A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 7 дугаар сарын 3-ны өдөр

Дугаар 278

Улаанбаатар хот

ЯПОН УЛСТАЙ БАЙГУУЛСАН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХҮРЭЭНД АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5, 22 дугаар зүйл, Төсвийн тухай хуулийн 10.1.10, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6.3.7, 23.1.11, 24.4-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Япон Улсад ур чадварын дадлагажигч бэлтгэх, ур чадвартай ажилтнаар ажиллах Монгол Улсын иргэдийн эрх ашгийг хамгаалах, иргэдэд хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны чиглэлээр зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах, ажиллагсдын гэрээний биелэлтэд хяналт тавих, монгол иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх, тэдний нийгмийн хамгааллын асуудлыг хариуцан ажиллах чиг үүрэг бүхий "Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв" улсын төсөвт байгууллагыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд байгуулж, Япон Улсын Токио хотод 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн ажиллуулсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 2016 оны 4 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Засгийн газрын агентлагийн орон тооны хязгаар"-ын 17 дахь заалтын "62" гэснийг "70" гэж өөрчилж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын нийт орон тооны хязгаарт багтаан зохицуулалт хийх замаар шилжүүлэх арга хэмжээ авахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт зөвшөөрсүгэй.

3. Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яаманд хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан атташе томилж ажиллуулах асуудлыг судалж, шийдвэрлэхийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нарт даалгасугай.

4. Япон Улстай байгуулсан Хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг хангах, зохион байгуулах, иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлэх чиглэлээр төсөл, хөтөлбөр боловсруулж Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөр батлах, 2019 онд шаардагдах хөрөнгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт зөвшөөрсүгэй.

5. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар болон Япон Улс дахь "Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв"-ийн үйл ажиллагааны зардалд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгаж байхыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.ЧИНЗОРИГ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 393

Улаанбаатар хот

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, Дипломат албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Япон Улс дахь "Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв" улсын төсөвт байгууллагын үйл ажиллагааг сайжруулах хүрээнд тус байгууллагын хариуцаж буй чиг үүрэг, орон тоо болон төсвийг нь Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтэст шилжүүлэхийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нарт, холбогдох зардлыг 2024 оноос жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Сангийн сайд Б.Жавхланд тус тус даалгасугай.

2."Дипломат төлөөлөгчийн газруудын орон тооны хязгаарыг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 442 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Дипломат төлөөлөгчийн газруудын орон тооны хязгаар"-ын дараах заалт, хэсгийг доор дурдсанаар тус тус өөрчлөн найруулсугай:

Дипломат төлөөлөгчийн газрын нэр

Нийт орон тоо

Үүнээс:

Дипломат ажилтан

Техник ажилтан

1.Элчин сайдын яам

33.

Токио

18

14

4

Бүгд

370

284

86

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Засгийн газрын агентлагийн орон тооны хязгаар"-ын 15 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

15.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

67

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Япон Улстай байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 278 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