Хэвлэх DOC Татаж авах
ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2019 оны 11 сарын 13 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот

ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/



НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь Засгийн газрын тусгай сангийн төрлийг тогтоож, эдгээр санг бүрдүүлэх, зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Хэвлэх

2 дугаар зүйл.Засгийн газрын тусгай сангийн хууль тогтоомж

2.1.Засгийн газрын тусгай сангийн хууль тогтоомж нь Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Төсвийн тухай хууль, Өрийн удирдлагын тухай хууль, Шилэн дансны тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

Хэвлэх

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Хуульд өөрөөр заагаагүй бол Засгийн газрын бүх тусгай сангийн бүрдүүлэлт, зарцуулалт, удирдлага, зохион байгуулалт болон хяналт тавих харилцаанд энэ хууль үйлчилнэ.

3.2.Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сан, Нийгмийн халамжийн сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Төсвийн тогтворжуулалтын сан, Ирээдүйн өв сан, Улсын авто замын сан, Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн бүрдүүлэлт, зарцуулалтын онцлогтой холбогдсон харилцааг тусгай хуулиар, нийтлэг харилцааг энэ хуулиар зохицуулна.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1.“Засгийн газрын тусгай сан” /цаашид “тусгай сан” гэх/ гэж Засгийн газрын тодорхой чиг үүрэг, зорилтыг санхүүжүүлэх зориулалттай төсвийн тусгай дансыг;

4.1.2.“эргэн төлөгдөх зээл” гэж тодорхой хугацааны дараа төсөвт буцаан төвлөрүүлэх нөхцөлтэйгөөр олгож байгаа улсын төсвийн шилжүүлгийг;

4.1.3.“эргэн төлөгдөх нөхцөлгүй олгосон эх үүсвэр” гэж урсгал зардал, хөрөнгийн зардлыг санхүүжүүлэх зориулалттай улсын төсвийн шилжүүлгийг.

Хэвлэх


ХОЁРДУГААР БҮЛЭГ
ТУСГАЙ САН, ТҮҮНИЙ ТӨРӨЛ

5 дугаар зүйл.Тусгай сан, түүний төрөл, тусгай санг шинээр байгуулах, татан буулгах

5.1.Тусгай сангийн орлого, зарлагын тайлан нь Монгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайлангийн бүрэлдэхүүн хэсэг байна.

5.2.Тусгай санг хуулиар байгуулж, татан буулгана.

5.3.Тусгай сан дараах төрөлтэй байна:

5.3.1.Байгаль орчин, уур амьсгалын сан;

5.3.2.Боловсролын зээлийн сан;

5.3.3.Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан;

5.3.4.Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан;

5.3.5.Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан;

5.3.6.Засгийн газрын нөөц сан;

5.3.7.Зэвсэгт хүчний хөгжлийн сан;

5.3.8.Ирээдүйн өв сан;

5.3.9.Кино урлагийг дэмжих сан;

5.3.10.Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан;

5.3.11.Нийгмийн даатгалын сан;

5.3.12.Нийгмийн халамжийн сан;

5.3.13.Соёл, урлагийг дэмжих сан;

5.3.14.Спортыг дэмжих сан;

5.3.15.Төсвийн тогтворжуулалтын сан;

5.3.16.Улсын авто замын сан;

5.3.17.Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан;

5.3.18.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан;

5.3.19.Хөдөө аж ахуйг дэмжих сан;

5.3.20.Шинжлэх ухаан, технологийн сан;

5.3.21.Эрүүл мэндийг дэмжих сан;

5.3.22.Эрүүл мэндийн даатгалын сан.

5.3.23.Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сан.     

/Энэ заалтыг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./

5.4.Энэ хуулийн 5.3.4, 5.3.6, 5.3.8, 5.3.15-д зааснаас бусад тусгай сан нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд туссан үйл ажиллагааг санхүүжүүлдэг байх зарчим баримтална.

5.5.Тусгай санг шинээр байгуулахад энэ хуульд заасан дараах шаардлагыг зэрэг хангасан байна:

5.5.1.тусгай санг бүрдүүлэх эх үүсвэр тодорхой байх;

5.5.2.тусгай санг энэ хуулийн 6.1.1-д зааснаас бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн байх;

5.5.3.дунд хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулах;

5.5.4.төсвийн ерөнхийлөн захирагчийн тухайн жилийн төсөвт хөтөлбөр хэлбэрээр тусган хэрэгжүүлэх боломжгүй байх;

5.5.5.бусад тусгай сангийн үйл ажиллагаатай давхардаагүй байх;

5.5.6.холбогдох тооцоо, судалгаанд үндэслэсэн байх.

5.6.Тусгай санг дараах үндэслэлээр татан буулгана:

 5.6.1.тусгай сан анх байгуулагдсан зорилгоо биелүүлсэн;

 5.6.2.өөрчлөн зохион байгуулсан;

 5.6.3.тусгай сангийн үйл ажиллагаа доголдсон, үр ашиггүй болох нь тогтоогдсон;

5.6.4.энэ хуулийн 5.5-д заасан шаардлагыг хангахгүй болсон;

5.6.5.засгийн газрын тусгай сангийн хууль тогтоомж зөрчсөн.

5.7.Энэ хуулийн 5.5-д заасан шаардлагыг хангаж байгаа, эсхүл мөн хуулийн 5.6-д заасан үндэслэл бий болсон эсэхийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хянан үзэж, дүгнэлт гаргана.

5.8.Тусгай санг шинээр байгуулах, эсхүл татан буулгах нөхцөл бүрдсэн гэж үзвэл уг асуудлыг Засгийн газрын санал болгосноор Улсын Их Хурал шийдвэрлэнэ.

5.9.Тусгай сангийн бүрдүүлэлт, зарцуулалтыг Төсвийн тухай хуульд заасан журмын дагуу төлөвлөж, тайлагнана.

Хэвлэх


ГУРАВДУГААР БҮЛЭГ
ТУСГАЙ САНГИЙН ЭХ ҮҮСВЭР, ЗАРЦУУЛАЛТ

6 дугаар зүйл.Тусгай санг бүрдүүлэх нийтлэг эх үүсвэр

6.1.Тусгай сан нь дараах нийтлэг эх үүсвэрээс бүрдэнэ:

6.1.1.улсын төсвийн хөрөнгө;

6.1.2.хандив, тусламж;

6.1.3.тусгай сангийн өөрийн үйл ажиллагаанаас олсон орлого;

6.1.4.зээлийн хүүгийн орлого.

6.2.Энэ хуулийн 6.1.1-д заасан улсын төсвийн хөрөнгө дараах төрөлтэй байна:

6.2.1.эргэн төлөгдөх зээл;

6.2.2.эргэн төлөгдөх нөхцөлгүй олгосон эх үүсвэр.

