Хэвлэх DOC Татаж авах
ӨМГӨӨЛЛИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2019 оны 10 сарын 18 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот

ӨМГӨӨЛЛИЙН ТУХАЙ


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь иргэдийн хууль зүйн туслалцаа авах, өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхийг хангах, өмгөөлөгч, өмгөөлөгчдийн мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрх зүйн байдлыг тогтоож, өмгөөллийн үйл ажиллагаа, өмгөөлөгчийн эрх, үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Хэвлэх

2 дугаар зүйл.Өмгөөллийн хууль тогтоомж

2.1.Өмгөөллийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Арбитрын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

Хэвлэх

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Үйлчлүүлэгчийг шүүхэд төлөөлөх эрхтэй өмгөөлөгчтэй холбогдсон харилцаанд энэ хууль үйлчилнэ.

3.2.Хууль зүйн асуудлаар амаар болон бичгээр зөвлөгөө өгөх, зөвлөмж, дүгнэлт гаргах, хууль зүйн ач холбогдол бүхий баримт бичгийн эх зохиох, төрийн болон бусад байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд үйлчлүүлэгчийг төлөөлөх, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зэрэг үйлчлүүлэгчийг шүүхэд төлөөлөхөөс бусад хууль зүйн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хуульчид энэ хууль хамаарахгүй.

3.3.Улсын өмгөөлөгчийн үйл ажиллагаанд энэ хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан өмгөөлөгчийн эрх зүйн байдал, эрх, үүрэг нэгэн адил хамаарах бөгөөд улсын өмгөөлөгчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлыг тухайлсан хуулиар зохицуулна.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Өмгөөллийн үйл ажиллагаанд баримтлах зарчим

4.1.Өмгөөллийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:

4.1.1.хууль дээдлэх, шударга ёсыг сахих;

4.1.2.өмгөөлөгчөө чөлөөтэй сонгох;

4.1.3.хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хүндэтгэх;

4.1.4.өмгөөллийн нууц хадгалах;

4.1.5.үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулийн хүрээнд тууштай хамгаалах;

4.1.6.хүнлэг, энэрэнгүй байх.

Хэвлэх

5 дугаар зүйл.Хүн өөрөө өөрийгөө өмгөөлөх эрх

5.1.Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу хүн өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхтэй байна.

5.2.Хуульд өөрөөр заагаагүй бол хүн өөрөө өөрийгөө өмгөөлөхдөө хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх бусад хуульд зааснаас гадна энэ хуулийн 13.1.1, 13.1.4, 13.1.5, 13.1.6, 13.1.7, 13.1.8, 13.1.9, 13.1.10, 13.1.11, 13.1.12, 13.1.14-т заасан эрх эдэлж, энэ хуулийн 14.1.3, 14.1.5, 14.1.11-д заасан үүрэг хүлээнэ.

Хэвлэх

6 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

6.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

6.1.1.“өмгөөллийн үйл ажиллагаа” гэж өмгөөлөгчөөс үйлчлүүлэгчийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор үзүүлж байгаа хууль зүйн мэргэжлийн туслалцаа, үйлчилгээг;

6.1.2.“үйлчлүүлэгч” гэж өмгөөлөгчөөс хууль зүйн мэргэжлийн туслалцаа, үйлчилгээ авч байгаа болон авахаар хандсан хүн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллагыг.

Хэвлэх


ХОЁРДУГААР БҮЛЭГ
ӨМГӨӨЛЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ

7 дугаар зүйл.Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгох

7.1.Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгох шалгалт /цаашид “өмгөөлөгчийн шалгалт” гэх/-д тэнцэж, өмгөөлөгчдийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, эрх авсан хуульч өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлнэ.

7.2.Өмгөөлөгчийн шалгалтад тэнцсэн хуульч шалгалтын нэгдсэн дүнг мэдээлсэн өдрөөс хойш нэг жилийн дотор өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх авах тухай хүсэлтийг Монголын Өмгөөлөгчдийн Холбоо /цаашид “Өмгөөлөгчдийн Холбоо” гэх/-нд гаргана. Энэ хэсэгт заасан хүсэлт гаргах хугацаа өнгөрсөн бол шалгалтад тэнцсэн дүн хүчингүй болно.

7.3.Өмгөөлөгчдийн Холбоо энэ хуулийн 7.2-т заасан хүсэлтийг ажлын 10 өдрийн дотор хянаж, энэ хуулийн 8.6-д заасан нөхцөл байдал илрээгүй тохиолдолд өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгох саналыг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч /цаашид “Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч” гэх/-д хүргүүлнэ.

7.4.Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч энэ хуулийн 7.3-т заасан саналыг үндэслэн хуульчийг өмгөөлөгчдийн нэгдсэн бүртгэлд бүртгэж, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгоно.

