бол хүдэрт 4.00 хувь, 125 ам.доллар ба түүнээс дээш бол хүдэрт 5.00 хувиар,”, 47.5.12 дахь заалтад “Баяжуулсан нүүрс (хуурай болон нойтон аргаар технологийн боловсруулалт хийсэн) Зах зээлийн үнийн түвшин 0-100 ам.доллар хүртэл бол баяжмалд 0.00 хувь, 100-130 ам.доллар бол баяжмалд 1.00 хувь, 130-160 ам.доллар хүртэл бол баяжмалд 1.50 хувь, 160-190 ам.доллар хүртэл бол баяжмалд 2.00 хувь, 190-210 ам.доллар хүртэл бол баяжмалд 2.50 хувь, 210 ам.доллар ба түүнээс дээш бол баяжмалд 3.00 хувиар,”, 47.5.13 дахь заалтад “Эцсийн бүтээгдэхүүн (хагас кокс, кокс, хий, шингэн түлш, нүүрс-химийн бүтээгдэхүүн) Зах зээлийн үнийн түвшин 0-160 ам.доллар хүртэл бол бүтээгдэхүүнд 0.00 хувь, 160-190 ам.доллар хүртэл бол бүтээгдэхүүнд 0.50 хувь, 190-210 ам.доллар хүртэл бол бүтээгдэхүүнд 1.00 хувь, 210-240 ам.доллар хүртэл бол бүтээгдэхүүнд 1.50 хувь, 240-270 ам.доллар хүртэл бол бүтээгдэхүүнд 2.00 хувь, 270 ам.доллар ба түүнээс дээш бол бүтээгдэхүүнд 2.50 хувиар” гэж тус тус заасан байна.

Ашигт малтмалын тухай хуульд орсон дээрх өөрчлөлтүүд нь Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцээгүй иргэд, аж ахуйн нэгж байгууллагын эдийн засагт дарамт учруулсан, давхар татвар ногдуулсан, үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлийг хаасан, нийгмийн эдийн засгийн хөгжилд саад учруулсан зэрэг сөрөг үр дагавруудыг бий болгох бодит нөхцөлийг үүсгээд байна.

Мөн маргаж буй зүйлүүд нь Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчөөд зогсохгүй Татварын ерөнхий хуультай зөрчилдөж байгаа тул хуулийг нэг мөр, зөв ойлгон хэрэглэх үүднээс уг зүйлүүд нь Үндсэн хуульд нийцэж буй эсэхэд дүгнэлт гаргуулж иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг хуулийн төөрөгдөлд орох, давхар татвар төлөх эрсдэлээс сэргийлэх зүй ёсны хэрэгцээ шаардлага үүсч байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Төр нь, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж зааснаас үзвэл төр нь эдийн засгийн зөв бодлого баримталж нийгмийн хөгжлийг хангах, аж ахуй нэгж байгууллагыг үйл ажиллагаа явуулахад нь эдийн засгийн таатай орчин бүрдүүлэх бодлого баримталж, эх орондоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бүтээн байгуулалтыг дэмжиж өгөх ёстой гэсэн утга санааг илэрхийлсэн. Гэтэл Ашигт малтмалын тухай хуульд орсон маргаж буй нэмэлт, өөрчлөлтүүд нь Үндсэн хуулийн дээрх заалтуудыг бүхэлд нь зөрчиж иргэд, аж ахуй нэгжийг давхар татварын дарамтанд оруулж, нэг бүтээгдэхүүнд хэд хэдэн татвар ногдуулж, үйл ажиллагаагаа хэвийн явуулах, хөгжих боломжийг хааж эдийн засгийн алдагдалд оруулах бодит нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн хүчингүй болсон өмнөх заалтад Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй этгээд нь олборлосон бүтээгдэхүүндээ ашигт малтмал ашигласны төлбөр төлдөг байсан бол хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээдүүд бүгд тухайн бүтээгдэхүүний хувьд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байхаар тусгасан нь хуулийн алдааг бий болгосон.

