Хэвлэх DOC Татаж авах
ЯПОН УЛСТАЙ БАЙГУУЛСАН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХҮРЭЭНД АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 7 дугаар сарын 3-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 278

ЯПОН УЛСТАЙ БАЙГУУЛСАН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХҮРЭЭНД АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5, 22 дугаар зүйл, Төсвийн тухай хуулийн 10.1.10, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн    6.3.7, 23.1.11, 24.4-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Япон Улсад ур чадварын дадлагажигч бэлтгэх, ур чадвартай ажилтнаар ажиллах Монгол Улсын  иргэдийн эрх ашгийг хамгаалах, иргэдэд хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны чиглэлээр зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах, ажиллагсдын гэрээний биелэлтэд хяналт тавих, монгол иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх, тэдний нийгмийн хамгааллын асуудлыг хариуцан ажиллах чиг үүрэг бүхий “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв” улсын төсөвт байгууллагыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд байгуулж, Япон Улсын Токио хотод 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн ажиллуулсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 2016 оны 4 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Засгийн газрын агентлагийн орон тооны хязгаар”-ын 17 дахь заалтын “62” гэснийг “70” гэж өөрчилж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын нийт орон тооны  хязгаарт багтаан зохицуулалт хийх замаар шилжүүлэх арга хэмжээ авахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт зөвшөөрсүгэй.

3. Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яаманд хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан атташе томилж ажиллуулах асуудлыг судалж, шийдвэрлэхийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нарт даалгасугай.

4. Япон Улстай байгуулсан Хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг хангах, зохион байгуулах, иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлэх чиглэлээр төсөл, хөтөлбөр боловсруулж Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөр батлах, 2019 онд шаардагдах хөрөнгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлэх арга хэмжээ авахыг  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт зөвшөөрсүгэй.

5. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар болон Япон Улс дахь “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв”-ийн үйл ажиллагааны зардалд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгаж байхыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                У.ХҮРЭЛСҮХ

Хөдөлмөр, нийгмийн

хамгааллын сайд                                                                  С.ЧИНЗОРИГ