7.5.Энэ хуулийн 7.2-т заасан хүсэлтийг хянах явцад энэ хуулийн 8.6-д заасан нөхцөл байдал илэрснээс бусад тохиолдолд өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгохоос татгалзахыг хориглоно.

7.6.Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хугацаагүй олгоно.

7.7.Хуульч өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгохоос татгалзсан тухай шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргах эрхтэй.

Хэвлэх

8 дугаар зүйл.Өмгөөлөгчийн шалгалт

8.1.Өмгөөлөгчийн шалгалтын зорилго нь хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа, өмгөөлөгчийн ёс зүйн талаарх мэдлэг, мэтгэлцэх ур чадвар эзэмшсэнийг тогтооход чиглэнэ.

8.2.Өмгөөлөгчийн шалгалтыг Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэшлийн хороо /цаашид “Мэргэшлийн хороо” гэх/ жилд нэгээс доошгүй удаа зохион байгуулна.

8.3.Өмгөөлөгчийн шалгалтын товыг шалгалт эхлэхээс 30-аас доошгүй хоногийн өмнө нийтэд зарлана.

8.4.Хуульч нь өмгөөлөгчийн шалгалтад орох тухай өргөдлөө шалгалт эхлэхээс 14-өөс доошгүй хоногийн өмнө гаргана.

8.5.Өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах журам, шалгалтын хураамжийн хэмжээг Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөл батална.

8.6.Хуульчийг дараах тохиолдолд өмгөөлөгчийн шалгалтад оруулахаас татгалзана:

8.6.1.хуульд заасны дагуу хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгосон, эсхүл түдгэлзүүлсэн;

8.6.2.хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хязгаарласан;

8.6.3.энэ хуулийн 15.1.12, 15.1.13-т заасан өмгөөллийн үйл ажиллагаатай хавсран эрхэлж болохгүй ажил, албан тушаал эрхэлж байгаа;

8.6.4.Эрүүгийн хуулийн Арван зургадугаар, Арван есдүгээр, Хорьдугаар, Хорин нэгдүгээр, Хорин хоёрдугаар, Хорин гуравдугаар бүлэгт заасан гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан;

8.6.5.Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18.4.2-т заасан үндэслэлээр шүүгчийг огцруулсан, Прокурорын тухай хуулийн 67.1.5-д заасан үндэслэлээр прокурор ажлаас халагдсан, Нотариатын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2, 18.1.5, 18.1.6-д заасны дагуу нотариатчийн нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгосон, Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан үндэслэлээр мөрдөгч төрийн албанаас халагдсан;

8.6.6.прокурор, мөрдөгч үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөнөөс хойш хоёр жилийн хугацаа өнгөрөөгүй;

8.6.7.Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй.

8.7.Хуульч өмгөөлөгчийн шалгалтад оруулахаас татгалзсан тухай шийдвэрийг эс зөвшөөрвөл Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгчид гомдол гаргаж болно.

8.8.Хуульч өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг авахдаа “Өмгөөлөгч би Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль, өмгөөлөгчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж ажиллахаа батлан тангараглая. Миний бие өргөсөн тангаргаасаа няцваас хуулийн хариуцлага хүлээнэ.” гэж тангараг өргөнө.

8.9.Өмгөөлөгчийн тангараг өргөх ёслолын журмыг Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөл батална.

Хэвлэх

9 дүгээр зүйл.Өмгөөлөгч

9.1.Өмгөөлөгч Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн байна.

9.2.Өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцохдоо тусгай өмсгөлтэй байх бөгөөд өмсгөлийн загвар, хэрэглэх журмыг Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөл батална.

Хэвлэх

10 дугаар зүйл.Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг түдгэлзүүлэх

10.1.Дараах үндэслэлээр өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг түдгэлзүүлнэ:

10.1.1.өмгөөлөгч өөрөө хүсэлт гаргасан;

10.1.2.энэ хуулийн 15.1.12, 15.1.13-т заасан ажил, албан тушаалд сонгогдсон, эсхүл томилогдсон;

10.1.3.эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар өмгөөллийн үйл ажиллагааг нэг жилээс дээш хугацаагаар эрхлэх боломжгүй болсон;

10.1.4.эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах тухай шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

10.2.Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг түдгэлзүүлсэн хугацаанд өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхгүй бөгөөд өмгөөлөгчийн болон Өмгөөлөгчдийн Холбооны гишүүний эрх эдэлж, үүрэг хүлээхгүй.

10.3.Энэ зүйлд заасны дагуу өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг түдгэлзүүлэх, сэргээх тухай шийдвэрийг Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч гаргана.

Хэвлэх

11 дүгээр зүйл.Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгох

11.1.Дараах үндэслэлээр өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгоно:

11.1.1.өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх авахдаа хуурамч баримт бичиг бүрдүүлсэн болох нь тогтоогдсон;

11.1.2.хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гишүүнчлэлийн хураамжийг нэг жил, түүнээс дээш хугацаагаар төлөөгүй;

11.1.3.хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүчингүй, эсхүл дуусгавар болсон;

11.1.4.хуулиар хориглосон ажил, албан тушаал хавсран эрхэлсэн;

11.1.5.энэ хуулийн 31.3.3-т заасан хариуцлага хүлээлгэх шийдвэр гарсан;

11.1.6.энэ хуулийн 10.2-т заасныг зөрчсөн;

11.1.7.өмгөөлөгч санаатай гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож, шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон;

11.1.8.энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан даатгалд даатгуулах үүргээ зургаан сараас дээш хугацаагаар биелүүлээгүй;

11.1.9.энэ хуулийн 10.1-д заасны дагуу өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг түдгэлзүүлснээс хойш зургаан жилийн хугацаа өнгөрсөн;

11.1.10.энэ хуулийн 19.6-д заасан хориглосон үйл ажиллагаа эрхэлсэн.

11.2.Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгох тухай шийдвэрийг энэ хуулийн 11.1.1, 11.1.2, 11.1.3, 11.1.4, 11.1.6, 11.1.7, 11.1.8, 11.1.9, 11.1.10-т заасан үндэслэлээр Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч, энэ хуулийн 11.1.5-д заасан үндэслэлээр Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо /цаашид “Мэргэжлийн хариуцлагын хороо” гэх/ гаргана.

Хэвлэх

12 дугаар зүйл.Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх дуусгавар болох

12.1.Дараах үндэслэлээр өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг дуусгавар болгоно:

12.1.1.өмгөөлөгч өөрөө хүсэлт гаргасан;

12.1.2.өмгөөлөгчийн иргэний эрх зүйн чадамжийг хязгаарласан, эсхүл иргэний эрх зүйн чадамжгүйг тогтоосон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон;

12.1.3.өмгөөлөгч нас барсан;

12.1.4.өмгөөлөгчийг сураггүй алга болсонд, эсхүл нас барсанд тооцох тухай шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

12.2.Энэ хуулийн 12.1-д заасан үндэслэлээр өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг дуусгавар болгох, сэргээх тухай шийдвэрийг Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч гаргана.

12.3.Өмгөөлөгчдийн Холбооны салбар зөвлөл энэ хуулийн 11.1, 12.1-д заасан үндэслэл илэрсэн бол холбогдох шийдвэрийг гаргуулах тухай саналыг Өмгөөлөгчдийн Холбоонд баримт бичгийн хамт хүргүүлнэ.

12.4.Өмгөөлөгчдийн Холбоо энэ хуулийн 12.3-т заасан саналыг баримт бичгийн хамт хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэнэ.

Хэвлэх


ГУРАВДУГААР БҮЛЭГ
ӨМГӨӨЛӨГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ

13 дугаар зүйл.Өмгөөлөгчийн эрх

13.1.Хуульд өөрөөр заагаагүй бол өмгөөлөгч өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхдээ дараах нийтлэг эрх эдэлнэ:

13.1.1.нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх, эсхүл хэрэг, маргаанд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай эд зүйл, баримт сэлтийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулах;

13.1.2.үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуульд заасан эрх, үүргийн хүрээнд аль ч байгууллагад төлөөлөх;

13.1.3.үйлчлүүлэгчтэйгээ ганцаарчлан уулзах боломжоор хангагдах;

13.1.4.хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн оролцож байгаа ажиллагааны бусад оролцогчид асуулт тавьж, хариулт авах;

13.1.5.хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан баримт сэлт, нотлох баримттай танилцах, тэмдэглэл хийх, шаардлагатай материалыг өөрийн зардлаар хуулбарлаж, хувилж авах;

13.1.6.шаардлагатай эд зүйл, баримт сэлт, бусад нотлох баримтыг цуглуулах талаар хүсэлт тавих, нотлох баримт гаргаж өгөх, шинэ нотлох баримт шаардах, хэрэгт ач холбогдол бүхий бусад байдлыг шалгуулах, түүнийгээ хэргийн материалд тусгуулах;

13.1.7.шинжилгээ хийлгэх хүсэлт гаргах, гарсан дүгнэлттэй танилцах, дүгнэлтийг өөрийн зардлаар хуулбарлаж, хувилж авах;

13.1.8.хуульд заасан үндэслэлээр хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргах;

13.1.9.захиргааны байгууллага, албан тушаалтан, мөрдөгч, прокурор, шүүгч, шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрт гомдол гаргах;

13.1.10.хуульд заасан үндэслэл, журмын дагуу шаардлагатай баримт сэлтийг бэхжүүлэх, хуулбарлан авах зорилгоор зураг, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн болон бусад техник хэрэгсэл ашиглах;

13.1.11.тусгай мэдлэг шаардагдах асуудлаар мэргэжлийн байгууллага, хүн, хуулийн этгээдээс өөрийнх нь зөвшөөрснөөр, эсхүл гэрээний үндсэн дээр зөвлөгөө авах, тодорхойлолт гаргуулах;

13.1.12.үйлчлүүлэгч болон бусад этгээдийн хууль бус шаардлагыг биелүүлэхээс татгалзах;

13.1.13.өөрийн үзүүлсэн хууль зүйн мэргэжлийн туслалцааны төлөө үндэслэл бүхий хөлс авах, гаргасан зардлыг нөхөн төлүүлэх;

13.1.14.шүүх хуралдааны явцыг баталгаажуулсан дуу-дүрсний бичлэгийг өөрийн зардлаар хуулбарлаж, хувилж авах.

13.2.Эрүү, иргэн, захиргаа, зөрчлийн хэрэг, арбитрын маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийн эрхийг энэ хууль болон холбогдох хуулиар тогтооно.

Хэвлэх

14 дүгээр зүйл.Өмгөөлөгчийн үүрэг

14.1.Өмгөөлөгч өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхдээ дараах үүрэг хүлээнэ:

14.1.1.үйлчлүүлэгчид хууль зүйн асуудлаар зөвлөгөө өгч, өмгөөллийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тухай бүр цаг алдалгүй өгөх, өмгөөллийн үйл ажиллагаа болон хууль тогтоомжийн агуулга, хууль зүйн үр дагаврыг бүрэн тайлбарлах;

14.1.2.үйлчлүүлэгчтэй холбоотой гүйцэтгэсэн аливаа үйл ажиллагааны талаар түүнд мэдэгдэх, тайлбарлах;

14.1.3.үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар хориглоогүй арга, хэрэгсэл ашиглан шударгаар, тууштай хамгаалах;

14.1.4.өмгөөллийн нууц, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх явцад олж мэдсэн төрийн болон албаны, байгууллагын, хувь хүний нууцыг задруулахгүй байх;

14.1.5.хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо холбогдох хуульд заасан журмыг дагаж мөрдөх;

14.1.6.үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, шийдвэрийг хүндэтгэх;

14.1.7.өмгөөллийн үйл ажиллагааны зорилгод хүрэх арга хэлбэрийн талаар үйлчлүүлэгчтэй зөвлөлдөх;

14.1.8.өмгөөллийн үйл ажиллагаанд хууль тогтоомж болон Мэргэжлийн ёс зүйн дүрэм /цаашид “Ёс зүйн дүрэм” гэх/-ээр хориглосон үйлдэл, эс үйлдэхүйн талаар үйлчлүүлэгчид тайлбарлах;

14.1.9.үйлчлүүлэгч болон бусад этгээдтэй харилцахдаа хүндэтгэлтэй хандаж, Ёс зүйн дүрмийг баримтлах;

14.1.10.өмгөөлөгчийн туслах, өмгөөллийн хуулийн этгээдийн өмгөөлөгч бус ажилтны үйлчлүүлэгчид учруулсан хохирол, гэм хорыг хариуцах;

14.1.11.шүүх хуралдаанд үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн зохих мэдээлэл, судалгаа, бэлтгэлтэй оролцох;

14.1.12.хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүх хуралдаанд товлосон цагт оролцох;

14.1.13.тухайн үйлчлүүлэгчид үзүүлсэн өмгөөллийн үйл ажиллагаанд зарцуулсан зардлын тооцоог үйлчлүүлэгчид танилцуулах;

14.1.14.мэргэжлийн хариуцлагын даатгалд даатгуулах;

14.1.15.гишүүнчлэлийн хураамж төлөх;

14.1.16.хуульд заасан бусад үүрэг.

Хэвлэх

15 дугаар зүйл.Өмгөөлөгчид хориглох зүйл, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх

15.1.Өмгөөлөгчид өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх явцад дараах үйл ажиллагааг хориглоно:

15.1.1.өмгөөллийн нууцыг задруулах;

15.1.2.өмгөөллийн үйл ажиллагааны үр дүнгийн талаар амлалт өгөх, шашны зан үйл ашиглах, үйлчлүүлэгчийг төөрөгдүүлэх, хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэхдээ өмгөөллийн хөлсөнд хамаарахгүй мөнгө, бэлэг, шан харамж авах, шаардах;

 15.1.3.үйлчлүүлэгчид хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны талаар буруу, ташаа мэдээлэл өгөх, хэрэг, маргааны бодит байдлыг нуун дарагдуулах;

15.1.4.үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, хүсэл зоригийн эсрэг байр суурь илэрхийлэх, эсхүл хэрэг, маргааны эсрэг талд ашигтай аливаа үйлдэл хийх, үйлчлэх, мэдээлэл дамжуулах;

 15.1.5.өөрийн үйлчлүүлэгчийн эсрэг ашиг сонирхол бүхий хэрэг, маргааны оролцогч талаас шан харамж авах, авахыг зөвшөөрөх, өөртөө давуу байдал бий болгуулах, тэдгээртэй үйлчлүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр харилцах;

 15.1.6.хэрэг, маргааны эсрэг талыг нотлох баримт, хэрэгт ач холбогдол бүхий бусад баримт сэлт, мэдээлэл олж авахад нь саад учруулах, тэдгээрт хууль бусаар өөрчлөлт оруулах, устгах, нуун дарагдуулах, энэхүү үйл ажиллагаанд бусдыг татан оролцуулах, туслах;

15.1.7.энэ хуулийн 13.1.5-д заасны дагуу хуулбарлан авсан нотлох баримт, баримт сэлтийг тухайн хэрэг, маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд нийтлэх;

15.1.8.хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэхдээ өөрийн улс төрийн болон шашны үзэл бодлыг үйлчлүүлэгчид тулгах;

15.1.9.өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхдээ хуулийг зориуд буруу хэрэглэж үйлчлүүлэгчид хохирол учруулах, эсхүл хуурамч нотлох баримт, баримт сэлт ашиглах;

15.1.10.хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх эрх бүхий этгээд, эсхүл хэрэг, маргааны оролцогчийг ашиглан өөрийн хууль зүйн мэргэжлийн туслалцааг бусдад тулгах, үйлчлүүлэгч олж өгсний төлөө бусдад шан харамж өгөх, өгөхөөр амлах;

15.1.11.хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатайгаар саад учруулах;

15.1.12.хууль зүйн чиглэлээр багшлах, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх, өмгөөллийн хуулийн этгээд, мэргэжлийн холбоо, түүний хороодын чиг үүрэгт хамаарахаас бусад ажил, албан тушаал хавсран эрхлэх;

15.1.13.улс төрийн нам, түүний харьяа, салбар, бүтцийн нэгжид орон тооны ажил, албан тушаал хавсран эрхлэх;

15.1.14.өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг улс төрийн зорилгоор ашиглах;

15.1.15.хууль зүйн мэргэжлийн туслалцаа, үйлчилгээ үзүүлж байгаагаас бусад тохиолдолд өмгөөлөгч нэршлийг ашиглан улс төрийн нам, эвслийн байр суурийг илэрхийлэх;

15.1.16.хууль, Ёс зүйн дүрэмд заасан бусад.

15.2.Өмгөөлөгч дараах тохиолдолд үйлчлүүлэгчид хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэхийг хориглоно:

15.2.1.хэрэг, маргааны талаар үйлчлүүлэгчтэй ашиг сонирхлын зөрчилтэй;

15.2.2.тухайн хэрэг, маргааныг хянан шалгах, шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөс бусад оролцогчийн хувиар оролцож байсан, эсхүл үйлчлүүлэгчийн ашиг сонирхлыг хөндсөн маргаан бүхий шийдвэрийг гаргах эрх бүхий ажил, албан тушаал эрхэлж байсан бөгөөд түүнээс хойш гурван жилийн хугацаа өнгөрөөгүй;

15.2.3.хэрэг, маргааны талаар үйлчлүүлэгчийн эсрэг ашиг сонирхол бүхий этгээдэд хууль зүйн мэргэжлийн туслалцаа, үйлчилгээ үзүүлж байгаа;

15.2.4.тухайн хэрэг, маргааныг хянан шалгаж, шийдвэрлэж байгаа байгууллагад, эсхүл түүний үйл ажиллагаанд хяналт тавих эрх бүхий байгууллагад ажил, албан тушаал эрхэлж байсан бөгөөд түүнээс хойш гурван жилийн хугацаа өнгөрөөгүй;

15.2.5.тухайн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцож байсан, эсхүл гэрчээр оролцох хангалттай үндэслэлтэй.

15.3.Өмгөөллийн нэг хуулийн этгээдэд харьяалагддаг, эсхүл ашгаа хуваах байдлаар хамтран ажилладаг өмгөөлөгчид харилцан эсрэг ашиг сонирхол бүхий хэрэг, маргааны талуудад нэгэн зэрэг хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэхийг хориглоно.  

15.4.Өмгөөлөгч энэ хуулийн 15.2-т заасан нөхцөл байдлын талаар хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлж эхлэхээс өмнө мэдсэн бол хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэхээс татгалзах, эсхүл түүнийг үзүүлэх явцад олж мэдсэн бол хууль зүйн мэргэжлийн туслалцааг дуусгавар болгох үүрэгтэй.

15.5.Энэ хуулийн 15.2-т заасан нөхцөл байдал үүссэн, эсхүл үүсэх нь тодорхой болсон бол өмгөөлөгч хууль зүйн мэргэжлийн туслалцааг дуусгавар болгож, үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхэд шаардлагатай арга хэмжээг авах үүрэгтэй.

15.6.Энэ хуулийн 15.2-т заасан нөхцөл байдал үүссэн бол өмгөөлөгч хууль зүйн мэргэжлийн туслалцааг дуусгавар болгох үндэслэлийг тайлбарласан мэдэгдэл болон үйлчлүүлэгчид үзүүлсэн хууль зүйн мэргэжлийн туслалцаатай холбоотой нотлох баримт, баримт сэлт, эд зүйл, үйлчлүүлэгчид буцаан төлбөл зохих өмгөөллийн хөлсийг хүлээлгэн өгөх зэрэг шаардлагатай арга хэмжээг авна.

15.7.Өмгөөлөгч тухайн хэрэг, маргааны талаар үйлчлүүлэгчтэй эсрэг ашиг сонирхолтой этгээд, эсхүл түүний төлөөлөгч, өмгөөлөгчтэй өөр хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд нэг тал болж оролцож байгаа бол үйлчлүүлэгчийн зөвшөөрснөөр өмгөөллийн үйл ажиллагааг үргэлжлүүлж болно.

Хэвлэх

16 дугаар зүйл.Өмгөөлөгчийн туслах

16.1.Өмгөөлөгч туслахтай байж болно.

16.2.Өмгөөлөгчийн туслах өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхгүй бөгөөд түүний үйл ажиллагааны үр дүнг өмгөөлөгч, өмгөөллийн хуулийн этгээд хариуцна.

16.3.Өмгөөлөгчийн туслах нь өмгөөлөгч, өмгөөллийн хуулийн этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр ажиллана.

16.4.Өмгөөлөгчийн туслахын бүртгэлийг Өмгөөлөгчдийн Холбоо хөтөлнө. Өмгөөлөгчийн туслахын үйл ажиллагаатай холбоотой харилцааг Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлөөс баталсан журмаар зохицуулна.

Хэвлэх


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ӨМГӨӨЛЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

17 дугаар зүйл.Өмгөөлөгчдийн нэгдсэн бүртгэл

17.1.Өмгөөлөгчдийн Холбоо өмгөөлөгчдийн нэгдсэн бүртгэлийг хөтлөх бөгөөд нэгдсэн бүртгэлийг Өмгөөлөгчдийн Холбоо, Өмгөөлөгчдийн Холбооны салбар зөвлөл, аймаг, нийслэлийн хууль зүйн асуудал хариуцсан нэгж өөрийн цахим хуудсанд байршуулна.

17.2.Өмгөөлөгчдийн нэгдсэн бүртгэлд өмгөөлөгчийн ажлын байрын хаяг, утас, цахим шуудангийн хаяг, харьяалагдах Өмгөөлөгчдийн Холбооны салбар зөвлөлийн мэдээллийг тусгана.

17.3.Өмгөөлөгчийн өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хуульд заасан үндэслэлээр түдгэлзүүлсэн, хүчингүй болгосон, дуусгавар болгосон бол Өмгөөлөгчдийн Холбоо энэ тухай өмгөөлөгчдийн нэгдсэн бүртгэлд тэмдэглэж, хэрэг, маргаан хянан шалгах, шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллагад тухай бүр мэдэгдэнэ.

Хэвлэх

18 дугаар зүйл.Өмгөөллийн үйл ажиллагааны зохион байгуулалтын хэлбэр

18.1.Өмгөөлөгч өмгөөллийн үйл ажиллагааг ганцаарчлан, гэрээгээр хамтарч, эсхүл хуулийн этгээд байгуулан эрхэлж болно.

18.2.Өмгөөлөгч мэргэжлийн үйл ажиллагаагаа ямар хэлбэрээр эрхэлж байгаагаас үл хамааран ажлын байр, банканд харилцах данстай байна.

Хэвлэх

19 дүгээр зүйл.Өмгөөллийн хуулийн этгээд

19.1.Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд /цаашид “өмгөөллийн хуулийн этгээд” гэх/ нь хязгаарлагдмал хариуцлагатай компани, эсхүл хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийн хэлбэртэй байна.

19.2.Өмгөөллийн хуулийн этгээдийн оноосон нэрийн урд “Өмгөөллийн” гэсэн үгийг хэрэглэнэ.

19.3.Өмгөөллийн хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлснээс хойш 14 хоногийн дотор хуулийн этгээдийн оноосон нэр, хаяг, түүнд ажиллах өмгөөлөгчдийн нэрсийг өмгөөлөгчдийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх бөгөөд уг бүртгэлд өөрчлөлт орсон тухай бүр Өмгөөлөгчдийн Холбоонд бичгээр мэдэгдэнэ.

19.4.Өмгөөллийн хуулийн этгээд өмгөөллийн үйл ажиллагаанаас бусад төрлийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.

19.5.Өмгөөллийн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, гишүүн, удирдах, төлөөлөх эрх бүхий этгээд, хувьцаа эзэмшигч нь өмгөөлөгч байна.

19.6.Өмгөөлөгч, өмгөөллийн хуулийн этгээд нь өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхгүй этгээдтэй хамтарч ашиг хуваах байдлаар үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.

19.7.Өмгөөллийн хуулийн этгээдийн энэ хуульд заагаагүй бусад харилцааг холбогдох хуулиар зохицуулна.

Хэвлэх

20 дугаар зүйл.Өмгөөлөгчийн хүсэлт

20.1.Хуульд өөрөөр заагаагүй бол өмгөөлөгч хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэхэд шаардлагатай лавлагаа, тодорхойлолт, баримт сэлтийг тухайн асуудлыг хариуцсан төрийн, төрийн бус байгууллагаас гаргуулан авах зорилгоор өмгөөлөгчийн хүсэлт гаргах эрхтэй.

20.2.Хуульд өөрөөр заагаагүй бол өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авсан төрийн, төрийн бус байгууллага 14 хоногийн дотор бичгээр хариу өгнө. Хүсэлтэд заасан баримт сэлт, мэдээллийг цуглуулахад нэмэлт хугацаа шаардлагатай бол нэг удаа 14 хоногоор сунгаж болно. 

20.3.Өмгөөлөгчийн хүсэлтэд заасан баримт сэлт, мэдээлэл нь хууль тогтоомжийн дагуу төрийн болон албаны, эсхүл байгууллагын, хувь хүний нууцад хамаарахаар бол нууц задруулахгүй байх баталгааг гаргаж, холбогдох хууль тогтоомжийн дагуу танилцаж болно.

20.4.Хуульд өөрөөр заагаагүй бол өмгөөлөгчийн хүсэлтийг энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан журмын дагуу шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй байгууллага, албан тушаалтанд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

20.5.Энэ хуулийн 20.1-д заасан лавлагаа, мэдээлэл, баримт сэлтийг холбогдох байгууллага гаргаж өгөөгүй тохиолдолд шүүхэд хандан шийдвэрлүүлж болно.

Хэвлэх

21 дүгээр зүйл.Хууль зүйн мэргэжлийн туслалцаа авах эрхийг хангах

21.1.Өмгөөлөгч үйлчлүүлэгчийг итгэмжлэл, хүсэлт, гэрээ, эсхүл нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хүрээнд томилолтын үндсэн дээр төлөөлнө.

21.2.Хууль зүйн мэргэжлийн туслалцаа хүсэгчид тодорхой өмгөөлөгчийн нэр зааж, тулгахыг хориглоно.

21.3.Хүн, хуулийн этгээдийн хууль зүйн мэргэжлийн туслалцаа авах эрхийг хангахын тулд эрх бүхий албан тушаалтан, мөрдөгч, прокурор, шүүгч нь өмгөөлөгч болон өмгөөллийн хуулийн этгээдийн нэр, хаягийн мэдээлэл авах боломжоор хангах үүрэгтэй.

Хэвлэх

22 дугаар зүйл.Хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ

22.1.Өмгөөлөгч өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхдээ үйлчлүүлэгч, эсхүл түүний сонгосон этгээдтэй хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээг бичгээр байгуулна.

22.2.Хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээнд дараах зүйлийг тусгана:

22.2.1.өмгөөлөгч, өмгөөллийн хуулийн этгээдийн нэр, хаяг;

22.2.2.өмгөөллийн үйл ажиллагааны агуулга;

22.2.3.төлбөрийн хэмжээ, төлөх нөхцөл, дансны дугаар;

22.2.4.хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх явцад өмгөөлөгчөөс гарах зардлыг нөхөн төлөх нөхцөл;

22.2.5.өмгөөлөгч, үйлчлүүлэгчийн хүлээх хариуцлага;

22.2.6.гэрээг цуцлах нөхцөл.

22.3.Энэ хуулийн 22.2-т зааснаас бусад нөхцөлийг талууд харилцан тохиролцож болно.

Хэвлэх

23 дугаар зүйл.Өмгөөллийн хөлс

23.1.Өмгөөлөгч хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс /цаашид “өмгөөллийн хөлс” гэх/ авах бөгөөд хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно.

23.2.Өмгөөллийн хөлсийг тогтооход өмгөөлөгчөөс үзүүлэх өмгөөллийн үйл ажиллагааны цар хүрээ, ээдрээ төвөгтэй байдал, тухайн хэрэг, маргааны үргэлжлэх хугацаа, өмгөөлөгчийн мэргэшсэн байдал, туршлага, мэргэжлийн ур чадварыг харгалзан үзнэ.