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, байгууллага нь шинээр батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.3, 7.3.6 дахь заалтад заасан хоёр төрлийн татварыг давхар төлөх бодит нөхцөл байдал бий болоод зогсохгүй худалдахаар ачуулсан гэсэн үндэслэлээр дахин нэмж татвар төлөхөөр болсон. Татварын ерөнхий хуульд зааснаар Монгол Улсын татвар нь албан татвар, хураамж, төлбөрөөс бүрдэнэ гэж зааснаас үзвэл татвар, төлбөр гэдэг нь хоёулаа татвар юм. Иймд нэг бүтээгдэхүүнээс улс үндсэндээ дөрвөн татварыг авч байна.

 Байгалийн баялгийг олборлосон аж ахуйн нэгжээс ашигт малтмал ашигласны төлбөр аваад түүнийг нь боловсруулсан, ашигласан аж ахуй нэгжээс мөн ашигт малтмал ашигласны төлбөр авч худалдахаар ачуулсан этгээд дахин нэмж ашигт малтмал ашигласны төлбөр төлөхөөр болж байгаа нь нэг бүтээгдэхүүнээс гурван хэлбэрээр төлбөр авч мөн дээрээс нь нэмэгдсэн өртгийн албан татвар гээд нийт дөрвөн төрлийн татварыг авч байна. Үүнээс үзэхэд ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан аж ахуйн нэгжүүд нь нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөөд зогсохгүй ашигласан, худалдахаар ачуулсан гэсэн гурван төрлийн төлбөрийг төлөх нөхцөлийг бүрдүүлж байгаа нь хэт шударга бус байна.

Тэгэхээр Монгол Улсад байгалийн баялгийг боловсруулж нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн бий болгох нэг ч аж ахуй нэгж байхгүй болж уул уурхайн салбар хөгжихгүй байгалийн баялаг эх орондоо үлдэхгүй, эдийн засгийн ямар ч үр өгөөжгүйгээр түүхийгээр хямд өртгөөр экспортод гарсан хэвээр байх дүр зураг харагдаж байна.

Монгол Улс нь байгалийн баялаг ихтэй эдийн засаг нь уул уурхайн салбартай салшгүй холбоотой учир дээрх Үндсэн хууль зөрчсөн зөрчлийг арилгахгүйгээр уул уурхайн салбарыг хөгжүүлэх, дотооддоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ямар ч боломжгүй гэж үзэж байна.” гэжээ.

Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

“... Энэ өөрчлөлт нь алтны ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид олборлосон алтаа хувь хүн, бичил уурхайн нэр дээр банканд тушааж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс зайлсхийдэг зөрчлийг арилгах зорилготой юм.

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 220 дугаар тогтоолоор нүүрсэнд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг зөвхөн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчээс авахаар зохицуулсан байгаа.

      Мэдээлэл гаргагч мэдээлэлдээ “Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.3, 7.3.6-д заасан хоёр төрлийн татварыг давхар төлөх бодит нөхцөл байдал бий болсон” тухай дурджээ. Давхар татварын тухай асуудал нь нэг этгээдэд нэг татварыг дахин ногдуулахгүй тухай ойлголт бөгөөд бодит байдал дээр олон улс хооронд үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд, хувь хүнд тулгардаг асуудал юм. Тухайлбал, аль нэг улсад үйл ажиллагаа эрхлэн олсон орлогодоо татвар төлсөн этгээд өөрийн харьяалал бүхий улс оронд дахин тус татварыг төлөх асуудал үүсдэг. Иймээс тухайн этгээдийн эдийн засгийн эрх, эрх чөлөөг хангах, өөрийн улсын эдийн засгийн хөгжлийг дэмжих зэрэг олон шалтгааны улмаас тодорхой улс орнууд хоорондоо Давхар татварын асуудлыг зохицуулах тухай олон улсын гэрээ байгуулдаг.

