A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 96

Төрийн ордон,Улаанбаатар хот

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.1.5-д заасан хүүхдийн мөнгөн тэтгэмжийг өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 хүртэлх насны, хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлт гаргасан хүүхэд бүрд сар бүр бэлэн мөнгөөр олгосугай.

2.Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгохтой холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай:

1/энэ тогтоолын 1 дэх заалтад заасан тэтгэмжийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн олгох;

2/хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгоход шаардагдах санхүүжилтийг цаашид жил бүрийн улсын төсөвт тусган шийдвэрлүүлэх.

3.Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан "Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай" Монгол Улсын Их Хурлын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 40 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 71

Төрийн ордон, Улаанбаатар хот

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн гаргасан хүсэлтэд үндэслэн Монгол Улсын 0-18 хүртэлх насны хүүхэд бүрд 100,000 /зуун мянга/ төгрөгийн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг сар бүр олгосугай.

/Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 45 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан./

2.Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох үйл ажиллагааг дараах хэлбэрээр зохион байгуулахыг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай:

1/өрхийн амьжиргааны түвшинг нарийвчлан тооцохдоо өрхийн мэдээллийн нэгдсэн сан болон төрийн мэдээллийн бусад санг ашиглан бүрдүүлэх;

2/хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүүхдийн мөнгөн хуримтлал болон бусад хэлбэрээр хадгалах, хөрөнгө оруулалт хийх боломжийг олгох;

3/хүүхдийн мөнгөн тэтгэмжийг согтууруулах ундаа, тамхины хэрэглээнд зарцуулахыг хориглох.

4/эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхдийн мөнгөн тэтгэмжээ Хүүхдийн төлөө санд шилжүүлэх хүсэлт гаргасан бол уг зохицуулалтыг холбогдох журамд тусгах.

/Энэ дэд заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 45 дугаар тогтоолоор нэмсэн./

3.2023 оны 1-6 дугаар сард хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдаагүй хүүхдэд 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн гаргасан хүсэлтэд үндэслэн уг хугацаанд ногдох мөнгөн тэтгэмжийг нөхөн олгосугай.

/Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 45 дугаар тогтоолоор нэмсэн./

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Монгол Улсын Их Хурлын 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 96 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

/Энэ заалтын дугаарт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 45 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан./

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР