A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2016 оны 3, 81 дүгээр тогтоолд)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр

Дугаар 358

Улаанбаатар хот

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай" Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар тогтоолын 1 дүгээр заалтын "и" дэд заалтын 1-д "хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтэс, стандарт, нормативын хэлтэстэй" гэснийг "хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтэс, стандарт, нормативын хэлтэс, замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн ажлын албатай" гэж, мөн хэсгийн 6-д "хэлтэс" гэснийг "газар" гэж тус тус өөрчилсүгэй.

2. Засгийн газрын 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 81 дүгээр тогтоолын 5 дугаар хавсралтаар баталсан "Зам, тээврийн хөгжлийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр"-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

(Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2021 оны 14 дүгээр тогтоол, Засгийн газрын 2022 оны 284 дүгээр тогтоолоор тус тус нэмэлт, өөрчлөлт орсон)

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Зарим яамдын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 81 дүгээр тогтоолын 5 дугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.ЭНХ-АМГАЛАН

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 80

Улаанбаатар хот

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЭЦ, ОРОН ТООНЫ ХЯЗГААРЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Зам, тээврийн хөгжлийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр"-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Зам, тээврийн хөгжлийн яамны зохион байгуулалтын бүтцийг доор дурдсанаар шинэчлэн баталсугай:

2.1.Бодлого, төлөвлөлтийн газар (Судалгаа, стандарт, статистикийн хэлтэс, Мэдээллийн технологийн хэлтэстэй);

2.2.Төрийн захиргааны удирдлагын газар (Хуулийн хэлтэс, Гадаад хамтын ажиллагааны хэлтэс, Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэстэй);

2.3.Авто замын бодлого зохицуулалтын газар (Замын ашиглалт, засварын хэлтэстэй);

2.4.Автотээврийн бодлого зохицуулалтын газар (Тээвэр зохион байгуулалтын хэлтэс, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн ажлын албатай);

2.5.Төмөр зам, далайн тээврийн бодлого зохицуулалтын газар (Төмөр замын тээврийн хэлтэс, Далай ашиглалт, усан замын тээврийн хэлтэстэй);

2.6.Иргэний нисэхийн бодлого зохицуулалтын газар;

2.7.Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар;

2.8.Салбарын хяналтын газар.

3.Зам, тээврийн хөгжлийн яамны орон тооны дээд хязгаарыг 151 байхаар тогтоосугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Зам, тээврийн хөгжлийн яамны зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай" Засгийн газрын 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 14 дүгээр тогтоол, "Тогтоолд өөрчлөлт оруулах, тогтоолын хавсралт шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 358 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД С.БЯМБАЦОГТ