6.3.Энэ хуулийн 6.1.2-т заасан хандив, тусламжид гадаад улс, олон улсын байгууллага, түүнчлэн гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс өгсөн хандив, тусламж хамаарна.

6.4.Энэ хуулийн 6.1.3-т заасан орлогод тусгай сангийн үндсэн болон туслах үйл ажиллагаанаас олсон орлого хамаарна.

Хэвлэх

7 дугаар зүйл.Байгаль орчин, уур амьсгалын сан

7.1.Байгаль орчин, уур амьсгалын сан нь байгаль орчныг хамгаалах, байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад дэмжлэг үзүүлэх зориулалттай байна.

7.2.Байгаль орчин, уур амьсгалын сангийн хөрөнгө энэ хуулийн 6.1.2, 6.1.3, 6.2.2-т зааснаас гадна дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

7.2.1.тусгай хамгаалалттай газар нутагт байгалийн аялал, жуулчлалын үйл ажиллагаа эрхлэх эрхийн бичиг олгосны хураамж болон тусгай хамгаалалттай газар нутагт үзүүлэх ажил, үйлчилгээний нэг удаагийн хөлс;

7.2.2.Усны тухай хуулийн 3.1.32-т заасан ус бохирдуулсны төлбөрийн орлого;

7.2.3.иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлого;

7.2.4.хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглаж хураалгасан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, техник, тоног төхөөрөмжийг борлуулсны орлого;

7.2.5.байгалийн баялгийг хууль бусаар бэлтгэж борлуулсны орлого;

7.2.6.Агаарын тухай хуулийн 3.1.14-т заасан агаарын бохирдлын төлбөрийн орлого;

7.2.7.Ойн тухай хуулийн 31.1-д заасан хандивын орлого.

7.3.Байгаль орчин, уур амьсгалын сангийн хөрөнгийг дараах арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна:

7.3.1.байгалийн баялгийн нөөц, байгаль орчны төлөв байдлын хувьсал, өөрчлөлтийн байдлыг судлан тогтоох, мэдээллийг хуримтлуулж боловсруулах, дүгнэлт гаргах төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх;

7.3.2.байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчинд үзүүлэх хортой нөлөөллийг багасгах дэвшилтэт арга, хоргүй, бохирдолгүй, хаягдалгүй, эрчим хүчний хэмнэлттэй технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг урамшуулах;

7.3.3.хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх олон нийтийн боловсролыг дээшлүүлэх, сургалт, сурталчилгаа зохион байгуулах;

7.3.4.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 56 дугаар зүйлд заасан экологийн боловсрол, хүмүүжил олгох ажлыг дэмжих;

7.3.5.хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг мөрдөхөд шаардлагатай үнэлгээ, шинжилгээ, шинжээчийн болон лабораторийн зардлыг санхүүжүүлэх;

7.3.6.уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, хүлэмжийн хийг бууруулахад дэмжлэг үзүүлэх;

7.3.7.ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах;

7.3.8.агаар, орчны бохирдлыг бууруулах нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

7.3.9.мэрэгч, хөнөөлт хортон шавж устгах;

7.3.10.усыг хамгаалах, усны бохирдлыг арилгах, хяналт-шинжилгээ хийх, нөхөн сэргээх;

7.3.11.байгалийн гамшигт үзэгдлээс учирч болох эрсдэлийг бууруулах чиглэлээр олон нийтийн боловсролыг дээшлүүлэх, танин мэдэхүйн үйл ажиллагааг дэмжих.

7.4.Байгаль орчин, уур амьсгалын сангийн зохион байгуулалт, сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журмыг Засгийн газар батална.

Хэвлэх

8 дугаар зүйл.Боловсролын зээлийн сан

8.1.Боловсролын зээлийн сан нь санхүүгийн дэмжлэг, тэтгэлэг, сургалтын төлбөрийн зээл олгох замаар дээд боловсрол эзэмших хүсэлтэй тодорхой шалгуур, шаардлагыг хангасан иргэнийг төрөөс дэмжих бодлогыг хэрэгжүүлэх зориулалттай байна.

8.2.Боловсролын зээлийн сангийн хөрөнгө нь энэ хуулийн 6.1-д заасан эх үүсвэрээс бүрдэнэ.

8.3.Боловсролын зээлийн сангийн хөрөнгийг Засгийн газраас баталсан журмын дагуу иргэдэд олгох сургалтын төлбөрийн зээл, хуулиар тогтоосон бусад санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээ болон сангийн үйл ажиллагаа, үндсэн хөрөнгөтэй холбогдсон зардлыг санхүүжүүлэхэд зарцуулна.

8.4.Боловсролын зээлийн сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журмыг Засгийн газар батална.

Хэвлэх

9 дүгээр зүйл.Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан

9.1.Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан нь төрийн бодлогын хүрээнд харилцаа холбооны зайлшгүй шаардлагатай үйлчилгээг алслагдсан орон нутагт болон үйлчилгээ хүрээгүй хүн амд бодит үнээр хүргэх, шинээр сүлжээ байгуулах, харилцаа холбооны орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, өргөтгөх, шинэчлэх зориулалттай байна.

9.2.Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн хөрөнгө нь энэ хуулийн 6.1.2, 6.1.3-т заасан эх үүсвэр болон харилцаа холбооны үйлчилгээ эрхэлж байгаа хуулийн этгээдээс төвлөрүүлсэн хөрөнгөөс бүрдэнэ.

9.3.Энэ хуулийн 9.2-т заасан харилцаа холбооны үйлчилгээ эрхэлж байгаа хуулийн этгээдээс төвлөрүүлэх хөрөнгө нь татварын дараах цэвэр ашгийн 3 хувьтай тэнцүү хэмжээтэй байна.

9.4.Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн хөрөнгийг энэ хуулийн 9.1-д заасан арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна.

9.5.Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн хөрөнгөөр баригдсан барилга байгууламжийн ашиглалт, засвар арчилгааг тухайн байгууламжийг үйл ажиллагаандаа ашиглаж байгаа харилцаа холбооны үйлчилгээ эрхэлж байгаа хуулийн этгээд хариуцна.

9.6.Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн хөрөнгөөс аливаа татаас, урамшуулал, дэмжлэг олгохыг хориглоно.

9.7.Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санг бүрдүүлэх, зарцуулах журмыг Засгийн газар батална.

Хэвлэх

10 дугаар зүйл.Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан

10.1.Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан нь Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн, энэ хуулийн 10.3-т заасан гэмт хэргийн улмаас амь насаа алдсан этгээдийн гэр бүлийн гишүүн, хүнд гэмтэл учирсан хохирогчид нөхөн төлбөр олгох зориулалттай байна.

10.2.Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн хөрөнгө нь энэ хуулийн 6.1.1, 6.1.2-т зааснаас гадна дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

10.2.1.шүүхээс ногдуулсан торгох ялыг биелүүлж, төсөвт тушаасан мөнгөн хөрөнгийн 60 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө;

10.2.2.шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр энэ хуулийн 10.3-т заасан гэмт хэрэгт гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон этгээдээс хохирол барагдуулсан төлбөр.

10.3.Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн хөрөнгийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл /Хүнийг алах/, 11.1 дүгээр зүйл /Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах/, 11.4 дүгээр зүйл /Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах/, 12.1 дүгээр зүйл /Хүчиндэх/, 12.3 дугаар зүйл /Бэлгийн мөлжлөг/, 13.1 дүгээр зүйл /Хүн худалдаалах/, 13.2 дугаар зүйл /Хүн хулгайлах/, 13.3 дугаар зүйл /Хүн барьцаалах/, 13.4 дүгээр зүйл /Хүнийг хүчээр алга болгох/, 15.3 дугаар зүйл /Хүний цус, эс, эд, эрхтнийг хууль бусаар авах/, 15.5 дугаар зүйл /Хууль бусаар үр хөндөх/, 16.1 дүгээр зүйл /Хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах/, 16.3 дугаар зүйл /Хүүхдийг хаях, төөрүүлэх, тэнүүчлэлд хүргэх/, 16.6 дугаар зүйл /Хүүхэд худалдах/, 16.7 дугаар зүйл /Хүүхэдтэй хэрцгий харьцах/, 16.11 дүгээр зүйл /Хүүхдийг асран хамгаалах үүргээ үл биелүүлэх/, 17.2 дугаар зүйл /Дээрэмдэх/, 19.3 дугаар зүйл /Төрийн өндөр албан тушаалтны амь биед халдах/, 21.12 дугаар зүйл /Эрүү шүүлт тулгах/, 29.1 дүгээр зүйл /Түрэмгий дайныг төлөвлөх, бэлтгэх, өдөөх, дэгдээх/, 29.8 дугаар зүйл /Террорист үйлдэл хийх/-д заасан гэмт хэргийн улмаас амь насаа алдсан этгээдийн гэр бүлийн гишүүн, түүнчлэн хүнд гэмтэл учирсан хохирогчийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт заасан дараах хохиролд нөхөн төлбөр олгоход зарцуулна:

10.3.1.эмчилгээний зардал;

10.3.2.оршуулгын зардал;

10.3.3.хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого.

10.4.Гэмт хэргийн хохирогчид олгох нөхөн төлбөрийн хэмжээ нь хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх тухай шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тодорхойлогдоно.

10.5.Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангаас гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох журмыг Засгийн газар батална.

Хэвлэх

11 дүгээр зүйл.Засгийн газрын нөөц сан

11.1.Засгийн газрын нөөц сан нь тухайн жилийн төсөвт урьдчилан тооцож, төлөвлөн тусгах боломжгүй, хойшлуулшгүй цаг үеийн шинжтэй арга хэмжээ болон Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4.1.8-д заасан гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаа, 4.1.15-д заасан гамшгийн хор уршгийг арилгах үйл ажиллагааг шат дараатай зохион байгуулах зорилгоор улс, орон нутгийн төсвийн гамшгаас хамгаалах арга хэмжээний зардлын хүрэлцэхгүй хэсгийг санхүүжүүлэх зориулалттай байна.

/Энэ хэсэгт 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

11.2.Засгийн газрын нөөц сан нь энэ хуулийн 6.1.1, 6.1.2-т заасан эх үүсвэрээс бүрдэнэ.

11.3.Засгийн газрын нөөц санд төвлөрүүлэх хөрөнгийн нийт хэмжээ нь тухайн төсвийн жилд төлөвлөгдөж байгаа дотоодын нийт бүтээгдэхүүний 1 хувиас ихгүй байна.

11.4.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 11.1-д заасан зориулалтаар өмнөх онд гарсан зардлын гүйцэтгэл, байгаль, цаг уурын болзошгүй өөрчлөлтийн талаарх судалгаа, урьдчилсан таамаглал, экспорт, импортын бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дэх үнийн хэлбэлзэл, цаашдын төлөв, төсвийн орлогын боломж, чадавхыг харгалзан тухайн жилд улсын төсвөөс Засгийн газрын нөөц санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг төлөвлөнө.

11.5.Засгийн газрын нөөц сангийн хөрөнгийг дараах арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна:

11.5.1.Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан гамшиг, аюулт үзэгдэл тохиолдсон, нийтийг хамарсан цөмийн болон цацрагийн осол гарсан үед түүний хохирлыг бууруулах, тархалтыг хязгаарлах, үр дагаврыг арилгах, эрсдэлийг бууруулах;

/Энэ хэсэгт 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

11.5.2.үйлдвэрлэл, технологийн горим зөрчигдсөнөөс барилга байгууламж, шугам, сүлжээ, тоног төхөөрөмж эвдрэх, тээврийн хэрэгсэл сүйрэх, Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан цацраг идэвхт болон химийн хорт бодис алдагдах зэрэг техникийн холбогдолтой томоохон осол гарсан тохиолдолд түүнийг таслан зогсоох, хохирлыг арилгах;

11.5.3.алан хядах ажиллагаа, дэлбэрэлтийн улмаас олон хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд учирсан хохирлыг арилгах;

11.5.4.энэ хуулийн 11.1-д заасан арга хэмжээг санхүүжүүлэхтэй холбоотой төсвийн жилийн дундуур баталсан Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх;

11.5.5.Засгийн газар олон улсын шүүх, арбитрт хариуцагчаар татагдсан буюу тэдгээрээс гарсан шийдвэрийг биелүүлэхэд шаардагдах зардлыг хариуцах;

11.5.6.олон улсын гэрээний дагуу Монгол Улс төлж барагдуулах тухайн жилийн төсөвт тусгагдаагүй татвар, төлбөр, хураамжийг төлөх.

11.5.7.ээлжит бус, дахин, нөхөн сонгууль, ард нийтийн санал асуулга явуулахад шаардагдах зардал.

/Энэ заалтыг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./

11.6.Засгийн газрын нөөц сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журмыг Засгийн газар батална.

Хэвлэх

12 дугаар зүйл.Зэвсэгт хүчний хөгжлийн сан

12.1.Зэвсэгт хүчний хөгжлийн сан зэвсэгт хүчнийг хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, зэвсэгт хүчний үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх зориулалттай байна.

