A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 337

Улаанбаатар хот

ГАЗРЫГ УЛСЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХ ТУХАЙ

Газрын тухай хуулийн 16.1.14, 18.1.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх 10 га, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Төв цэвэрлэх байгууламж"-ийн дэргэд 22 га газрыг аюултай хог хаягдал, лаг боловсруулах, булшлах, устгах байгууламж барих зориулалтаар тус тус улсын тусгай хэрэгцээнд авч, газрын байршил, хилийн заагийн эргэлтийн цэгийн солбицол, талбайн хэмжээг хавсралт ёсоор баталсугай. (Энэ заалтад Засгийн газрын 2020 оны 134 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)

2. Улсын тусгай хэрэгцээнд авсан газарт холбогдох хууль, журмын дагуу газар ашиглуулах гэрээ байгуулах, гэрчилгээ олгох, уг газрын эргэлтийн цэгийн солбицлыг Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэхийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар (Ц.Ганхүү)-т даалгасугай.

3. Улсын тусгай хэрэгцээнд авсан газрын хилийн заагаас гадагш 1 км-ийн дотор аюулгүйн бүс тогтоож, тус бүсэд хүн амын суурьшил үүсгэхгүй байх болон мал аж ахуй, газар тариалан эрхлэх, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаа явуулах, барилга байгууламж барих зориулалтаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулахгүй байх арга хэмжээ авч ажиллахыг нийслэлийн Засаг дарга С.Амарсайханд үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Барилга, хот байгуулалтын сайд Х.БАДЕЛХАН