Харин орлогын албан татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, нэмэгдсэн өртгийн албан татвар зэрэг нь давхар татварын асуудал биш бөгөөд татварын бүтцэд багтдаг төрөл бүрийн төлбөрүүдийн нэг хэсэг юм. Татварыг дотор нь ингэж төрөлжүүлэн салгахын гол ач холбогдол нь төрөөс эдийн засгийн аливаа харилцааг зохицуулах, хянах зорилгоо татварын бодлогоор дамжуулан хэрэгжүүлэх явдал. Жишээлбэл, Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.”, 2 дахь хэсэгт “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн.” гэж заасан байдаг. Эрдэс баялгийнхаа ашиглалтаас ард түмэндээ хүртээх асуудлыг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төвлөрүүлэн нийгмийн үйлчилгээнд зарцуулах байдлаар хэрэгжүүлдэг. Харин нэмэгдсэн өртгийн албан татвар бол аливаа бараа, ажил, үйлчилгээний эцсийн хэрэглээнд татвар оноох буюу шууд бус татваруудын үр ашгийг сайжруулах зорилготой бөгөөд татварын бодлогын хэрэгжилтийг хянах зорилготой төрийн зохицуулалтын нэг арга хэрэгсэл юм.

Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4, 47.5-д заасан ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөрийн хувь хэмжээ бол тухайн ашигт малтмалд оноож байгаа давхар татвар биш бөгөөд тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг нэмэх буюу бууруулах тухай асуудал юм.” гэжээ.

      Гурав. Мэдээлэл гаргагч С.Баярмаа Үндсэн хуулийн цэцэд гаргасан мэдээллийнхээ нэмэлт тайлбартаа:

“Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах үндэслэл, шаардлагад ашигт малтмалын зэрэгцээ Монголбанканд тушааж буй алтны хэмжээг бууруулахгүй, улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх, татварын суурийг өргөжүүлэх зорилгоор “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг боловсруулна.” гэж тайлбарласан байдаг.

Гэтэл татварын суурийг өргөжүүлэх, тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй хувь хүн, бичил уурхай, баяжуулах үйлдвэр эрхлэгчдийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх, тайлагнах, бүртгэлжүүлэх боломжийг бүрдүүлэх зорилготой хуулийн нэмэлт, өөрчлөлт нь нэг бүтээгдэхүүнд өссөн дүнгээр гурван удаагийн төлбөр тооцох бодит нөхцөлийг бүрдүүлсэн байгаа нь Үндсэн хуульд заасан төр нь аж ахуйн бүх хэвшлийн хөгжлийг хангах эдийн засгийн бодлогыг баримтална гэснийг зөрчиж аж ахуйн үйл ажиллагаанд татварын бодлогоор дарамт учруулсан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг хаасан зохицуулалт болсон гэж үзэж байна.

Мөн хууль тогтоогчийн зүгээс Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн үзэл баримтлалдаа энэ хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт нь төр, иргэд, аж ахуйн нэгж байгууллагын хүсэл сонирхолд бүрэн нийцсэн” гэж худал мэдээлэл оруулж ямар нэг иргэн, аж ахуйн нэгжээс санал аваагүй, хүсэл сонирхлыг нь тусгаагүй, эдийн засгийн тооцоо судалгаагүй асуудлыг оруулсан.

Мөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зорилго нь зөвхөн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь олборлосон алтаа хувь хүн, бичил уурхайн нэр дээр банканд тушааж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс зайлсхийдэг зөрчлийг арилгах зорилготой гэж тодорхойлж алтны асуудлыг Байнгын хороодын хуралдаан, нэгдсэн хуралдаанаараа ярьсан байдаг хэдий ч эцсийн нэмэлт, өөрчлөлт нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь гурван этгээд байхаар зохицуулж Үндсэн хуулийн, үзэл баримтлалаа зөрчиж шийдвэрлэсэн байдаг.

Ашигт малтмалын тухай хуулийн маргаан бүхий зохицуулалтын өмнө хэрэгжиж байсан агуулгаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөө төлсөн тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдээс ашигт малтмал худалдан авсан этгээд нь энэ төлбөрийг дахин төлдөггүй байсан бөгөөд шинэ хуулиар ашигт малтмалын нөөц биш бүтээгдэхүүн болсон хэдий ч нөөц ашигласны төлбөр төлөхөөр зохицуулсан нь Үндсэн хуулийг зөрчиж байна.

