Хэвлэх DOC Татаж авах
ҮЙ ОЛНООР ХӨНӨӨХ ЗЭВСЭГ ДЭЛГЭРҮҮЛЭХ БОЛОН ТЕРРОРИЗМТОЙ ТЭМЦЭХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2019 оны 10 сарын 10 өдөр
Төрийн ордон,Улаанбаатар хот

    ҮЙ ОЛНООР ХӨНӨӨХ ЗЭВСЭГ ДЭЛГЭРҮҮЛЭХ БОЛОН ТЕРРОРИЗМТОЙ ТЭМЦЭХ ТУХАЙ

    /Шинэчилсэн найруулга/

НЭГДYГЭЭР БYЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх үйл ажиллагааны зарчим, зохион байгуулалт, эрх зүйн үндсийг тогтооход оршино.

Хэвлэх

2 дугаар зүйл.Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх хууль тогтоомж

2.1.Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

Хэвлэх

3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1.“терроризм” гэж улс төр, шашин, үзэл суртал, эдгээртэй адилтгах бусад зорилгодоо хүрэхийн тулд төрийн байгуулал, нийгэм, эсхүл түүний тодорхой хэсэгт нөлөөлөн айдаст автуулахаар хүчирхийлэл үйлдэх, хүчирхийлэл үйлдэхээр заналхийлэх, гамшгийн нөхцөлийг бүрдүүлэх үйл ажиллагааг;

3.1.2.“олон улсын терроризм” гэж олон улсын харилцаа, улс орнуудын төрийн хяналт, удирдлагад нөлөөлөх зорилго бүхий улс дамжсан терроризмыг;

3.1.3.“террорист үйл ажиллагаа” гэдэгт доор дурдсан үйлдлийг ойлгоно:

3.1.3.а.террорист үйлдлийг төлөвлөх, бэлтгэх, зохион байгуулах, хэрэгжүүлэх;

3.1.3.б.террорист үйлдэлд оролцох, террорист байгууллага, аливаа бүлэгт элсэх, сургалт, бэлтгэлд хамрагдах;

3.1.3.в.терроризмд хүн, хуулийн этгээдийг татан оролцуулах, элсүүлэх, ашиглах, сургах, зэвсэглэх;

3.1.3.г.террорист үйлдэлд бэлтгэхээр аливаа бүлэг, байгууллага байгуулах;

3.1.3.д.терроризмыг олон нийтэд зөвтгөх, дэлгэрүүлэх, суртал ухуулга явуулах;

3.1.3.е.террорист үйлдэлд хүн, хуулийн этгээдийг уриалах, өдөөн хатгах, турхирах, албадах;

3.1.3.ё.терроризмыг санхүүжүүлэх, шууд болон шууд бусаар аливаа туслалцаа, дэмжлэг үзүүлэх;

3.1.3.ж.террорист үйлдэлд зориулан аливаа юмс, зэвсэг, хэрэгсэл, технологийг зохион бүтээх, үйлдвэрлэх, тараах, эзэмших, ашиглах, өмчлөх, хадгалах, хянах.

3.1.4.“террорист үйлдэл” гэж улс төр, шашин, үзэл суртал, эдгээртэй адилтгах бусад зорилгодоо хүрэхийн тулд төр, олон улсын байгууллагаас хууль бус үйлдэл, эс үйлдэхүй хийхийг шаардаж хүн амыг айдаст автуулах, хүнийг алах, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах, зэвсэгт мөргөлдөөний нөхцөлд сөргөлдөгч аль нэг талд идэвхтэй оролцоогүй хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулахыг;

3.1.5.“террорист этгээд” гэж террорист, террорист байгууллагыг;

3.1.6.“террорист” гэж өөрийн хүсэл зоригоор, сайн дураар, санаатайгаар террорист үйл ажиллагааг шууд болон шууд бусаар үйлдэх, түүнд оролцож байгаа хүнийг;

3.1.7.“террорист байгууллага” гэж террорист үйл ажиллагааг шууд болон шууд бусаар үйлдэх, эсхүл түүнд оролцохоор өөрийн хүсэл зоригоор, сайн дураар, санаатайгаар нэгдсэн террористуудын аливаа бүлэг, нэгдлийг;

3.1.8.“терроризмтой тэмцэх” гэж терроризмын суурь нөхцөл бүрдэх, террорист үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, хохирол, хор уршгийг арилгахаар авч хэрэгжүүлж байгаа улс төр, эдийн засаг, нийгэм, эрх зүй, зохион байгуулалтын арга хэмжээ, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны нэгдлийг;

3.1.9.“терроризмын суурь нөхцөл” гэж тухайн нутаг дэвсгэр, түүний тодорхой хэсэг, барилга байгууламж, объект, террорист үйл ажиллагаанд өртөж болзошгүй хүчин зүйл, нөхцөл байдлыг;

3.1.10.“террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаа” гэж террорист үйлдлийг таслан зогсоох, террорист этгээдийг аюулгүй болгох, баривчлах, хүн, хуулийн этгээдийн аюулгүй байдлыг хангах, хор уршгийг багасгах зорилгоор цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон төрийн цэргийн байгууллагын томилгоот хүч хэрэгслээр нэгдмэл бодлого, төлөвлөгөө, удирдлагаар гүйцэтгэх цогц ажиллагааг;

3.1.11.“террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны хүч хэрэгсэл” гэж террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд томилогдсон удирдлагын, хангалтын, тусгай ажиллагааны бүлэг, түүнд дэмжлэг үзүүлэх хэсгийн нэгдэл, тэдгээрийн ашиглах зэвсэглэл, техник хэрэгслийг;

3.1.12.“террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны бүс” гэж террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаа явуулахаар энэ хуульд заасны дагуу тогтоосон нутаг дэвсгэрийн тодорхой хэсэг, барилга байгууламж, объект, эдгээртэй залгаа орших байршлыг;

3.1.13.“террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны бүсийн дэглэм” гэж террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны бүсэд хуульд заасны дагуу террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны Шуурхай штаб /цаашид “Шуурхай штаб” гэх/-аас тогтоосон онцгой нөхцөлийг;

3.1.14.“террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны Нэгдсэн удирдлагын төв /цаашид “Нэгдсэн удирдлагын төв” гэх/” гэж террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааг удирдан зохион байгуулах, явуулах, үр дүнг Терроризмтой тэмцэх зөвлөлд танилцуулах үүрэг бүхий тусгайлан томилогдсон алба хаагчийн нэгдлийг;

3.1.15.“Шуурхай штаб” гэж террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны бүсэд сөрөг тусгай ажиллагаа явуулах томилгоот хүч хэрэгслийн нэгдлийг;

3.1.16.“хориг арга хэмжээ” гэж Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан тогтоолын дагуу үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэхтэй холбоотой хориг арга хэмжээг;

3.1.17.“хориг арга хэмжээний жагсаалт” гэж Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан тогтоолын дагуу үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэхтэй холбоотой баталсан хүн, хуулийн этгээдийн жагсаалтыг;

3.1.18.“дотоодын жагсаалт” гэж үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэхтэй холбоотойгоор терроризмтой тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагын саналыг үндэслэн Засгийн газраас баталсан хүн, хуулийн этгээдийн жагсаалтыг;

3.1.19.“үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх /цаашид “зэвсэг дэлгэрүүлэх” гэх/” гэж Монгол Улсын олон улсын гэрээ, хууль тогтоомжоор хориглосон цөмийн, химийн, биологийн, эсхүл үй олноор хөнөөх бүх төрлийн зэвсэг, тэдгээрийн түүхий эд, эд зүйл, тоног төхөөрөмж, технологи болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх зорилгоор хоёрдмол зориулалттай бараа, бүтээгдэхүүнийг боловсруулах, үйлдвэрлэх, эзэмших, хадгалах, олж авах, тээвэрлэх, экспортлох, шилжүүлэх, хуримтлуулах, худалдах, худалдан авах, ашиглах аливаа үйл ажиллагааг;

3.1.20.“үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх” гэж Монгол Улсын олон улсын гэрээ, хууль тогтоомжоор хориглосон цөмийн, химийн, биологийн, эсхүл үй олноор хөнөөх бүх төрлийн зэвсэг, тэдгээрийн түүхий эд, эд зүйл, тоног төхөөрөмж, технологи болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх зорилгоор хоёрдмол зориулалттай бараа, бүтээгдэхүүнийг боловсруулах, үйлдвэрлэх, эзэмших, хадгалах, олж авах, тээвэрлэх, экспортлох, шилжүүлэх, хуримтлуулах, худалдах, худалдан авах, ашиглахад бүрэн, эсхүл хэсэгчилсэн санхүүгийн дэмжлэг, үйлчилгээ үзүүлэхийг;

3.1.21.“хөрөнгө царцаах” гэж аливаа хөрөнгө, мөнгөн хөрөнгийн хөдөлгөөнийг эрх бүхий этгээдийн шийдвэрээр албадан битүүмжлэх, хураан авах хүртэл хугацаанд захиран зарцуулах, шилжүүлэх, удирдах эрхийг хязгаарлахыг.

3.2.Зэвсэгт мөргөлдөөн болон террорист үйл ажиллагаанд оролцох зорилгоор өөрийн төрөлх, эсхүл оршин суугаа улсаас өөр улсад зорчсон хүнийг энэ хуулийн 3.1.6-д заасан террорист гэж үзнэ.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх үйл ажиллагааны зарчим

4.1.Зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас гадна дараах зарчмыг удирдлага болгоно:

4.1.1.тогтвортой, цогц, уялдаа холбоотой, шуурхай, тасралтгүй байх;

4.1.2.терроризмын аюулд өртсөн хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирч болох хохирол, хор уршгийг багасгах;

4.1.3.терроризмтой тэмцэх арга, техник хэрэгсэл, оролцогчдын нууцлал, аюулгүй байдлыг хангах;

4.1.4.терроризмтой тэмцэх, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны удирдлага нэгдмэл, төвлөрсөн, тогтвортой байх;

4.1.5.судалгаа, шинжилгээнд суурилсан, шинжлэх ухаан, дэвшилтэт техник, технологи, шинэ мэдлэгт үндэслэсэн байх;

4.1.6.төрөөс хүн, хуулийн этгээд, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх.

Хэвлэх

5 дугаар зүйл.Олон улсын хамтын ажиллагаа

5.1.Төр, нийгэм, хүний аюулгүй байдлыг хангахын тулд Монгол Улсын олон улсын гэрээний дагуу гадаад улс, олон улсын байгууллагатай зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх чиглэлээр хамтран ажиллана.

Хэвлэх

6 дугаар зүйл.Зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх арга хэмжээний үндсэн чиглэл

6.1.Төрөөс зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

6.1.1.терроризмын нөхцөл байдал, түүний суурь нөхцөлийг үнэлэх;

6.1.2.зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх улс төр, эдийн засаг, нийгэм, эрх зүй, зохион байгуулалтын арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх;

6.1.3.терроризмын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлж, терроризмоос ангид байх үзлийг төлөвшүүлэх;

6.1.4.терроризм үл нутагших, террорист этгээд нэвтрэхгүй, орогнохгүй байх орчин нөхцөлийг бүрдүүлэх;

6.1.5.террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны бэлэн байдлыг хангах;

6.1.6.хүн, хуулийн этгээд, улсын онц чухал объект, хүн ам олноор төвлөрсөн газрыг террорист үйлдлээс сэргийлэн хамгаалах;

6.1.7.террорист үйлдэлд өртөх эрсдэлийг бууруулах, түүнээс үүсэх хохирол, хор уршгийг багасгахад чиглэсэн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;

6.1.8.зэвсэг, бодис, хэрэгсэл, юмсыг террорист үйлдэлд ашиглахаас сэргийлэх;

6.1.9.зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх чиглэлээр олон улсын болон гадаад, дотоодын байгууллагатай хамтран ажиллах;

6.1.10.зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэхэд хүн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн болон бусад байгууллагын оролцоог нэмэгдүүлэх.

6.2.Энэ хуулийн 6.1.1-д заасан терроризмын нөхцөл байдлыг үнэлэхдээ бүс нутаг, улс оронд үйлдэгдсэн, үйлдэгдэж болзошгүй терроризм, түүний чиг хандлага, арга хэлбэр, аюул занал, эрсдэлд дүн шинжилгээ хийж, олон улсын байгууллагын зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх бодлого, үйл ажиллагааг харгалзан дүгнэлт гаргана.

Хэвлэх


ХОЁРДУГААР БҮЛЭГ
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТНЫ БҮРЭН ЭРХ

7 дугаар зүйл.Улсын Их Хурлын бүрэн эрх

7.1.Улсын Их Хурал зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

7.1.1.зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх төрийн бодлого, хууль тогтоомжийг батлах, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавих;

7.1.2.зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөр, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг улсын төсөвт тусгаж батлах.

Хэвлэх

8 дугаар зүйл.Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрх

8.1.Монгол Улсын Ерөнхийлөгч зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

8.1.1.Монгол Улсын Ерөнхийлөгч-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн нь бүрэн эрхийн хүрээнд зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх үйл ажиллагааны талаар холбогдох төрийн байгууллагын тайлан, мэдээллийг сонсох, Засгийн газарт чиглэл өгөх;

8.1.2.террорист үйлдлийн улмаас онц байдал тогтоосон үед цэрэг хөдөлгөх захирамж гаргах;

8.1.3.зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх талаар хуульд заасны дагуу холбогдох дүрмийг батлах.

Хэвлэх

9 дүгээр зүйл.Засгийн газрын бүрэн эрх

9.1.Засгийн газар зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

9.1.1.зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх төрийн бодлого боловсруулах, хууль тогтоомжид нийцүүлэн үндэсний хөтөлбөр, баримт бичгийг батлах, хэрэгжүүлэх;

9.1.2.зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх хууль тогтоомжийн биелэлтийг хангах, энэ талаар холбогдох байгууллага, албан тушаалтанд үүрэг, даалгавар, чиглэл өгөх;

9.1.3.хуульд өөрөөр заагаагүй бол зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх талаар хамтран ажиллах Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээр байгуулах;

9.1.4.терроризмтой тэмцэх үйл ажиллагаанд төрийн цэргийн байгууллагын томилгоот бүлгийг оролцуулах саналыг Зэвсэгт хүчний ерөнхий командлагчид тавих;

9.1.5.террорист үйлдлийн улмаас онц байдал тогтоох нөхцөл байдал үүссэн тохиолдолд Монгол Улсын Үндсэн хууль, холбогдох хууль тогтоомжийн дагуу онц байдал тогтоох асуудлыг тавьж шийдвэрлүүлэх;

9.1.6.Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн зөвлөлийн хориг арга хэмжээний тогтоолыг даруй хэрэгжүүлэх;

9.1.7.Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн зөвлөлд хүн, хуулийн этгээдийг хориг арга хэмжээний жагсаалтад оруулах, хасах тухай хүсэлт гаргах;

9.1.8.терроризмтой тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагын саналыг үндэслэн дотоодын жагсаалтыг батлах;

9.1.9.хоёрдмол зориулалттай бараа, бүтээгдэхүүний жагсаалт батлах.

Хэвлэх

10 дугаар зүйл.Тагнуулын байгууллагын бүрэн эрх

10.1.Тагнуулын байгууллага зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

10.1.1.терроризмтой тэмцэх ажлыг зохион байгуулах, хэрэгжүүлэх;

10.1.2.зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх хууль тогтоомж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх, боловсронгуй болгох тухай саналаа Засгийн газарт хүргүүлэх;

10.1.3.хуульд заасны дагуу хүн, хуулийн этгээд, төрийн байгууллагаас шаардлагатай мэдээллийг гаргуулан авах, мэдээллийн нэгдсэн сан үүсгэх;

10.1.4.үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий болон төрийн захиргааны төв байгууллагатай мэдээлэл солилцох, хамтран ажиллах журмыг холбогдох байгууллагын саналыг үндэслэн батлах;

10.1.5.Монгол Улсын олон улсын гэрээ, хууль тогтоомжоор хориглосон цөмийн, химийн, биологийн болон үй олноор хөнөөх бүх төрлийн зэвсэг, тэдгээрийн түүхий эд, тоног төхөөрөмж, техник, технологи, тэсэрч дэлбэрэх, хүчтэй үйлчлэх хорт бодис, зэвсэг, цахим сүлжээ бусад техник хэрэгсэл, эд зүйл, юмсыг террорист үйлдэлд ашиглахаас, терроризм болон зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хүн, хуулийн этгээдэд шаардлага хүргүүлэх, биелэлтийг хангуулах;

10.1.6.Нэгдсэн удирдлагын төв, Шуурхай штабыг удирдлага, зохион байгуулалтаар хангах.

Хэвлэх


ГУРАВДУГААР БҮЛЭГ
ЗЭВСЭГ ДЭЛГЭРҮҮЛЭХ БОЛОН ТЕРРОРИЗМТОЙ ТЭМЦЭХ АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ҮНДЭС

11 дүгээр зүйл.Терроризмтой тэмцэх зөвлөл

11.1.Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллага, холбогдох төрийн байгууллагын зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах, мэдээлэл солилцох чиг үүрэг бүхий орон тооны бус Терроризмтой тэмцэх зөвлөл /цаашид “Зөвлөл” гэх/-ийг Тагнуулын ерөнхий газрын даргаар ахлуулан байгуулна.

11.2.Зөвлөл нь хуульд заасан эрх хэмжээгээ хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх ажлын албатай байх бөгөөд түүний албан хаагчийг Тагнуулын ерөнхий газрын дарга томилж, чөлөөлнө.

11.3.Ажлын албаны албан хаагч нь тагнуулын байгууллагын албан хаагч байна.

11.4.Зөвлөлийн ажиллах журам, ажлын албаны бүтэц, орон тоог Засгийн газар, Зөвлөлийн бүрэлдэхүүнийг Ерөнхий сайд Тагнуулын ерөнхий газрын даргын саналыг үндэслэн батална.

11.5.Зөвлөлийн шийдвэр тогтоол хэлбэртэй байна.

11.6.Зөвлөл, түүний ажлын албаны үйл ажиллагаанд шаардагдах зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

11.7.Аймаг, нийслэл дэх Зөвлөлийн орон тооны бус салбар зөвлөл /цаашид “салбар зөвлөл” гэх/-ийг аймаг, нийслэлийн Засаг дарга даргална.

11.8.Зөвлөл нь тогтоосон журмын дагуу үйлдсэн тамга, тэмдэг, бэлгэдэл, хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

Хэвлэх

12 дугаар зүйл.Зөвлөлийн эрх хэмжээ

12.1.Зөвлөл дараах эрх хэмжээг хэрэгжүүлнэ:

12.1.1.зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, үндэсний хөтөлбөр, төсөл, нэгдсэн төлөвлөгөө, тайлан, холбогдох шийдвэрийн төслийг боловсруулж Ерөнхий сайдад танилцуулах;

12.1.2.зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх талаар гадаад улс, олон улсын байгууллагатай хамтран ажиллах, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх;

12.1.3.зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх чиглэлээр төрийн байгууллага, иргэн, хэвлэл мэдээллийн болон бусад байгууллагын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах;

12.1.4.энэ хуулийн 6.2-т заасан үнэлгээг хийж, дүгнэлтийг Ерөнхий сайд болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн бусад гишүүнд танилцуулах, терроризмтой тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагыг шуурхай мэдээллээр хангах;

12.1.5.энэ хуулийн 6.1.3-т заасан чиглэлээр сургалт, сурталчилгаа зохион байгуулах;

12.1.6.хориг арга хэмжээг хэрэгжүүлэхэд төрийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг зохицуулах;

12.1.7.террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны хүч хэрэгслийн бэлэн байдлыг хангах, хамтарсан сургууль, нэгдсэн дадлагыг улсын хэмжээнд зохион байгуулах;

12.1.8.Нэгдсэн удирдлагын төвийг байгуулах;

12.1.9.зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх чиглэлээр салбар зөвлөл, холбогдох байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангах, үүрэг, даалгавар, заавар, зөвлөмж, чиглэл өгөх, түүний хэрэгжилтэд хяналт тавих.

12.2.Салбар зөвлөл энэ хуулийн 12.1.3, 12.1.5-д заасан эрх хэмжээг хэрэгжүүлж, харьяа нутаг дэвсгэртээ зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмоос урьдчилан сэргийлэх, үүсэж болзошгүй эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг зохион байгуулна.

Хэвлэх

13 дугаар зүйл.Зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх талаар төрийн байгууллага, албан тушаалтны үүрэг

13.1.Төрийн байгууллага, албан тушаалтан зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх талаар дараах нийтлэг үүрэг хүлээнэ:

13.1.1.зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг үйл ажиллагааны онцлогт нийцүүлэн төлөвлөх, хэрэгжүүлэх;

13.1.2.Зөвлөлийн шийдвэрийг биелүүлэх, хэрэгжилтийг тайлагнах;

13.1.3.террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаа явуулах, хохирол, хор уршгийг арилгах, сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг, туслалцаа үзүүлэх;

13.1.4.терроризмтой тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагатай мэдээлэл солилцох, судалгаа болон эрсдэлийн үнэлгээ хийх нөхцөл, боломжийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх.

13.2.Зөвлөлийн бүрэлдэхүүнд багтдаг байгууллага, албан тушаалтан энэ хуулийн 13.1-д зааснаас гадна дараах үүргийг хүлээнэ:

13.2.1.зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх үндэсний хөтөлбөр, нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, үр дүнг Зөвлөлд тайлагнах;

13.2.2.энэ хуулийн 12.1.4-т заасан чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээ, мэдээллийг Зөвлөлд тухай бүр гаргаж өгөх;

13.2.3.Зөвлөлтэй үйл ажиллагаагаа уялдуулах, мэдээлэл солилцох, дэмжлэг үзүүлэх, мэргэшсэн албан хаагчийг ажиллуулах.

Хэвлэх

14 дүгээр зүйл.Зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмоос урьдчилан    сэргийлэх талаар хүн, хуулийн этгээдийн хүлээх үүрэг

14.1.Хүн, хуулийн этгээд зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмоос сэргийлэх талаар дараах үүрэг хүлээнэ:

14.1.1.зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой холбоотой мэдээ, мэдээллийг төрийн байгууллагад даруй өгөх;

14.1.2.террорист үйлдэл, үйл ажиллагаанд өдөөн хатгасан аливаа явуулга, суртал ухуулга, үзэл санаанд автахгүй байх;

14.1.3.терроризмыг сурталчлах, олон нийтэд уриалах, нийтийн өмнө зөвтгөх аливаа үйл ажиллагаа явуулахгүй байх;

14.1.4.терроризмоос сэргийлэх, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааг явуулах, хохирол, хор уршгийг арилгах, сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг, туслалцаа үзүүлэх.

14.2.Хориг арга хэмжээний болон дотоодын жагсаалтад орсон хүн, хуулийн этгээдийг шууд болон шууд бусаар санхүүжүүлэх, түүнд эдийн засгийн эх үүсвэр олгох, санхүү, бусад бүх төрлийн үйлчилгээ, туслалцаа, дэмжлэг үзүүлэхийг хориглоно.

Хэвлэх


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ТЕРРОРИСТ ҮЙЛДЛИЙН СӨРӨГ ТУСГАЙ АЖИЛЛАГААНЫ УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ЭРХ ЗҮЙН ҮНДЭС

15 дугаар зүйл.Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаа

15.1.Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд дараах ажиллагаа хамаарна:

15.1.1.террорист үйлдлийг илрүүлэх, хүн, хуулийн этгээдийг хамгаалах;

15.1.2.террорист үйлдэлд өртсөн хүн, эд хөрөнгийг аврах;

15.1.3.террорист үйлдлийн шалтгаан нөхцөлийг арилгах;

15.1.4.террорист үйлдлийг таслан зогсоох арга хэмжээг авах;

15.1.5.террорист этгээдийг баривчлах, аюулгүй болгох;

15.1.6.террорист үйлдэлд ашиглаж байгаа болон ашиглахад зориулсан эд хөрөнгө, эд зүйл, юмс, мөнгөн хөрөнгө, террорист үйл ажиллагаа, үйлдлээс олсон хөрөнгө, орлогыг илрүүлэх, хураах;

15.1.7.тухайн нөхцөл байдлаас шалтгаалан эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр бэлтгэн явуулах хууль тогтоомжид заасан бусад тусгай ажиллагаа.

Хэвлэх

16 дугаар зүйл.Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны хүч хэрэгсэл

16.1.Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд доор дурдсан байгууллагын хүч хэрэгсэл оролцоно:

16.1.1.тагнуулын төв байгууллага, түүний төв болон орон нутаг дахь салбар, нэгж;

16.1.2.цагдаагийн төв байгууллага, түүний харьяа алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан байгууллага;

16.1.3.улсын хил хамгаалах байгууллага;

16.1.4.шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага;

16.1.5.онцгой байдлын байгууллага;

16.1.6.дотоодын цэргийн штаб, анги, салбар;

16.1.7.терроризмтой тэмцэх Зөвлөлийн бусад бүрэлдэхүүн байгууллага;

16.1.8.зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн захирамжаар томилогдсон зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбар.

16.2.Энэ хуулийн 16.1-д заасан байгууллагын мэргэшсэн алба хаагчдаас бүрдсэн томилгоот хэсэг нь террорист үйлдлийн үед тэсэрч дэлбэрэх, цацраг идэвхт, хими, биологийн бодис болон хүчтэй үйлчлэх хорт бодис илрүүлэх, аюулгүй болгох ажиллагааг гүйцэтгэнэ.

16.3.Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд гадаадын цэрэг, тусгай хүчний салбар, нэгжийг Гадаадын цэргийн хүчнийг байрлуулах, дамжин өнгөрүүлэх тухай хуульд заасны дагуу оролцуулж болно.

16.4.Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд нисдэг тэрэг, хуягт тээвэрлэгч, газар уснаа явагч зэрэг тусгай тоноглогдсон тээврийн хэрэгсэл, зэвсэг, галт хэрэглэл, албаны нохой болон бусад тусгай техник хэрэгсэл ашиглана.

Хэвлэх

17 дугаар зүйл.Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааг удирдах

17.1.Зөвлөл террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны зорилго, агуулга, цар хүрээнд нийцүүлэн Нэгдсэн удирдлагын төвийг байгуулна.

17.2.Хойшлуулшгүй тохиолдолд Зөвлөлийн даргын шийдвэрээр холбогдох байгууллагын хүч хэрэгслийг шууд томилон ажиллуулна.

17.3.Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааг Нэгдсэн удирдлагын төв удирдаж, Зөвлөлийн шийдвэрийг террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны бүсэд Шуурхай штаб хэрэгжүүлнэ.

17.4.Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцож байгаа хүч хэрэгсэл тусгай ажиллагаа үргэлжлэх хугацаанд Шуурхай штабын даргад шууд захирагдана.

17.5.Шуурхай штабын хүсэлт, шаардлагыг төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хүн, хуулийн этгээд нэн даруй биелүүлж, түүнд бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлэх үүрэг хүлээнэ.

Хэвлэх

18 дугаар зүйл.Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаа явуулах журам

18.1.Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааг Монгол Улсын олон улсын гэрээ, энэ хууль болон холбогдох бусад хууль, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам, зааврын дагуу явуулна.

18.2.Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаа явуулах дүрмийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Монгол Улсын Ерөнхийлөгч батална.

18.3.Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаа явуулах журам, зааврыг Зөвлөлийн дарга батална.

18.4.Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд дэмжлэг, туслалцаа үзүүлсэн хүнд Засгийн газраас тогтоосон журмын дагуу урамшуулал олгоно.

18.5.Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаа явуулах дүрэм, журам, зааврын нууцын зэрэглэлийг Төрийн болон албаны нууцын тухай хуульд нийцүүлэн тогтооно.

Хэвлэх

19 дүгээр зүйл.Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны бүсийн дэглэм

19.1.Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны бүс, түүний дэглэмийг Шуурхай штабын дарга тогтоож, Цагдаагийн албаны тухай хуулийн Дөрөв, Тавдугаар бүлэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлд заасан ажиллагааг явуулна.

19.2.Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны бүсийн дэглэм тогтоосон үед дараах хязгаарлалтыг тогтооно:

19.2.1.олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээнд хяналт тогтоох, эсхүл террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаа дууссанд тооцох хүртэл хугацаанд үйл ажиллагааг нь зогсоох;

19.2.2.радио, харилцаа холбооны хэрэгсэл ашиглахад тусгай хяналт тогтоох.

Хэвлэх

20 дугаар зүйл.Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааг дууссанд тооцох

20.1.Террорист үйлдлийг таслан зогсоосон, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны бүсэд хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд аюул учрах нөхцөл байдлыг арилгасан тохиолдолд Зөвлөлийн шийдвэрээр террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааг дууссанд тооцно.

Хэвлэх

21 дүгээр зүйл.Террорист үйлдлийн хохирол, хор уршгийг арилгах

21.1.Хүн ам, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд террорист үйлдлээс үүсэх гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг хуульд зааснаар зохион байгуулна.

21.2.Террорист үйлдлийн хохирлыг арилгах арга хэмжээг Засгийн газрын шийдвэрээр хэрэгжүүлнэ.

Хэвлэх

22 дугаар зүйл.Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцох алба хаагчийн нийгэм, эдийн засаг, хууль зүйн баталгаа

22.1.Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцохоор томилогдсон зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тусгай бэлтгэл, зориулалт бүхий нэгжийн алба хаагчийг гэнэтийн осол, амь насны даатгалд заавал хамруулж, холбогдох зардлыг төр хариуцна.

22.2.Засгийн газар террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцох тусгай бэлтгэл, зориулалт бүхий нэгжийн алба хаагчийн галт зэвсэг, тусгай хэрэгсэл, техник, тоног төхөөрөмж болон бусад эдийн хангалтыг хариуцна.

22.3.Энэ хуулийн 16.1-д заасан байгууллагын алба хаагч террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцсоны улмаас гэмтсэн, эрүүл мэндэд нь хохирол учирсан бол эмчилгээний зардал, хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд тэтгэмж, үндсэн цалингийн зөрүү болон хиймэл эрхтэн хийлгэх, амраах, нөхөн сэргээхтэй холбогдох зардлыг төр хариуцна.

22.4.Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны үед үүрэг гүйцэтгэсэн алба хаагчид олгох албан томилолтын зардлыг ердийн үеийнхээс гурав дахин нэмэгдүүлж олгоно.

22.5.Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны нэгжид ажилласан алба хаагчийн ажилласан нэг жилийг нэг жил дөрвөн сартай дүйцүүлэн тооцно.

Хэвлэх


ТАВДУГААР БҮЛЭГ
ХОРИГ АРГА ХЭМЖЭЭ

23 дугаар зүйл.Хориг арга хэмжээг хэрэгжүүлэх нийтлэг журам  

23.1.Хориг арга хэмжээг энэ хуульд заасан журмын дагуу даруй хэрэгжүүлнэ.

23.2.Хориг арга хэмжээний болон дотоодын жагсаалт батлах, жагсаалтаас гаргах, түүнийг хянах, жагсаалтад орсон хүн, хуулийн этгээдийн хөрөнгийг царцаах, эрхийг түр хязгаарлах, жагсаалттай холбоотой гомдлыг хүлээн авах, хянан шийдвэрлэх, гуравдагч этгээдийн хөрөнгийг тусгаарлах харилцааг зохицуулсан журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Улсын ерөнхий прокурор, Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Тагнуулын ерөнхий газрын даргын саналыг үндэслэн Засгийн газар батална.

23.3.Тагнуулын байгууллага Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан тогтоолыг үндэслэн энэ хуулийн 23.2-т заасан журмын дагуу аливаа хүн, хуулийн этгээдийг хориг арга хэмжээний болон дотоодын жагсаалтад оруулах талаар холбогдох арга хэмжээг авна.

23.4.Энэ хуулийн 23.2-т заасан журмын дагуу авч хэрэгжүүлэх арга хэмжээ тухайн хүн, хуулийн этгээдтэй холбогдуулан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлсэн эсэхээс үл хамаарна.

