A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 263

Улаанбаатар хот

ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТЭН АВАХ ТУХАЙ

Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 7.3-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.2019 онд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг хавсралтад заасан 7 аж ахуйн нэгж, байгууллагын гадаадын ажиллах хүч, мэргэжилтэнд зохих журмын дагуу олгохыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт зөвшөөрсүгэй.

2.Гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтнийг эрүүл мэндийн урьдчилсан төлбөрт үзлэгт хамруулж байхыг ажил олгогчид, эрүүл мэндийн үзлэгт хамруулах ажлыг хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд тус тус үүрэг болгосугай.

3.Энэ тогтоолын дагуу ажиллуулах гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг 2019 онд буцаан гаргах ажлыг зохион байгуулж, дүнг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд мэдэгдэхийг холбогдох сайд нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.ЧИНЗОРИГ