Хэрэв тухайн бүтээгдэхүүнийг байгалиас нь олборлосон хэвээр буюу түүхий хэвээр нь цааш дамжуулан худалдаж ашиг олж байгаа бол энэхүү хуулийн нэмэлт зохицуулалт нь шударга байх хэдий ч тухайн бүтээгдэхүүнийг боловсруулан нэмүү өртөг шингээж эцсийн бүтээгдэхүүн болгон гаргаж байгаа явдал нь хоёр өөр ойлголт бөгөөд хууль санаачлагч нар үүнийг нарийн ялгаж үзэлгүй эдийн засагт нэмэр болох, татварын суурийг өргөжүүлэх гэсэн санаагаар үйлдвэрлэгчдийг татварын дарамтад оруулахаар хуулийн зохицуулалт хийсэн байна.

Мөн үйлдвэрлэгч нь худалдан авагч болохоос биш тусгай зөвшөөрөлтэй газрын байгалийн баялгийг цааш нь дамжуулан худалддаг газар биш бөгөөд дээр дурдсанчлан хоёр өөр ойлголт юм.

Үйлдвэрлэгчид нь Ашигт малтмалын тухай хуулийн дагуу ашигт малтмалын нөөцийг газрын хэвлийгээс олборлодоггүй учир ашигт малтмалын нөөц ашигласан гэж үзэх боломжгүй юм.

Энэхүү хууль нь цаашид Монгол Улсад байгалийн баялгийг эх орондоо нэмүү өртөг шингээж эцсийн бүтээгдэхүүн болгож олон улсын зэх зээлд гаргах үйлдвэрлэлийг хөгжүүлэхгүй, үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрлэгчдийг татварын бодлогоор дарамталсан, үйл ажиллагааг нь боомилсон бөгөөд улмаар энэ салбар цаашид хөгжих боломжгүй болох эрсдэлт нөхцөлийг бүрдүүлж байгалийн баялгаа өөрсдөөсөө харамлаж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг хааж, түүхийгээр нь хямд үнээр гадаадын улс оронд гаргаж их хэмжээний алдагдалд орох маш том эрсдэл, эдийн засгийн хохирол амсах бодит нөхцөл байдал энэхүү хуулийн зохицуулалтын цаана нуугдаж байна.

Энэ нь Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Төр нь .., аж ахуйн бүх хэвшлийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ...” гэснийг зөрчсөн.

Шинээр батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд болон Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө.” гэж заасны дагуу нэг бүтээгдэхүүнд улс гурван газраас нэг төрлийн төлбөрийг авч байгаа нь хэт шударга бус болсон ба нэг хуулийн этгээд ашигласан, худалдахаар ачуулсан гэх үндэслэлээр хоёр удаа ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөхөөр зохицуулагдсан гэж ойлгогдож энэ нь хуулийн үзэл баримтлал болон Монгол Улсын Үндсэн хууль, Татварын ерөнхий хуультай зөрчилдсөн байгаа юм.” гэсэн байна.

Дөрөв. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны явцад:

Иргэн С.Баярмаа Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн зарим хэсэг, заалт Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасныг зөрчсөн гэж шаардлагаа ихэсгэж, харин Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн “… Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд …” гэсэн заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн шаардлагаасаа татгалзсан болно.

Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ашигт малтмалын тухай хуулийн дээрх зохицуулалтын агуулга мэдээлэл гаргагчийн тайлбарлаж байгаагаас өөр, давхардуулан төлбөр авах агуулгагүй зохицуулалт юм. Гэхдээ амьдрал дээр ийнхүү ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг давхардуулан авч байгаа, мөн дотоодын үйлдвэрлэгч нарт сөрөг үр дагаврыг үүсгэж байгаа бол эргэн харах ёстой асуудал байна гэсэн тайлбарыг хийлээ.

ҮНДЭСЛЭЛ:

1. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.” гэж заасан.

Энэ хүрээнд Улсын Их Хурал Монгол Улсын эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх, улсын хөгжлийн тогтвортой байдлыг хангахад тодорхой нөлөө үзүүлдэг ашигт малтмал буюу эрдэс баялгийн салбарын бодлогыг тодорхойлон холбогдох хууль тогтоомжийг баталсан бөгөөд 2014 оны 18 дугаар тогтоолоор “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”, Монгол Улсын Их Хурлын 2016 оны 19 дүгээр тогтоолоор “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” зэргийг батлан гаргажээ.