12.2.Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн хөрөнгө нь энэ хуулийн 6.1.1, 6.1.2-т зааснаас гадна дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

12.2.1.энхийг дэмжих ажиллагаанд оролцсоны нөхөн төлбөрийн Засгийн газраас тогтоосон зохих хэсэг;

12.2.2.энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсын зэвсэгт хүчнээс ашиглуулж байгаа үндсэн болон туслах зэвсэглэл, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, материал хэрэгслийн нөхөн төлбөр;

12.2.3.зэвсэглэлээс хасагдаж акт тавьсан зарим төрлийн техникийг худалдаж борлуулсны орлого;

12.2.4.улсын хэмжээний бүтээн байгуулалтад цэргийн анги, салбар, нэгжийг оролцуулснаас олсон ашиг;

12.2.5.энхийг дэмжих ажиллагааны сургалт, бэлтгэлийн нөхөн төлбөр;

12.2.6.гадаад улстай байгуулсан цэргийн болон цэрэг-техникийн хамтын ажиллагааны хүрээнд олгосон хандив, тусламжийн орлого.

12.3.Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн хөрөнгийг дараах арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна:

12.3.1.зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагаанд оролцох чадавхыг нэмэгдүүлэх;

12.3.2.террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцох, Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдсон, аюул бий болсон үед, бусад олон талт үүрэг гүйцэтгэхэд хүн, байгаль орчны аюулгүй байдлыг хангах, орон нутгийн хамгаалалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний сургалт болон бэлтгэлийг хангуулах;

12.3.3.зэвсэгт хүчний зэвсэглэл, техникийг сэргээн сайжруулах, шинэчлэх, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх;

12.3.4.энхийг дэмжих ажиллагаанд оролцохтой холбогдсон бусад үйл ажиллагааг санхүүжүүлэх;

12.3.5.энхийг дэмжих ажиллагаа, хүмүүнлэгийн сургалтыг Монгол Улсад зохион байгуулах;

12.3.6.батлан хамгаалах салбарт ажиллаж байгаа офицер, ахлагч, ажилчин, албан хаагчийн нийгмийн хамгааллыг сайжруулах;

12.3.7.Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн олон улсын гэрээний заалтын дагуу зориулалт зааж олгосон хандив, тусламжаас бусад орлогын 70-аас доошгүй хувийг энэ хуулийн 12.3.1, 12.3.2, 12.3.3, 12.3.4, 12.3.5-д заасан зориулалтаар санхүүжүүлэх;

12.3.8.энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэхэд оролцогч цэргийн алба хаагч амь насаа алдсан тохиолдолд Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу түүний ар гэрт нэг удаагийн тэтгэмжийг олгох.

12.4.Энэ хуулийн 12.2.6-д заасан орлого, түүний зарцуулалтыг тухайн улстай байгуулсан гэрээний нөхцөл, болзолтой холбогдуулан Төрийн болон албаны нууцын тухай хуульд заасан нууцын зэрэглэлд хамааруулж болно.

12.5.Зэвсэгт хүчний хөгжлийн санг бүрдүүлэх, зарцуулах журмыг Засгийн газар батална.

Хэвлэх

13 дугаар зүйл.Соёл, урлагийг дэмжих сан

13.1.Соёл, урлагийг дэмжих сан нь соёл, урлагийг хөгжүүлэх, сурталчлан таниулах, соёлын өвийг бүртгэх, судлах, хадгалан хамгаалах, сэргээн засварлах, түгээн дэлгэрүүлэх, сурталчлах зориулалттай байна.

13.2.Соёл, урлагийг дэмжих сангийн хөрөнгө нь энэ хуулийн 6.1-д заасан эх үүсвэрээс бүрдэнэ.

13.3.Соёл, урлагийг дэмжих сангийн хөрөнгийг дараах арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна:

13.3.1.соёлын өвийг хадгалж хамгаалах, сэргээн засварлах, сурталчлах, мэдээллийн нэгдсэн сан байгуулж, баяжуулах;

13.3.2.урлаг, утга зохиолын шинэ уран бүтээл туурвих, нийтийн хүртээл болгох төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх;

13.3.3.төсвийн хөрөнгөөр бүтээх үндэсний уламжлалт болон сонгодог урлагийн бүтээл туурвих;

13.3.4.соёлын өв, үндэсний соёл, урлагийг гадаадад болон өөрийн оронд сурталчилсан дуу авианы бичлэг хийх, ном хэвлүүлэх, соёл, урлагийн мэргэжлийн сонин, сэтгүүл гаргахад дэмжлэг үзүүлэх;

13.3.5.соёл, урлагийн тоглолт хийх, түүх, соёлын дурсгалт зүйл, уран бүтээлийн үзэсгэлэнг гадаадад болон өөрийн оронд зохион байгуулах;

13.3.6.хүүхдэд уран сайхан, гоо зүйн мэдлэг олгох уран бүтээл туурвих, соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулах;

13.3.7.соёл, урлагийн байгууллагад онцгой шаардлагатай техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, хөгжмийн зэмсэг худалдан авах;

13.3.8.хөгжмийн том хэмжээний болон дүрслэх урлаг, ном хэвлэлийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах;

13.3.9.олон улсын хэмжээний соёл, урлагийн наадам, тэмцээн, үзэсгэлэн, номын яармагт уран бүтээлчийг оролцуулах, түүнд онцгой амжилт гаргасан соёлын ажилтан, уран бүтээлчийг шагнаж урамшуулах;

13.3.10.үндэсний соёл, урлагийг хөгжүүлэх, соёлын өвийг хадгалж хамгаалахад хувь нэмэр оруулсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэнийг алдаршуулах;

13.3.11.монгол судлаачийг бэлтгэх, монгол судлаач, эрдэмтний шилдэг бүтээлийг шалгаруулж, хэвлүүлэх, сурталчлахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх.

13.4.Соёл, урлагийг дэмжих сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журмыг Засгийн газар батална.

Хэвлэх

14 дүгээр зүйл.Спортыг дэмжих сан

14.1.Спортыг дэмжих сан нь нийтийн биеийн тамир, хүн амын идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэх, өндөр зэрэглэлийн тамирчин, дасгалжуулагчийг шинжлэх ухааны үндэслэлтэй бэлтгэх, үндэсний спортын төрлийг хөгжүүлэх, үндэсний хэмжээний тэмцээн, наадмын сэргээшийн эсрэг хяналтыг хэрэгжүүлэх, сэргээшийн эсрэг үйл ажиллагааны сургалт, сурталчилгааг зохион байгуулах, биеийн тамир, спортын чиглэлээр судалгаа, шинжилгээ хийх зориулалттай байна.

14.2.Спортыг дэмжих сангийн хөрөнгө нь энэ хуулийн 6.1.2, 6.1.3, 6.2.2-т заасан эх үүсвэрээс бүрдэнэ.

