A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар 235

Улаанбаатар хот

ҮЗЛЭГИЙН МӨРӨӨР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, "Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай" Монгол Улсын Их Хурлын 2017 оны 87 дугаар тогтоол болон Үндэсний стандартын баримт бичгийн улсын үзлэгийн дүнг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор шинээр болон шинэчлэн баталж мөрдүүлэх техникийн зохицуулалтын баримт бичгийн жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.

2.Шаардлагатай тохиолдолд хавсралтаар баталсан техникийн зохицуулалтын жагсаалтад нэмэлт оруулах саналыг тухай бүр боловсруулж шийдвэрлүүлэхийг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгосугай.

3.Стандартын улсын үзлэгийн дүнг үндэслэн Стандартчиллын хөтөлбөрийг шинэчлэн баталж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Стандарт, хэмжил зүйн газар (Б.Билгүүн)-т даалгасугай.

4.Салбарын стандартчиллын төлөвлөгөөг жил бүр шинэчлэн баталж, тухайн жилийн төсөвт багтаан хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга нарт үүрэг болгосугай.

5.Стандартын техникийн түвшинг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагааны санхүүжилтийн эх үүсвэрийг жил бүрийн улсын төсөвт тусган хэрэгжүүлэхийг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИН