A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 5 дугаар сарын 12-ны өдөр

Дугаар 189

Улаанбаатар хот

ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛ ХАЙХ, АШИГЛАХ ТАЛБАЙН ЭРГЭЛТИЙН ЦЭГ, СОЛБИЦОЛ БАТЛАХ ТУХАЙ

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 3.3, 8.2, Засгийн газрын 2014 оны 222 дугаар тогтоолоор баталсан "Авто зам, төмөр замын салбарт хэрэгжүүлэх зарим төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглах тусгай журам"-ын 1.3.1, 1.4-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын суурь бүтцийн барилгын ажилд шаардлагатай түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн эргэлтийн цэг болон солбицлыг хавсралт ёсоор баталсугай. (Энэ тогтоолын хавсралтыг Засгийн газрын 2019 оны 453 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

2. Энэ тогтоолын хавсралтаар баталсан солбицол бүхий талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах эрхийг тухайн чиглэлийн төмөр замын суурь бүтцийн барилгын ажил гүйцэтгэх хуулийн этгээдэд олгохыг Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар, Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин нарт даалгасугай.

3. Төмөр замын суурь бүтцийн барилгын ажил гүйцэтгэх хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу зохих дэмжлэг үзүүлж ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нарт даалгасугай.

4. Төмөр замын суурь бүтцийн барилгын ажил дууссаны дараа түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласан талбайг холбогдох стандарт, нормын дагуу нөхөн сэргээж орон нутагт хүлээлгэн өгөхийг ажил гүйцэтгэгч нарт үүрэг болгосугай.

5. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.ЭНХ-АМГАЛАН

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.СУМЪЯАБАЗАР