A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 7 дугаар сарын 3-ны өдөр

Дугаар 285

Улаанбаатар хот

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН 2019-2020 ОНЫ ӨВӨЛЖИЛТ, ХАВАРЖИЛТЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд бэлтгэвэл зохих өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн хэмжээг хавсралт ёсоор баталсугай.

2. Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах хүрээнд дараахь ажлуудыг шуурхай зохион байгуулж ажиллахыг холбогдох Засгийн газрын гишүүдэд үүрэг болгосугай:

2.1. Отрын бүс нутгийн ашиглалтын нөхцөл, үйлчилгээг сайжруулах, оторлох мал сүргийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, угаалга, тарилга, туулгалтад хамруулах, тууврын замд хяналт тавихыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Мал эмнэлгийн Ерөнхий газар (Д.Түмэндэмбэрэл)-т;

2.2. Өвөл, хаврын улирлын бэлчээрийн даацад тохируулан малын тоог бууруулах, малын чанар, сүргийн бүтцийн зохистой харьцаанд тулгуурлан малыг эдийн засгийн эргэлтэд оруулах, нөөцийн мах бэлтгэлийн ажлыг зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаанд;

2.3. Цаг уурын урьдчилсан мэдээнд тулгуурлан өвөл, хаврын улирлын бэлчээрийн даацыг бодитой тогтооход анхаарч ажиллах, цаг уурын, орчны аюултай, гамшигт үзэгдлийн талаарх урьдчилан сэргийлэх мэдээг иргэд, малчдад түргэн шуурхай дамжуулах ажлыг зохион байгуулж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатад;

2.4. Улсын болон орон нутгийн чанартай зам, давааны арчилгаа, засвар үйлчилгээг түргэн, шуурхай, чанартай гүйцэтгэж, цаг агаарын хүндрэлтэй нөхцөлөөс шалтгаалан зам, даваа хаагдах, халтиргаа гулгаа үүсэх эрсдлээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах, автомашин, техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах, замын чиглэл, хүрэх газрын нэр, зай киломертийг тодорхой заасан замын хаяг тэмдэглэлийг байрлуулах ажлыг зохион байгуулахыг Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд.

3. Өвөл, хаврын цаг агаарын хүндрэл, болзошгүй гамшиг тохиолдохоос урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх зорилгоор дараахь ажлыг зохион байгуулж ажиллахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт даалгасугай:

3.1. Хөдөө аж ахуйн салбарын 2019-2020 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах талаар нарийвчилсан төлөвлөгөө гарган ажиллаж, хэрэгжилтийг хангуулах, биелэлтэд хяналт тавих, шаардлагатай арга хэмжээг авах;

3.2. Энэ тогтоолын хавсралтаар батлагдсан аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг заасан хэмжээнд бүрдүүлэх;

3.3. Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах эм, эмнэлгийн хэрэгслээр хүртээмжтэй хангах, мал, эмнэлгийн үйлчилгээг шуурхай, чанартай зохион байгуулахад хяналт тавих;

3.4. Бэлчээрийн даацад тулгуурлан аймаг, сум дундын отрын бүс нутаг, улсын хилийн зурвас болон байгалийн тусгай хамгаалалттай газар нутагт отроор өвөлжүүлэх малчин өрх, мал сүргийн тоо толгойг харилцан тохиролцож гэрээ байгуулан ажиллах;

3.5. Хадлангийн талбайг оновчтой хуваарилах, зохистой ашиглах, говийн бүсийн болон хадлангийн нөөц багатай аймгуудад хадлан бэлтгэх талбайг гэрээгээр ашиглуулах, хадлан, гар тэжээл бэлтгэх ажлыг технологит хугацаанд нь чанартай гүйцэтгэх ажлыг бүх талаар дэмжих;

3.6. Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг технологит хугацаанд нь чанартай зохион байгуулах, мал эмнэлгийн дуудлага, үйлчилгээний бэлэн байдлыг бүрдүүлж, шуурхай удирдлагаар хангах;

3.7. Малчин өрх бүр өвөлжөө, хаваржаан дахь орон сууц (гэр, байшин), малын хашаа, хороо, саравч, худаг, уст цэгээ сэргээн засварлах, цаг агаар хүндэрсэн үед хэрэглэх тоног хэрэгсэл, дулаан хувцас, хоол хүнс, түлээ, нүүрс зэрэг өрхийн бэлтгэл хангуулах тухай зөвлөмж гаргаж ажиллах;

3.8. Мал, мах бэлтгэх, нийлүүлэх ажлыг аймаг, орон нутгийн хэрэгцээ, зах зээлийн эрэлтэд тулгуурлан зохион байгуулах ажлын төлөвлөгөө батлан, хэрэгжилтийг зохион байгуулах;

3.9. Ургац хураалтад ажиллах хүн хүч, техникийн бэлэн байдлыг хангах, цаг агаарын гамшигт үзэгдлээс ургацаа хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол зохион байгуулах.

4. Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлыг мэргэжил, арга зүйн зөвлөгөө, зөвлөмжөөр ханган, энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж, дүнг нэгтгэн 2019 оны 11 дүгээр сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаанд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.УЛААН