14.3.Спортыг дэмжих сангийн хөрөнгийг энэ хуулийн 14.1-д заасан арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна.

14.4.Спортыг дэмжих сангийн хөрөнгийг зарцуулах, хяналт тавих журмыг Засгийн газар батална.

Хэвлэх

15 дугаар зүйл.Төсвийн тогтворжуулалтын сан

15.1.Төсвийн тогтворжуулалтын сан нь нэгдсэн төсвийн дунд болон урт хугацааны тэнцвэртэй, тогтвортой байдлыг хангах, төсвийн тэнцвэржүүлсэн горимыг хэрэгжүүлэхэд санхүүгийн хэрэгслийн үүрэг гүйцэтгэнэ.

15.2.Төсвийн тогтворжуулалтын сангийн хөрөнгө дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

15.2.1.Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан нөхцөлөөр тодорхойлсон төсвийн тэнцвэржүүлсэн орлогоос давсан төсвийн орлого;

15.2.2.төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн ашиг;

15.2.3.Засгийн газрын нөөц сангийн өмнөх жилийн зарцуулагдаагүй чөлөөт эх үүсвэр;

15.2.4.Төсвийн тогтворжуулалтын сангийн санхүүгийн үйл ажиллагаанаас олсон орлого;

15.2.5.бусад орлого.

15.3.Төсвийн тогтворжуулалтын сангийн хөрөнгөөс дараах санхүүжилт хийх зориулалтаар улсын төсөвт шилжүүлж болно:

15.3.1.урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурч, төсвийн тэнцэл баталсан хэмжээнээс дотоодын нийт бүтээгдэхүүний 4 хувиар нэмж буурсан тохиолдолд үнэ болон биет хэмжээ нь төлөвлөснөөс буурсан гол нэр төрлийн эрдэс баялгийн Төсвийн тогтворжуулалтын санд өмнө хуримтлагдсан хөрөнгөөс зөвхөн тэнцвэржүүлсэн үнэ болон зах зээлийн үнийн зөрүүгээс үүссэн төсвийн орлогын тасалдлыг нөхөх;

15.3.2.Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан тохиолдлын улмаас үүссэн төсвийн санхүүжилтийн нэмэлт эх үүсвэрийг гаргах;

15.3.3.төсвийн гол нэр төрлийн эрдэс баялгийн зах зээлийн үнэ төсөвт туссан тэнцвэржүүлсэн үнээс буурсан болон гол нэр төрлийн эрдэс баялгийн экспортын биет хэмжээ төсөвт туссан биет хэмжээнээс 20 хувиар буурсан тохиолдолд уг үнэ болон биет хэмжээ нь төлөвлөснөөс буурсан гол нэр төрлийн эрдэс баялгийн санд өмнө хуримтлагдсан хөрөнгөөс зөвхөн тэнцвэржүүлсэн үнэ болон зах зээлийн үнийн зөрүүгээс үүссэн төсвийн орлогын тасалдлыг нөхөх;

15.3.4.тухайн жилийн төсвийн алдагдлыг нөхөх.

15.4.Энэ хуулийн 15.3.1-д заасан зөрүүг нөхөн зарцуулалт хийх шийдвэрийг Засгийн газар гарган хэрэгжүүлж, төсвийн гүйцэтгэлд тусгана.

15.5.Төсвийн тогтворжуулалтын сангийн хөрөнгө нь энэ хуулийн 15.3.1-д заасан төсвийн алдагдлыг бүрэн санхүүжүүлэхэд хүрэлцэхгүй тохиолдолд уг алдагдлыг санхүүжүүлэх зориулалтаар Засгийн газар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.4-т заасан хязгаарт багтаан зээл авч болно.

15.6.Төсвийн тогтворжуулалтын сангийн хөрөнгийг энэ хуулийн 15.3-т заасан зориулалтаар санхүүжилт хийхэд байнга хөрвөх чадвартай байлгах, эрсдэлээс хамгаалах, олон улсын санхүүгийн зах зээлд үр ашигтай хөрөнгө оруулалт хийхэд чиглэсэн санхүүгийн нөөцийн удирдлагыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.

15.7.Энэ хуулийн 15.6-д заасан санхүүгийн нөөцийн удирдлагын хэрэгжилтийг Монгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд тусгаж Улсын Их Хуралд танилцуулна.

15.8.Төсвийн тогтворжуулалтын сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журмыг Засгийн газар батална.

Хэвлэх

16 дугаар зүйл.Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан

16.1.Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих зориулалттай байна.

16.2.Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөрөнгө нь энэ хуулийн 6.1, 16.4-т заасан эх үүсвэрээс бүрдэнэ.

16.3.Жижиг, дунд үйлдвэрлэлийн бодит өсөлт, мөнгөний ханшны өөрчлөлтийг харгалзан тухайн жилд улсын төсвөөс санд нэмж олгох болон зээлийн эргэн төлөлтөөс олгох зээлийн хэмжээг Засгийн газрын саналыг үндэслэн Улсын Их Хурал тухайн жилийн төсөвт тусгаж батална.

16.4.Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд орон нутгийн төсвөөс хөрөнгө олгож болох бөгөөд түүний хэмжээг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн жилийн орон нутгийн төсөвт тусгаж батална.

16.5.Энэ хуулийн 16.4-т заасан эх үүсвэрийг тухайн орон нутгийн энэ хуулийн 16.1-д заасан арга хэмжээнд зарцуулна.

16.6.Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг дараах арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна:

16.6.1.жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэлтийг дэмжих зориулалтаар хөнгөлөлттэй зээл олгох;

16.6.2.жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид бүтээгдэхүүнээ экспортод гаргасан бол зээлийн хүүгийн татаас олгох;

16.6.3.жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэхэд бизнес, инкубацийн зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах, сургалт, давтан сургалтад хамруулах;

16.6.4.жижиг, дунд үйлдвэрлэлийн чиглэлээр судалгаа, шинжилгээ хийхэд дэмжлэг үзүүлэх;

16.6.5.жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зориулсан үндэсний болон олон улсын хэмжээний үзэсгэлэн, худалдаа, чуулга уулзалт зохион байгуулах, дэмжлэг үзүүлэх;

16.6.6.шаардлагатай тохиолдолд улсын төсвийн хөрөнгөөр худалдан авсан жижиг, дунд үйлдвэрийг дэмжихэд чиглэсэн тоног төхөөрөмжийн санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлэх;

16.6.7.энэ хуулийн 24.7-д заасан үйл ажиллагааг санхүүжүүлэх;

16.6.8.Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн үндсэн болон өр барагдуулахтай холбогдсон үйл ажиллагаа, үндсэн хөрөнгөтэй холбогдсон зардлыг санхүүжүүлэх.

16.7.Энэ хуулийн 16.6.1-д заасан хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журмыг Засгийн газар батална.

16.8.Энэ хуулийн 16.6.1-д заасан хөнгөлөлттэй зээлийг банкаар дамжуулан олгох тохиолдолд зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтмол ханган ажиллаж байгаа, орон нутагт салбартай банкаар дамжуулж зээлдүүлнэ.

16.9.Энэ хуулийн 16.8-д зааснаас гадна банканд тавих нэмэлт шаардлага, нөхцөлийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтоож болно.

Хэвлэх

17 дугаар зүйл.Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан

17.1.Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан нь хилийн чанадад ажиллаж, амьдарч, сурч байгаа иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, эрх нь зөрчигдсөн тохиолдолд хууль, эрх зүйн туслалцааг шуурхай үзүүлэх, иргэний улсын бүртгэл, нотариатын болон консулын үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах зориулалттай байна.

17.2.Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн хөрөнгө нь энэ хуулийн 6.1.2, 6.2.2-т заасан эх үүсвэрээс бүрдэнэ.

17.3.Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн хөрөнгийг дараах арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна:

17.3.1.хилийн чанадад нас барсан иргэний гэр бүл нь түүний шарил буюу чандрыг эх оронд нь авчрах зардалгүй, эсхүл гэр бүл, төрөл садан нь тогтоогдоогүй тохиолдолд түүний шарилыг хадгалах, чандарлах, шарил болон чандрыг эх оронд нь буцаах буюу тухайн улсад нь нутаглуулах;

17.3.2.хилийн чанадад байгалийн онц аюултай гамшиг, терроризм, зэвсэгт мөргөлдөөнд өртсөн, эсхүл осол, гэмт хэргийн улмаас хүнд гэмтэл авсан, сэтгэцийн өвчтэй болсон, амь насанд нь аюул учирсан иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, эх оронд нь буцаах;

17.3.3.хилийн чанадад хорих ял эдэлж байгаад, эсхүл албадан саатуулагдаж байгаад суллагдсан иргэн эх орондоо буцах зардалгүй тохиолдолд эх оронд нь буцаах;

17.3.4.гэмт хэргийн улмаас хохирсон буюу эд хөрөнгөө хаяж гээгдүүлсний улмаас төлбөрийн чадваргүй болсон иргэнийг эх оронд нь буцаах;

17.3.5.энэ хуулийн 17.3.1, 17.3.2, 17.3.3, 17.3.4-т заасан иргэнд үндэсний гадаад паспорт буюу буцах үнэмлэх олгох, эх оронд нь буцаахтай холбогдсон бусад үйлчилгээ үзүүлэх;

17.3.6.хилийн чанадад гэмт хэргийн улмаас хохирсон иргэнтэй холбоотой асуудлыг тухайн улсын холбогдох хууль, хяналтын байгууллагаар шалгуулах, хянуулах, эрх ашгийг нь хамгаалахад шаардагдах өмгөөлөгч, орчуулагчийг хөлслөх;

17.3.7.хилийн чанадад хорих ял эдэлж байгаа иргэнийг Дипломат төлөөлөгчийн газраас эргэх;

17.3.8.гадаад улстай байгуулсан эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх олон улсын гэрээнд заасан Монголын талын эрх бүхий төрийн байгууллагаас гадаад улсад хүргүүлэх эрх зүйн туслалцааны хүсэлт болон холбогдох баримт бичгийг гадаад хэл рүү орчуулах төлбөрийг гаргах.

17.4.Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журмыг Засгийн газар батална.

Хэвлэх

18 дугаар зүйл.Шинжлэх ухаан, технологийн сан

18.1.Шинжлэх ухаан, технологийн сан нь шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлийн онолын суурь судалгаа гүйцэтгэх, шинжлэх ухаан, технологийн болон инновацийн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээний ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх зориулалттай байна.

18.2.Шинжлэх ухаан, технологийн сангийн хөрөнгө нь энэ хуулийн 6.1.1, 6.1.2, 6.1.3-т заасан эх үүсвэрээс бүрдэнэ.

18.3.Шинжлэх ухаан, технологийн сангийн хөрөнгийг дараах арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна:

18.3.1.шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлийн онолын суурь судалгаа хийх;

18.3.2.Засгийн газрын /улсын/ захиалгатай шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэхэд тэтгэлэг олгох;

18.3.3.эрдэм шинжилгээний ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх;

18.3.4.инновацийн төсөл хэрэгжүүлэх, гарааны санхүүгийн дэмжлэг олгох, технологи, үйлдвэрлэлийн туршилт, зүгшрүүлэлтэд дэмжлэг үзүүлэх;

18.3.5.Шинжлэх ухаан, технологийн сангийн үйл ажиллагаа, үндсэн хөрөнгөтэй холбогдсон зардлыг санхүүжүүлэх;

18.3.6.шинжлэх ухаан, инновацийн үр дүнд бий болсон бүтээгдэхүүн, үйлчилгээг олон улсад сурталчлах, борлуулахад дэмжлэг үзүүлэх.

18.4.Шинжлэх ухаан, технологийн сангийн хөрөнгөөс аливаа татаас, урамшуулал олгохыг хориглоно.

18.5.Шинжлэх ухаан, технологийн сангаас тэтгэлэг олгох, сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журмыг Засгийн газар батална.

Хэвлэх

19 дүгээр зүйл.Эрүүл мэндийг дэмжих сан

19.1.Эрүүл мэндийг дэмжих сан нь эрүүл мэндийн мэдээлэл, сургалт, сурталчилгаа, ухуулга нөлөөлөл, тандалт судалгааны ажлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх зориулалттай байна.

19.2.Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгө нь энэ хуулийн 6.1.2, 6.2.2-т заасан эх үүсвэрээс гадна дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

19.2.1.архи, согтууруулах ундааны онцгой албан татварын 1 хувь;19.2.2.эмийн импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын 2 хувь;

19.2.3.тамхины онцгой албан татварын 2 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө.

19.3.Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгийг дараах чиглэлээр эрүүл мэндийн мэдээлэл, сургалт, сурталчилгаа, ухуулга нөлөөлөл, тандалт судалгааны ажлыг зохион байгуулах арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна:

19.3.1.халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх;

19.3.2.халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх;

19.3.3.орчны эрүүл мэндийг хамгаалах;

19.3.4.осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, эрүүл, аюулгүй амьдралын орчныг бүрдүүлэх;

19.3.5.сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, архи, тамхи, мансууруулах

бодисын хорт нөлөөллөөс сэргийлэх;

19.3.6.эмийн зохистой хэрэглээг сурталчлан таниулах;

19.3.7.эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, эрүүл мэндийн байгууллагын ил тод байдал, хариуцлагыг дээшлүүлэх.

