A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 319

Улаанбаатар хот

БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗРЫН ХИЛИЙН ЗААГИЙГ ТОГТООХ ТУХАЙ

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 6 дахь заалт, "Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай" Улсын Их Хурлын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 35 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт орших Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг хавсралт ёсоор баталсугай.

2. Хилийн заагийг баталсантай холбогдуулан хилийн заагийн мэдээллийг холбогдох мэдээллийн санд бүртгэхийг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханд, хамгаалалтыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар нарт тус тус даалгасугай.

3. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт орших Тост, Тосон бумбын нуруу орчмын нутаг дэвсгэрийг бүхэлд нь улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг судлан 2019 оны IY улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар нарт тус тус даалгасугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоох тухай" Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 91 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.ЦЭРЭНБАТ