A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • “ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ (Засгийн газрын 2020 оны 146 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 7 дугаар сарын 9-ний өдөр

Дугаар 296

Улаанбаатар хот

"ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ (Засгийн газрын 2020 оны 146 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2, 5, 21 дүгээр зүйлийн 16 дахь хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 7.1, Улсын Их Хурлын 2010 оны 39, 2016 оны 45, 2018 оны 73 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн иргэд, аж ахуйн нэгжийн эзэмшиж байгаа хувьцааны хоёрдахь зах зээлийн арилжааг хөрөнгийн бирж дээр үе шаттайгаар эхлүүлэхтэй холбогдуулан дараахь ажлыг зохион байгуулахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нарт даалгаж, дэмжлэг үзүүлж ажиллахыг Санхүүгийн зохицуулах хороо (С.Даваасүрэн)-нд зөвлөсүгэй:

1.1. "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн хувьцааны өөрчлөлтийг холбогдох хууль тогтоомж, анхан шатны баримтад тулгуурлан хянаж, нягтлах ажлыг зохион байгуулж, хувьцаа эзэмшиж байгаа иргэдийн бүртгэлийг 2019 оны 12 дугаар сарын эхний 7 хоногт багтаан дуусгаж, үр дүнг танилцуулах;

1.2. "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн иргэд, аж ахуйн нэгжийн эзэмшиж байгаа хувьцааг гадаад улсын хөрөнгийн биржид давхар бүртгүүлэх, арилжаалах бэлтгэл ажлыг хангуулах.

2. Тавантолгой нүүрсний ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьцааг зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан гадаад улсын хөрөнгийн биржээр арилжаалахтай холбогдуулан дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (А.Ариунболд)-т тус тус даалгасугай:

2.1. Олон улсын хөрөнгийн зах зээлээс боломжит богино хугацаанд хамгийн бага зардлаар хөрөнгө босгох зорилгоор холбогдох хууль тогтоомж, олон улсын стандарт, шаардлагад нийцүүлэн "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн охин компаниудыг байгуулах;

2.2. Тавантолгой нүүрсний ордын үнэ цэнийг цаашид үе шаттайгаар нэмэгдүүлэх зорилгоор "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн эзэмшлийн тусгай зөвшөөрлүүдээс эхний ээлжинд MY-011943 дугаар бүхий Цанхийн зүүн хэсгийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн охин компанид эзэмшүүлэх;

2.3. "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн охин компанийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад улсын хөрөнгийн биржээр дамжуулан хөрөнгө оруулагчдад санал болгох, 70 буюу түүнээс доошгүй хувийг "Эрдэнэс-Тавантолгой" ХК эзэмшиж байхаар зохион байгуулах;

2.4. Гадаад улсын хөрөнгийн биржээр хувьцаа арилжаалах үйл ажиллагааг богино хугацаанд зохион байгуулах, түүнтэй холбогдсон татвар, зардлын хэмжээг хамгийн бага байлгах чиглэлээр зохих арга хэмжээ авч ажиллах.

3. Тавантолгой нүүрсний ордын үнэ цэнэ, дэд бүтцийн холбогдох төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, улс орны нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл зэргийг харгалзан "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийн бодлогыг баталж, компанийн 2019 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах чиглэлийг баримталж ажиллахыг "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (М.Баяраа)-д зөвлөсүгэй.

4. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, хэрэгжилтийн явц байдлыг Засгийн газар, Улсын Их Хуралд танилцуулахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (А.Ариунболд)-т тус тус үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ


Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.СУМЪЯАБАЗАР


Сангийн сайд ХҮРЭЛБААТАР