Хэвлэх DOC Татаж авах
ГАДААДААС 2020 ОНД АВАХ АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТНИЙ ЭЗЛЭХ ХУВИЙГ ТОГТООХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 420

ГАДААДААС 2020 ОНД АВАХ АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТНИЙ ЭЗЛЭХ ХУВИЙГ ТОГТООХ ТУХАЙ

Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 4.1.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсад 2020 онд үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, байгууллагын  нийт ажиллагчдын тоонд эзлэх гадаадын ажиллах хүч, мэргэжилтний хувийг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоолын хавсралтад заагаагүй салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа 20-иос дээш ажилчидтай аж ахуйн нэгж байгууллагад гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг тухайн байгууллагын нийт монгол ажиллагчдын 5 хүртэл хувь байхаар тогтоосугай.

3. Аж ахуйн нэгж, байгууллагын гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтнийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байхыг ажил олгогчид, үзлэгийг зохион байгуулж ажиллахыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд тус тус үүрэг болгосугай.

4. Энэ тогтоолын хавсралтад заасны дагуу ажиллуулах гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг 2020 онд авах, Монгол Улсад хөдөлмөр эрхлүүлэхэд хяналт тавих, буцаан гаргах ажлыг зохион байгуулж, улирал тутам Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд тайлагнаж ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                                      У.ХҮРЭЛСҮХ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд                                                     С.ЧИНЗОРИГ