A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ


2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 388

 


МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 51.2, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан “Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ын 4.6 дахь заалтын “болон” гэснийг “өмчийн” гэж, “10 хүртэл” гэснийг “15 хүртэл” гэж тус тус өөрчилсүгэй.
  
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан үр дүнгийн мөнгөн урамшуулалд шаардагдах нэмэлт хөрөнгийг өөрийн батлагдсан төсөвтөө багтаан 2020 оны 1 дүгээр сараас хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт даалгасугай.

3. Мэргэжлийн боловсрол, сургалтын талаар доор дурдсан арга хэмжээг хууль тогтоомжийн дагуу авч хэрэгжүүлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт даалгасугай:

     3.1. “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн сургалтын ажлыг багц цагаар тооцох журам”-ыг шинэчлэн батлах;

     3.2. “Мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж норматив”-ыг шинэчлэн баталж, 2021 оны төсөвт тусгах;

     3.3. Мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын дотуур байранд амьдрах нэг хүүхдийн хоногийн хоолны зардлыг шинэчлэн төсөвт багтааж, 2020 оны 1 дүгээр сараас хэрэгжүүлэх;

     3.4. Олон улсын байгууллагын ивээл доор зохион байгуулагддаг дэлхийн мэргэжлийн ур чадварын тэмцээнд оролцох багш, суралцагчдын оролцооны зардал, тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн багш, суралцагчдыг шагнаж урамшуулах, мөнгөн шагнал олгох зардлуудыг тухайн жилийн төсөвт тусгаж байх;

     3.5 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд одоо ажиллаж байгаа бүтэц орон тоонд түшиглэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Мэргэжлийн боловсрол, сургалтын ерөнхий газар шинээр байгуулах хэрэгцээ, шаардлага боломжийн талаар судлан санал танилцуулах.

 

 

Монгол Улсын Ерөнхий сайд                                             У.ХҮРЭЛСҮХ

 

Хөдөлмөр, нийгмийн

хамгааллын сайд                                                                С.ЧИНЗОРИГ