A

A

A

Бүлэг: 1979

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр

Дугаар А/387

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 32.3 дахь хэсэг, Засгийн газрын 2017 оны 24 дүгээр тогтоолоор баталсан "Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого"-ын 2.2.3, 2.4.1.8 дахь заалт, Засгийн газрын 2017 оны 78 дугаар тогтоолоор баталсан "Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд" Үндэсний хөтөлбөрийн 3.1.2.4 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Үр хөндөлтийг зохицуулах журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Үр хөндөлтийн тусламж, үйлчилгээний "Үр хөндөлтийн тусламж, үйлчилгээ" МNS 5488:2019 Монгол Улсын стандартын дагуу орчин нөхцөлийг бүрдүүлэн ажиллахыг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Бүсийн оношлогоо эмчилгээний төв, нэгдсэн эмнэлэг, амаржих газрын дарга, захирал нарт үүрэг болгосугай.

3.Үр хөндөлтийн хор уршиг, ялангуяа аюултай үр хөндөлтөөс сэргийлэх талаар олон нийтэд сурталчлах ажлыг эрчимтэй зохион байгуулан, гарын авлага, зурагт хуудас, видео боловсруулан мэдээлэл сургалт сурталчилгааны арга зүйгээр хангаж ажиллахыг Нийгмийн эрүүл мэндийн төв /Д.Нарантуяа/, Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нарт үүрэг болгосугай.

4.Эрүүл мэндийн тухай хуулийн 32.1.1, 32.1.2 дахь заалт, Монгол улсын "Үр хөндөлтийн тусламж, үйлчилгээ " МNS 5488:2019 стандарт, энэхүү журмыг зөрчсөн нь нотлогдсон тохиолдолд эмнэлгийн мэргэжилтний "Эмчлэх, сувилах, эм барих" зөвшөөрлийг хүчингүй болгохыг Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хороонд, эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эрүүл мэндийн чиглэлээр аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох комиссын дарга, Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн чиглэлээр аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох комиссын дарга нарт тус тус даалгасугай.

5.Уг журмыг хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, цахим зөвлөгөө, үр хөндөлтийн тусламж үйлчилгээний аюулгүй, бэлэн байдлыг хангуулж ажиллахыг Эмнэлгийн тусламжийн газар /Я.Буянжаргал/, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /Ш.Энхтөр/, ЭМЯ-ны дэргэдэх Эх барих, эмэгтэйчүүдийн мэргэжлийн салбар зөвлөл /Д.Мөнхцэцэг/ нарт даалгасугай.

6.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /Б.Бямбадорж/-д даалгасугай.

7.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2014 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 148 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Д.САРАНГЭРЭЛ