19.4.Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгөөс аливаа татаас, урамшуулал, тусламж олгохыг хориглоно.

19.5.Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгийг зарцуулах, хяналт тавих журмыг Засгийн газар батална.

Хэвлэх

20 дугаар зүйл.Кино урлагийг дэмжих сан

20.1.Кино урлагийг дэмжих сан нь кино урлагийг хөгжүүлэх, үйлдвэрлэх, түгээн таниулахад дэмжлэг үзүүлэх зориулалттай байна.

20.2.Кино урлагийг дэмжих сангийн хөрөнгө нь энэ хуулийн 6.1-д заасан эх үүсвэрээс бүрдэнэ.

20.3.Кино урлагийг дэмжих сангийн хөрөнгийг дараах арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна:

20.3.1.монгол болон хамтарсан кино бүтээх зориулалтаар хөнгөлөлттэй зээл олгох;

20.3.2.кино үйлдвэрлэл, дэд бүтцийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх;

20.3.3.олон улсын кино наадам, үзэсгэлэнд монгол киногоор оролцох, Монгол Улсад олон улсын кино наадам зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх;

20.3.4.улсын захиалгаар уран сайхны болон баримтат кино, хүүхэд залуучуудад зориулсан кино бүтээл туурвихад дэмжлэг үзүүлэх;

20.3.5.кино урлагийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, мэргэшүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх.

20.4.Кино урлагийг дэмжих сангийн хөрөнгийг зарцуулах, хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, түүнд хяналт тавих журмыг Засгийн газар батална.

Хэвлэх

21 дүгээр зүйл.Хөдөө аж ахуйг дэмжих сан

21.1.Хөдөө аж ахуйг дэмжих сан нь газар тариалан, мал аж ахуй эрхлэх үйл ажиллагааг дэмжих зориулалттай байна.

21.2.Хөдөө аж ахуйг дэмжих сангийн хөрөнгө нь энэ хуулийн 6.1-д заасан эх үүсвэрээс бүрдэнэ.

21.3.Хөдөө аж ахуйг дэмжих сангийн хөрөнгийг дараах арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна:

21.3.1.хөнгөлөлттэй зээлийг дараах зориулалтаар олгох;

21.3.1.а.усалгаатай тариаланг хөгжүүлэх, услалтын систем байгуулах, сэргээн засварлах;

21.3.1.б.таримал ургамлын үрийн аж ахуйг хөгжүүлэх;21.3.1.в.хөдөө аж ахуйн техник, технологийн шинэчлэлт хийх.

21.3.2.тариалангийн газрыг нөхөн сэргээх, хөрсний үржил шимийг сайжруулах;

21.3.3.тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчээс стандартын шаардлага хангасан буудай худалдан авах, худалдах;

21.3.4.Хөдөө аж ахуйг дэмжих сангийн үндсэн хөрөнгөд засвар үйлчилгээ хийх;

21.3.5.бэлчээрийн даацыг тодорхойлох, мал оторлон өвөлжүүлэхтэй холбогдсон судалгаа явуулах;

21.3.6.худаг сэргээн засварлах, уст цэг шинээр гаргах;

21.3.7.Хөдөө аж ахуйг дэмжих сангийн үндсэн болон өр барагдуулахтай холбогдсон үйл ажиллагаа, үндсэн хөрөнгөтэй холбогдсон зардлыг санхүүжүүлэх.

21.4.Хөдөө аж ахуйг дэмжих сангаас мал, амьтныг зээлээр олгохыг хориглоно.

21.5.Энэ хуулийн 21.3.1-д заасан хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журмыг Засгийн газар батална.

21.6.Энэ хуулийн 21.3.1-д заасан хөнгөлөлттэй зээлийг банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтмол ханган ажиллаж байгаа, орон нутагт салбартай банкаар дамжуулан олгоно.

Хэвлэх

211 дүгээр зүйл.Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сан

/Энэ заалтыг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./

211.1.Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сангийн хөрөнгө нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

211.1.1.улсын болон орон нутгийн төсөв;

211.1.2.дотоодын аж ахуйн нэгжийн хандивын хөрөнгө;

211.1.3.бусад эх үүсвэр.

211.2.Энэ хуулийн 211.1-д заасан сангийн хөрөнгийг доор дурдсан арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна:

211.2.1.өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг ард иргэдэд алслагдсан, сүлжээ хүрээгүй газарт хүртээмжтэй хүргэх;

211.2.2.үйлдвэрлэхэд өртөг өндөр үндэсний түүх, соёл, уламжлал, хүүхэд, танин мэдэхүйн нэвтрүүлэг бэлтгэн хүргэх;

211.2.3.өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн бүтээл үйлдвэрлэлийг дэмжих.

211.3.Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сангийн дүрэм, хөрөнгийг зарцуулах журмыг  Засгийн газар батална.

Хэвлэх


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ТУСГАЙ САНГИЙН УДИРДЛАГА, САНХҮҮЖИЛТ

22 дугаар зүйл.Тусгай сангийн удирдлага, зохион байгуулалт

22.1.Тусгай сангийн эх үүсвэр нь төрийн сангийн нэгдсэн дансанд байршина.

22.2.Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 5.3.8, 5.3.11, 5.3.12, 5.3.15, 5.3.22-д заасан тусгай сангийн мөнгөн хөрөнгийн чөлөөт үлдэгдлийг санхүүгийн эрсдэл хамгийн бага байх хэлбэрээр удирдах үйл ажиллагааг санхүү, төсвийн болон тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран хэрэгжүүлнэ.

22.3.Энэ хуулийн 5.3.2, 5.3.5, 5.3.19, 5.3.20-д зааснаас бусад тусгай санд зориулан ажлын алба байгуулахыг хориглоно. Ажлын албаны орон тооны хязгаарыг Засгийн газар батална.

22.4.Энэ хуулийн 5.3.5-д заасан тусгай сан нь хугацаа хэтэрсэн өр, авлагыг барагдуулах зорилгоор дэргэдээ өр, авлага барагдуулах нэгжтэй байж болно.

22.5.Харьяалах төсвийн ерөнхийлөн захирагч нь тусгай сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалтыг хариуцан удирдаж, энэ хуульд заасан журмын дагуу хяналт тавьж, тайлагнана.

22.6.Төсвийн ерөнхийлөн захирагчаас энэ хуульд заасны дагуу тусгай санд төвлөрүүлэхээр төлөвлөсөн хөрөнгийн хэмжээг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Төсвийн тухай хуульд заасан журмын дагуу хянаж, тухайн жилийн төсвийн хүрээний мэдэгдэл болон улсын төсвийн төсөлд тусгана.

Хэвлэх

23 дугаар зүйл.Тусгай сангаас санхүүжилт хийх хэлбэр

23.1.Энэ хуулийн 3.2-т заасан тусгай сан болон энэ хуулийн 5.3.2, 5.3.5, 5.3.6, 5.3.19-д зааснаас бусад тусгай сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээний санхүүжилтийг тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрийг үндэслэн дараах хэлбэрээр олгоно:

23.1.1.урьдчилгаа олгож гүйцэтгэлээр санхүүжүүлэх буюу тухайн ажил, үйлчилгээний онцлог, шаардагдах хөрөнгийн хэмжээтэй уялдуулан үе шаттайгаар санхүүжүүлэх;

23.1.2.шууд санхүүжүүлэх буюу ажил, үйлчилгээг гүйцэтгэсний дараа санхүүжилтийг бүрэн хэмжээгээр нэг удаа олгох.

23.2.Засгийн газрын нөөц сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ, гүйцэтгэх ажил, үйлчилгээний онцлог, зарцуулах хөрөнгийн хэмжээг харгалзан санхүүжилтийн хэлбэрийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

23.3.Засгийн газрын нөөц сангаас олгох санхүүжилтийг тухайн төсөл, арга хэмжээ, ажил, үйлчилгээг хэрэгжүүлж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, хувь хүний харилцах дансанд шууд шилжүүлэхийг хориглоно.

23.4.Энэ хуулийн 5.3.5, 5.3.19-д заасан тусгай сангаас олгох зээлийн санхүүжилтийг төслийн хэрэгжилттэй холбож олгох буюу зээлдэгчийн худалдан авалт, төслийн гүйцэтгэлээр олгоно.

23.5.Тусгай сангийн санхүүжилтийг Төсвийн тухай хуульд заасан журмын дагуу хийнэ.

23.6.Энэ хуулийн 5.3.2, 5.3.5, 5.3.18, 5.3.19-д заасан тусгай сан нь Өрийн удирдлагын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан Өрийн мэдээллийн нэгдсэн санд зээлийн үлдэгдэлгүй, Зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлгүй этгээдэд зээл олгоно.

Хэвлэх


ТАВДУГААР БҮЛЭГ
ТУСГАЙ САНГИЙН ТАЙЛАГНАЛ, ИЛ ТОД БАЙДАЛ, ХЯНАЛТ

24 дүгээр зүйл.Тусгай сангийн тайлагнал, ил тод байдал

24.1.Төсвийн ерөнхийлөн захирагч нь тусгай сангийн зарцуулалтын тайланг хагас, бүтэн жилээр гаргаж, Төсвийн тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасан тайланд тусган санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.

24.2.Тусгай сангийн хөрөнгийн зарцуулалт, гүйцэтгэл, санхүүжүүлсэн төсөл, арга хэмжээний мэдээллийг холбогдох шийдвэрийн хамт тухайн шийдвэр гарсан сард нь нэгтгэн олон нийтэд нээлттэй тайлагнаж, Шилэн дансны тухай хуульд заасан журмын дагуу байгууллагын цахим хуудас болон шилэн дансны нэгдсэн цахим хуудсаар дамжуулан хуульд заасан хугацаанд тогтмол мэдээлнэ.

24.3.Тусгай сангийн зарцуулалтын жилийн эцсийн тайланд Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу аудит хийж, дүгнэлт гаргана.

24.4.Засгийн газрын нөөц сан, Төсвийн тогтворжуулалтийн сангийн зарцуулалтын тайланг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Төсвийн тухай хуулийн 54.4-т заасан тайланд тусгаж, Засгийн газар болон Улсын Их Хуралд тайлагнана.

24.5.Тусгай сангийн жилийн эцсийн зарцуулалтын тайланг аудитын дүгнэлтийн хамт уг тайлан гарснаас хойш 20 хоногийн дотор байгууллагын шилэн данс, цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлнэ.

24.6.Энэ хуулийн 5.3.2, 5.3.5, 5.3.18, 5.3.19-д заасан тусгай сан шинээр олгох зээлийн эх үүсвэрийн хэмжээ, сонгон шалгаруулалтын журам, тавих шаардлага, бүрдүүлэх баримт бичгийн жагсаалтыг цахим хуудсаараа дамжуулан мэдээлж, мэдээллийг тогтмол шинэчилнэ.

24.7.Энэ хуулийн 5.3.2, 5.3.5, 5.3.18, 5.3.19, 5.3.20-д заасан тусгай сангаас зээл, буцалтгүй тусламж, санхүүгийн дэмжлэг авахаар хүсэлт ирүүлсэн иргэд, хуулийн этгээдийн бизнес төлөвлөгөөгөө танилцуулах, түүнийг сонгон шалгаруулах, үнэлэх үйл явцыг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нээлттэй, ил тод зохион байгуулна.

Хэвлэх

 25 дугаар зүйл.Тусгай сангийн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих

25.1.Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан журмын дагуу тусгай сангийн хөрөнгийн зарцуулалтад хяналт, шалгалт хийнэ.

25.2.Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо шаардлагатай гэж үзвэл тусгай сангийн хөрөнгийн зарцуулалтын тайланг хэлэлцэж болно.

25.3.Засгийн газрын нөөц сангийн хөрөнгийн зарцуулалтын явцад санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хяналт тавина.

25.4.Төсвийн ерөнхийлөн захирагч нь Засгийн газрын нөөц сангийн санхүүжилтээр тухайн салбарт хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний хэрэгжилт, хөрөнгийн зарцуулалтад хяналт тавина.

25.5.Энэ хуулийн 5.3.2, 5.3.5, 5.3.18, 5.3.19-д заасан тусгай сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээг сонгон шалгаруулах хороо, төслийн удирдах хороо болон хяналтын хорооны бүрэлдэхүүнд төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулах ба тусгай сангийн хөрөнгийн зарцуулалт, үйл ажиллагаанд хяналт тавихад олон нийтийн оролцоог хангана.

Хэвлэх


ЗУРГАДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ

26 дугаар зүйл.Тусгай сангийн үйл ажиллагаанд хориглох зүйл

26.1.Тусгай сангийн хөрөнгийг батлагдсан төсвөөс хэтрүүлэх, хуульд зааснаас өөр зориулалтаар ашиглах, зарцуулахыг хориглоно.

26.2.Тусгай сангийн эх үүсвэрээр төсөл, арга хэмжээ санхүүжүүлэх шийдвэр гаргах албан тушаалтан ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан журмын дагуу тухай бүр авч хэрэгжүүлнэ.

Хэвлэх

27 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага                      

27.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

27.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

Хэвлэх

28 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

28.1.Энэ хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Г.ЗАНДАНШАТАР