A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр

Дугаар 385

Улаанбаатар хот

ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Журам батлах тухай" Засгийн газрын 2009 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 3 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Монгол Улсын Засгийн газрын хуралдааны журам"-д дор дурдсан агуулгатай дараахь хэсэг, заалт нэмсүгэй:

1/ 4 дүгээр зүйлийн 4.1.8, 4.1.9 дэх заалт:

"4.1.8. Хуульд заасны дагуу Засгийн газрын шийдвэрээр албан тушаалтныг томилох, чөлөөлөх асуудал;

4.1.9. Нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн болон улсын төсвийн төсөлтэй холбоотой асуудал."

2/ 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэг:

"5.3. Төрийн болон албаны нууцад хамаарах асуудалд Тагнуулын байгууллагын саналыг авна."

3/ 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэг:

"6.5. Энэ журмын 6.3-т заасан бүрдүүлэлтийн шаардлага хангаагүй материалыг Хэрэг эрхлэх газар тайлбар, үндэслэлийг заан буцаах бөгөөд асуудлыг хойшлуулшгүй шийдвэрлэх шаардлагатай тохиолдолд материалыг шуурхай, бүрэн бүрдүүлсний үндсэн дээр хуралдаанд оруулна."

4/ 6 дугаар зүйлийн 6.7 дахь хэсэг:

"6.7. Хуралдаанаар хэлэлцүүлэхээр ирүүлсэн асуудлыг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хууль зүйн үндэслэл, бусад хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэртэй нийцэж байгаа эсэхийг хянаж дэмжээгүй, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн жилийн улсын төсөв, хөрөнгө оруулалт, санхүүжүүлэх эх үүсвэртэй холбогдуулан хянаж дэмжээгүй тохиолдолд уг саналыг Хэрэг эрхлэх газрын дарга хуралдаан дээр танилцуулж, тухайн асуудлыг буцаах эсэхийг шийдвэрлүүлнэ."

4/ 7 дугаар зүйлийн 7.12 дахь хэсэг:

"7.12. Хуралдаанд оруулах асуудалтай холбогдох аудио, видео бичлэг, бусад цахим танилцуулгыг тухайн асуудлыг хэлэлцэхээс 2-оос доошгүй хоногийн өмнө Хэрэг эрхлэх газарт ирүүлж, техникийн шаардлага хангаж байгаа эсэхийг шалгуулна."

5/ 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг:

"12.2. Улсын Их Хурлын Тамгын газраас тов тогтсоны дагуу хууль тогтоомжийн төслийг Монгол Улсын Ерөнхий сайд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхэд Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга, Засгийн газрын гишүүд өргөн мэдүүлэхэд Хэрэг эрхлэх газрын хуулийн асуудал хариуцсан нэгжийн дарга тус тус оролцоно."

2. Мөн журмын 5.1 дэх хэсгийн "уг асуудалд" гэсний дараа "Засгийн газрын гишүүд, дараахь байгууллагын саналыг авах бөгөөд" гэж, 6.2 дахь хэсэгт "Танилцуулах асуудалд тодорхой асуудлыг шийдвэрлэх, хөрөнгө, санхүүжилт гаргах зохицуулалт тусгахыг хориглоно." гэсэн, 10.3 дахь хэсэгт "Хуралдаанд танилцуулсан асуудлаар даалгавар, үүрэг, чиглэл өгөх тэмдэглэл гаргаж болно." гэсэн 2 дахь өгүүлбэр тус тус нэмсүгэй.

3. Мөн журмын 5.3, 5.4, 5.5, 5.6, 5.7, 5.8 дахь хэсгийн дугаарыг "5.4, 5.5, 5.6, 5.7, 5.8, 5.9" гэж, 6.5 дахь хэсгийн дугаарыг "6.6. гэж, 12.2, 12.3 дахь хэсгийн дугаарыг "12.3, 12.4" гэж тус тус өөрчилсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.ОЮУН-ЭРДЭНЭ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр

Дугаар 351

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Монгол Улсын Засгийн газрын хуралдааны журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

(Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2022 оны 339 дүгээр тогтоол, Засгийн газрын 2023 оны 256 дугаар тогтоолоор тус тус нэмэлт, өөрчлөлт орсон)

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2009 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 3 дугаар тогтоол, "Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2012 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 17 дугаар тогтоол, "Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 207 дугаар тогтоол, "Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 385 дугаар тогтоол, "Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 33 дугаар тогтоол, "Журамд нэмэлт оруулах тухай" Засгийн газрын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 142 дугаар тогтоол, "Сайд нарын Зөвлөлийн тогтоол, шийдвэрийн хуулбарт тогтоол ангийн тэмдгийг дарж байх тухай" Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийн 1956 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 211 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.НЯМДОРЖ

(Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2022 оны 339 дүгээр тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон)