A

A

A

  • Нүүр
  • Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл
  • ЭМИЙН ЖАГСААЛТЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ- “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээ”, “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох 0-5 насны хүүхдийн зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээ” /ЭМДҮЗ-ийн 2020 оны 11 дүгээр тогтоолоор хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/ЭМДҮЗ-ийн 2020 оны 11 дүгээр тогтоолоор хүчингүй болсон/

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 4488 дугаарт бүртгэв.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Дугаар 12 Улаанбаатар хот

ЭМИЙН ЖАГСААЛТЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7, 9.3 дахь заалт, 14 дүгээр зүйлийн 14.8.6, 14.9.10 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1."Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээ"-г нэгдүгээр хавсралтаар, "Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох 0-5 насны хүүхдийн зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээ"-г хоёрдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

2.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан дараах арга хэмжээг хэрэгжүүлэхийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (Ч.Алтанхуяг)-т даалгасугай:

2.1.Эрүүл мэндийн даатгалын гэрээ бүхий эмийн сангуудад уг тогтоолыг шуурхай хүргэх, эмийн бүртгэлийн дугаарын дагуу эмийг худалдааны нэрээр даатгуулагчдад шуурхай, чирэгдэлгүй олгох талаар мэдээлэх, сурталчлах ажлыг зохион байгуулах;

2.2.Эрүүл мэндийн даатгалын цахим жорын системийн мэдээлэлтэй уялдуулан даатгалын гэрээ бүхий эмийн санд тавих хяналтыг сайжруулах, боловсронгуй болгох чиглэлээр тодорхой арга хэмжээ авах;

2.3.Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Licemed эмийн бүртгэлийн цахим системд бүртгэгдсэн эмийн бүртгэлийн дугаарын дагуу Эрүүл мэндийн даатгалын цахим системд эмийн худалдааны нэршил, тун, хэмжээ, хэлбэр тус бүрээр бүртгэх;

2.4.Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй эмийн бүртгэлийн мэдээллийг түргэн шуурхай солилцох, эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон эмийн үнийг тогтмол судалж, үнэлгээ хийх, эмийн бүртгэлийн үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах;

3.Энэхүү тогтоолын нэг, хоёрдугаар хавсралтаар батлагдсан жагсаалтад заагдсан эмийг ерөнхий нэршлээр бичихийг хөнгөлөлттэй эмийн жор бичих эрх бүхий эмч нарт, худалдааны нэршлээр эмийн бүртгэлийн дугаарын дагуу үнийн дээд хязгаарыг баримтлан, дээд хязгаараас доогуур үнэтэй эмийг тухайн борлуулж буй үнээс тооцож, даатгуулагчдад үнийн хөнгөлөлт үзүүлэхийг даатгалын гэрээ бүхий эмийн сангийн эрхлэгч нарт тус тус үүрэг болгосугай.

4.Энэхүү тогтоол хүчин төгөлдөр мөрдөгдөх өдрөөс эхлэн Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2018 оны 24 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

5.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн Ажлын алба (Л.Номин)-нд даалгасугай.

ДАРГА Д.САРАНГЭРЭЛ