23.5.Хориг арга хэмжээний болон дотоодын жагсаалтад орсон хүн, хуулийн этгээд өөрийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хууль бусаар зөрчсөн гэж үзвэл энэ хуулийн 23.2-т заасан журмын дагуу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах эрхтэй.

23.6.Хүн, хуулийн этгээд аливаа үйлчилгээ үзүүлэхдээ хориг арга хэмжээний болон дотоодын жагсаалтад орсон хүн, хуулийн этгээд, тэдгээрийг санхүүжүүлдэг этгээдийн шууд болон шууд бус өмчлөл, эсхүл хяналтад байгаа хөрөнгийг даруй царцааж тагнуулын байгууллагад 24 цагийн дотор мэдээлнэ.

23.7.Хориг арга хэмжээний хэрэгжилтийг хангуулах, түүнд хяналт тавих ажлыг Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 19.1-д заасан байгууллага хэрэгжүүлнэ.

Хэвлэх

24 дүгээр зүйл.Хориг арга хэмжээг авч хэрэгжүүлэх

24.1.Тагнуулын байгууллага, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Санхүүгийн мэдээллийн алба болон холбогдох төрийн байгууллага, хүн, хуулийн этгээд хориг арга хэмжээг хэрэгжүүлэхдээ доор дурдсан хөрөнгийг царцаана:

24.1.1.тодорхой террорист үйлдэл, үйл ажиллагаагаар хязгаарлахгүй хориг арга хэмжээний болон дотоодын жагсаалтад орсон хүн, хуулийн этгээдийн өмчлөл буюу хяналтаа тогтоосон бүхий л мөнгөн хуримтлал, бусад хөрөнгө;

24.1.2.хориг арга хэмжээний болон дотоодын жагсаалтад орсон хүн, хуулийн этгээдээс бүхэлд нь буюу хэсэгчлэн, дангаараа буюу хамтран, шууд болон шууд бусаар өмчлөл буюу хяналтаа тогтоосон бүхий л мөнгөн хуримтлал, бусад хөрөнгө;

24.1.3.энэ хуулийн 24.1.1, 24.1.2-т заасан хөрөнгөөс бий болсон мөнгөн хуримтлал, бусад хөрөнгө, хориг арга хэмжээний болон дотоодын жагсаалтад орсон хүн, хуулийн этгээдийн заавраар, тэдгээрийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа эрхэлж байгаа хүн, хуулийн этгээдийн мөнгөн хуримтлал буюу бусад хөрөнгө;

24.1.4.Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн зөвлөлийн тогтоолоор хориг арга хэмжээний жагсаалтад оруулсан бусад хөрөнгө.

Хэвлэх


ЗУРГАДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ

25 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

25.1.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

25.2.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол тагнуулын байгууллагаас Төрийн албаны тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэхээр харьяалах дээд шатны байгууллага, албан тушаалтанд санал тавьж шийдвэрлүүлнэ:

25.2.1.энэ хуулийн 13.1.2, 13.1.3, 13.1.4-т заасан үүргээ биелүүлээгүй албан тушаалтны албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах;

25.2.2.энэ хуулийн 13.1.2, 13.1.3, 13.1.4-т заасан үүргээ удаа дараа биелүүлээгүй, эсхүл энэ хуулийн 17.4, 17.5-д заасан үүргээ биелүүлээгүй албан тушаалтныг албан тушаал бууруулах, албан тушаалаас нь огцруулах, эсхүл төрийн албанаас халах.

25.3.Энэ хуулийн 25.2-т заасан саналыг хүлээн авсан харьяалах дээд шатны байгууллага, албан тушаалтан нь тухайн албан тушаалтанд саналын дагуу холбогдох хариуцлага хүлээлгэж, энэ талаар 14 хоногийн дотор тагнуулын байгууллагад хариу мэдэгдэнэ.

25.4.Энэ хуулийн 25.3-т заасныг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан бол тухайн албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх саналыг тагнуулын байгууллагаас түүнийг томилох, чөлөөлөх эрх бүхий байгууллага, албан тушаалтанд тавьж шийдвэрлүүлнэ.

25.5.Тагнуулын байгууллагаас энэ хуульд заасан бүрэн эрх, эрх хэмжээний хүрээнд гаргасан шийдвэрийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан, хүн, хуулийн этгээд шийдвэрийн дагуу холбогдох арга хэмжээг авч, хариу мэдэгдэх үүрэгтэй.

25.6.Энэ хуульд заасан байгууллага, албан тушаалтан, хүн, хуулийн этгээд энэ хуульд заасан үүргээ биелүүлсний улмаас бусдад гэм хор учруулсан бол Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Иргэний хууль болон бусад хуульд заасан аливаа хариуцлагад татах үндэслэл болохгүй.

Хэвлэх

26 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

26.1.Энэ хуулийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Г.ЗАНДАНШАТАР