A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 7 дугаар сарын 3-ны өдөр

Дугаар 280

Улаанбаатар хот

"ЧИНГИС ХААН" МУЗЕЙ БАЙГУУЛАХ ТУХАЙ

Соёлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 10.1.10-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монголын болон дэлхийн түүхэн дэх гарамгай удирдагч, аугаа их Чингис хааны түүхэн үйл хэргийг мөнхжүүлэн алдаршуулах, нийтэд сурталчлан таниулах зорилгоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяанд "Чингис хаан" музейг байгуулсугай.

2. "Чингис хаан" музейн сан хөмрөгийг бүрдүүлэх, барилгыг барьж байгуулах талаар дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгт даалгасугай:

2.1. "Чингис хаан" музейн ашиглалтын өмнөх захиргааг байгуулж, үйл ажиллагаанд нь энэ онд шаардагдах зардлыг 2019 оны батлагдсан төсвийн багцдаа багтаан санхүүжүүлэх;

2.2. музейн үзэл баримтлал, үзүүллэг дэглэлт зохион байгуулалтын нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулан батлах, музейн сан хөмрөгт Чингис хааны болон Монголын эзэнт гүрний түүхэнд холбогдох үзмэр, эд өлгийн зүйлийг шилжүүлэн авах, шинээр бүтээх, гадаад улсын музейд хадгалагдаж байгаа түүхэн дурсгалуудыг хуулбарлан авах боломжийг судлан, зохих арга хэмжээ авах;

2.3. Байгалийн түүхийн музейн хуучин барилгыг буулгаж, тухайн газарт "Чингис хаан" музейн барилгын зураг төслийг боловсруулан барих, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг Монгол Улсын 2020 оны төсвийн төсөлд тусгуулах.

3. "Чингис хаан" музейн ашиглалтын өмнөх захиргааны үйл ажиллагааны зардлыг 2020 оноос эхлэн жил бүрийн улсын төсвийн төсөлд тусгаж байхыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, музейн барилгыг барихад дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нарт тус тус даалгасугай.

(Засгийн газрын 2019 оны 363 дугаар тогтоолоор дээрх тогтоолын "Чингис хааны музей" гэснийг "Чингис хаан" музей гэж өөрчилсөн)

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.БААТАРБИЛЭГ