A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 103

Төрийн ордон,Улаанбаатар хот

Ерөнхийлөгчийн хоригийн тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Улсын Их Хурал 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр баталсан Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтад заасан 2020 оноос эхэлж 2021, 2022 онд дамжин хэрэгжих 381 төсөл, арга хэмжээнд хэсэгчлэн, мөн хуулийн 8 дугаар зүйлд заасан 1,828,930.3 сая төгрөгийн санхүүжилтээс 381 төсөл, арга хэмжээний 2020 онд санхүүжих дүнг хасахаар хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзсүгэй.

2.Улсын Их Хурал 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр баталсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзсүгэй.

3.Улсын Их Хурал 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр баталсан Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн 3 дугаар зүйлээр батлагдсан Нийгмийн даатгалын сангийн орлогод нийгмийн даатгалын шимтгэлийн 2020 онд нэмэгдэх хувь, хэмжээний нэмэгдлээс төвлөрөхөөр тооцоологдсон 174.2 тэрбум төгрөгийн хэмжээнд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсугай.

4.Улсын Их Хурал 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр баталсан Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлээр батлагдсан Нийгмийн даатгалын сангийн зарлагад нийгмийн даатгалын шимтгэлийн 2020 онд нэмэгдэх хувь, хэмжээний нэмэгдлээс төвлөрөн зарцуулагдахаар тооцоологдсон 174.2 тэрбум төгрөгийн хэмжээнд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзсүгэй.

5.Энэ тогтоолыг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР