A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 325

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Хаягжуулалтын тухай хуулийн 4.7, 4.8, 4.9-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

(Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2022 оны 181 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)

2. Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг бүрэн хаягжуулах, улсын хэмжээний хаягийн мэдээллийн сангийн нэгдсэн системийг бий болгож, хэрэглээнд нэвтрүүлэхтэй холбогдуулан дараахь арга хэмжээг зохион байгуулж хэрэгжүүлэхийг дор дурдсан Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлагийн дарга болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай:

a/ улс, аймаг, нийслэлийн хэмжээний хаягийн мэдээллийн сан үүсгэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч, олон улс, улсын чанартай авто замын дагуу шинээр үүссэн суурьшил болон тусгай хамгаалалттай газарт байгуулагдсан амралт, аялал жуулчлалын газар, тэдгээрийн барилга байгууламжийг тусгасан 1:1000-ны масштабтай байр зүйн зураг боловсруулахыг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар (Ц.Ганхүү);

б/ хаягийн мэдээллийн сангийн нэгдсэн системийг газрын кадастрын болон хот байгуулалтын кадастрын мэдээллийн сантай холбох арга хэмжээ авч, хаягийн зурагт үндэслэсэн замчлал бүхий систем бий болгож хэрэглээнд нэвтрүүлэхийг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар (Ц.Ганхүү);

в/ гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах үйл ажиллагаатай уялдуулан иргэн, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хаягийн мэдээллийг шинэчилж хаягийн мэдээллийн сангийн нэгдсэн системд нийцүүлэх арга хэмжээ авахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Улсын бүртгэлийн ерөнхий газар (Э.Баасандорж);

г/ шуудангийн үйлчилгээ, хүргэлтийг хаягийн мэдээллийн сангийн нэгдсэн системд тулгуурлан боловсронгуй болгох чиглэлээр арга хэмжээ авахыг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар (Б.Чинбат)-т;

д/ харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд байрлах гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах болон хаягийн тэмдэг, тэмдэглэгээний ашиглалт, хадгалалт, хамгаалалтын арга хэмжээг зохион байгуулахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт.

3. Хаягийн мэдээллийн сангийн нэгдсэн систем бий болгох, хэрэглээнд нэвтрүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг жил бүрийн улс, орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2013 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 280 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Барилга, хот байгуулалтын сайд Х.БАДЕЛХАН