Монгол Улсын Их Хурлаас баталсан “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ын 1.2-д “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын зорилго нь ... ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруулалтын чанарыг дээшлүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг бэхжүүлэхэд оршино.” гэж, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтын “Эдийн засгийн тогтвортой хөгжил” гэсэн 2.1-д “... аж үйлдвэр, түүний дотор ... уул уурхайн олборлох салбарын хөгжилд тэргүүлэх ач холбогдол өгч ... хөгжүүлнэ.” гэж заасан байна. Түүнчлэн, дээрх шийдвэрүүдээс гадна Улсын Их Хурал, Засгийн газар, Ерөнхийлөгч болон холбогдох эрх бүхий этгээдээс баталсан 30 орчим шийдвэрт нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх дотоодын үйлдвэрлэлийг дэмжих талаарх зохицуулалтыг тусгасан байдаг.

Мөн энэ талаарх зохицуулалтыг Ашигт малтмалын тухай хууль болон холбогдох хуулиудад тусгайлан хуульчилжээ. Тухайлбал, Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.11 дэх хэсэгт “Олборлосон, баяжуулсан, хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа боловсруулах үйлдвэрт тэргүүн ээлжинд, зах зээлийн үнээр нийлүүлнэ.” гэсэн байна.

2. Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж тус хуулийн “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр” гэсэн 47 дугаар зүйлд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулжээ.

Ингэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд болон Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө.” хэмээн өөрчлөн найруулсан байна.

Ийнхүү өөрчлөн найруулахдаа өмнө зөвхөн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлдөг байсныг ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд бүр төлдөг байхаар хуульчилжээ. Тодруулбал, ашигт малтмал ашигласны төлбөр гэх нэг төрлийн төлбөрийг тухайн ашигт малтмалыг олборлож, худалдаж байгаа этгээдээс гадна түүнийг худалдан аваад ашигт агуулгыг нэмэгдүүлж, баяжуулан нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэгчээс хүртэл давхардуулан авах боломж бий болгосон байна. Энэ нь дотоодын үйлдвэрлэл, аж ахуй эрхлэгч иргэдийг дэмжих агуулгагүй, харин улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангах, түүний тогтвортой байдлыг бий болгох, цаашлаад үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд сөрөг үр дагавар үүсгэх зохицуулалт болсон гэж үзэхээр байна.

Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд ... нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө.” гэсэн зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Төр нь ... аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэсэн заалтад нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Үүнээс үзэхэд уг заалтаас үүдэлтэй Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалт Үндсэн хуулийн дээрх заалтыг зөрчих нөхцөл байдлыг үүсгэжээ.

3. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5.11, 47.5.12 дахь заалтад боловсруулаагүй нүүрсийг хүдэртэй, баяжуулсан нүүрсийг хүдрийн баяжмалтай адилтган ашигт малтмалын ангиллыг буруу тусган нэмэлт төлбөр авахаар зохицуулсан нь хууль зүйн зохицуулалтын зорилго, түүний агуулгатай зөрчилдсөн байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалт зөрчигдөх нөхцөлийг бүрдүүлсэн байна.

Монгол Улсын Их Хурал нь хууль тогтоогчийн хувьд Үндсэн хуульд заасан өөрийн онцгой бүрэн эрхийн хүрээнд үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг сайжруулан өөрчлөх боломжтой юм.

4. Мэдээлэл гаргагч С.Баярмаа хуралдааны явцад Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалт нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн гэж мэдээллийн шаардлагаа ихэсгэсэн боловч энэ талаар хангалттай үндэслэл, нотолгоо гаргаагүй байх тул Үндсэн хуулийн дээрх заалт зөрчигдсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйл, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС

ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд ... нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө.” гэсэн заалт болон мөн зүйлийн 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Төр нь ... аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг тус тус зөрчсөн байна.

2. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд ... нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө.” гэсэн заалт болон мөн зүйлийн 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасныг зөрчөөгүй байна.

3. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд ... нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө.” гэсэн заалт болон мөн зүйлийн 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалтыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус түдгэлзүүлсүгэй.