A

A

A

Бүлэг: 1979

/ГТЕГ-ын 2016-06-21-ний А/236-р тушаалаар хүчингүй болсон/

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /2010 оны 638 дугаар тушаалд/

2011 оны 07 дугаар сарын 29-ны өдөр Улаанбаатар хот

Дугаар 371

Дугаар 371

1. Гаалийн ерөнхий газрын даргын 2010 оны 638 дугаар тушаалаар батлагдсан "Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам"-ын 3.4, 3.19, 3.21, 3.27, 9.4, 9.5 дахь заалтыг дараахь байдлаар өөрчлөн найруулсугай:

"3.4. Бичиг баримтын бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын байцаагч гаалийн мэдүүлэг, дагалдах бичиг баримтыг шалгах, бүрдүүлэлт хийх үйл ажиллагаанд хяналт тавьж гаалийн үнэ, барааны ангиллыг нарийвчлан тодорхойлох боломжгүй бол эрсдлийн удирдлага, үнэлгээ, барааны ангиллын асуудал хариуцсан нэгж, албан тушаалтанд тавьж шийдвэрлүүлнэ."

"3.19. Үндэслэл бүхий мэдээлэл, сэжиг байгаа бол гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд дахин шалгалт хийх асуудлыг хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч, шаардлагатай тохиолдолд удирдах албан тушаалтантай хамтран шийдвэрлэж, дахин шалгалт хийх байцаагчийг томилно. Эрсдлийн удирдлагын асуудал хариуцсан нэгжээс хүсэлт гаргасан, мэдээлэл өгсөн тохиолдолд мэдээллийн үнэн зөв байдлыг нягтлан шалгах зорилгоор эрсдлийн удирдлагын асуудал хариуцсан албан тушаалтан дахин шалгалтад оролцоно."

"3.21. Шалгалт хийсэн гаалийн улсын байцаагч нь шалгалтын үр дүнг гаалийн бүрдүүлэлтийн програмын "Шалгалтын үр дүн" талбарт тодорхой, дэлгэрэнгүй оруулна. Шалгалтын үр дүнг үнэн зөв, бүрэн гүйцэд оруулсан эсэхэд эрсдлийн удирдлагын асуудал хариуцсан нэгж, албан тушаалтан хяналт тавина."

"3.27. Бараа, тээврийн хэрэгсэлд шалгалт хийсэн гаалийн улсын байцаагч нь гаалийн мэдүүлгийг холбогдох бичиг баримтын хамт тухайн ажлын өдөрт багтаан гаалийн мэдүүлэг хариуцсан гаалийн улсын байцаагчид өгнө."

"9.4. Хяналтын төлөвийг үндэслэлгүй өөрчилсөн, "Шалгалтын үр дүн" талбарт шалгалтын үр дүнг үнэн зөв, бүрэн гүйцэд оруулаагүй тохиолдолд тухайн гаалийн улсын байцаагч, гаалийн улсын ахлах байцаагчид зохих хариуцлага тойцно."

"9.5. Гаалийн бичиг баримтын бүрдүүлэлт, татварын тооцоо, гаалийн шалгалт хийснээс үүдэн гарах хариуцлагыг тухайн ажлыг гүйцэтгэж системд баталгаажуулалт хийсэн, зөвшөөрөл олгосон, гаалийн мэдүүлгийн холбогдох хүснэгтэд хувийн дугаар бүхий тэмдэг дарж баталгаажуулсан гаалийн улсын байцаагч болон гаалийн улсын ахлах байцаагч хүлээнэ."

2. Энэ тушаалын 1-д заасан журмын "Нэг"-д дараахь агуулга бүхий 1.7 дахь заалт нэмсүгэй:

"1.7. Улбар шар болон улаан төлөв сонгогдсон тохиолдолд шалгалт хийхдээ Эрсдлийн удирдлагын програмаас өгөгдсөн анхааруулгыг мөрдлөг болгоно. Гаалийн мэдүүлэгт засвар орсон тохиолдолд нэмэлт анхааруулга ирсэн эсэхийг нягтлан шалгана."

3. Мөн журмын 7.7 дахь заалтын "дэлгүүрийн" гэсний өмнө " Татваргүй барааны" гэж нэмсүгэй.

4. Энэ тушаалыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг дэд дарга /Д.Оюунчимэг/-д үүрэг болгосугай.

ДАРГА Д.ЦЭВЭЭНЖАВ