23.3.Доор дурдсанаас бусад тохиолдолд өмгөөлөгч өмгөөллийн хөлсийг нөхцөлтэйгөөр тохиролцож болно:

23.3.1.эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа;

23.3.2.эцэг, эх тогтоох;

 23.3.3.тэтгэмж тогтоолгох;

23.3.4.гэрлэлт цуцлах;

23.3.5.гэр бүлийн дундын өмчийн маргааныг шийдвэрлэх;

23.3.6.гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хэргийг шийдвэрлэх.

23.4.Өмгөөлөгч үйлчлүүлэгчтэй харилцан тохиролцсоноор түүнийг өмгөөллийн хөлс төлөхөөс чөлөөлж, эсхүл хөнгөлж болно.

Хэвлэх

24 дүгээр зүйл.Өмгөөлөгчийн мэргэжлийн хариуцлагын даатгал

24.1.Өмгөөлөгч өмгөөллийн үйл ажиллагаанд алдаа гаргаж, үйлчлүүлэгчид хохирол учруулсан тохиолдолд түүнийг нөхөн төлөх зорилгоор мэргэжлийн хариуцлагын даатгалд заавал даатгуулна.

24.2.Өмгөөлөгчдийн Холбоо өмгөөлөгчийн мэргэжлийн хариуцлагын даатгалын үнэлгээний доод хэмжээг тогтоож, өмгөөлөгчийг мэргэжлийн хариуцлагын даатгалд даатгуулах ажлыг зохион байгуулна.

24.3.Өмгөөлөгч даатгалын байгууллагаа өөрөө сонгоно.

Хэвлэх

25 дугаар зүйл.Өмгөөллийн нууц

25.1.Өмгөөлөгчөөс өөрийн үйлчлүүлэгчид үзүүлж байгаа хууль зүйн мэргэжлийн туслалцаа, тэдгээрийн харилцаатай холбоотой бүхий л баримт сэлт, мэдээлэл өмгөөллийн нууцад хамаарна.

25.2.Үйлчлүүлэгчид хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх явцад олж мэдсэн зүйлтэй нь холбогдуулан өмгөөлөгчөөс гэрчийн мэдүүлэг, тайлбар авах, энэ хуулийн 20.3-т зааснаас бусад тохиолдолд нууц задруулахгүй байх баталгаа гаргуулахыг хориглоно.

25.3.Өмгөөлөгч өмгөөллийн нууцыг үйлчлүүлэгчийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр бусдад задруулах, эсхүл үрэгдүүлэх, эсхүл хувийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхлын тулд ашиглахыг хориглоно.

25.4.Өмгөөллийн нууцыг хугацаагүй хадгална.

25.5.Энэ хуулийн 25.2, 25.3 дахь хэсэг нь гэрээнд заасны дагуу ажил үүргээ гүйцэтгэх явцад өмгөөллийн нууцыг олж мэдсэн өмгөөлөгчийн туслах, өмгөөллийн хуулийн этгээдийн бүх ажилтанд нэгэн адил хамаарна.

25.6.Өмгөөлөгчийн дараах үйлдэл өмгөөллийн нууцад хамаарахгүй:

25.6.1.үйлчлүүлэгч болон бусад этгээд гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байгаа талаар эрх бүхий байгууллагад мэдээлэх;

25.6.2.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4.1-д заасны дагуу мэдээлэх үүргээ хэрэгжүүлэх;

25.6.3.өмгөөлөгч болон үйлчлүүлэгчийн хооронд байгуулсан хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээтэй холбогдон үүссэн маргааныг хянан шийдвэрлэх.

Хэвлэх

26 дугаар зүйл.Өмгөөллийн үйл ажиллагааны баталгаа

26.1.Төрийн байгууллага, албан тушаалтан, гүйцэтгэх ажилтан, мөрдөгч, прокурор, шүүгч өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаагаа эрхлэх болон үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөх эрхийг хязгаарлахыг хориглоно. 

26.2.Төрийн байгууллага, албан тушаалтан, гүйцэтгэх ажилтан, мөрдөгч, прокурор, шүүгч, улс төрийн нам, хүн, хуулийн этгээд хэн боловч өмгөөлөгч хуулийн хүрээнд мэргэжлийн үйл ажиллагаагаа эрхлэхэд нь дарамт шахалт үзүүлэх, саад учруулах, баталгаа шаардах, заналхийлэх, бусад байдлаар хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно.

26.3.Хуульд өөрөөр заагаагүй бол өмгөөллийн үйл ажиллагаатай нь холбогдуулан өмгөөлөгч, өмгөөлөгчийн туслах, өмгөөллийн хуулийн этгээдийн ажилтны яриаг чагнах, албан байр болон орон байр, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийх, мөрдөн мөшгих, өмгөөллийн үйл ажиллагаатай холбоотой баримт сэлтийг гаргуулан авахыг хориглоно.

26.4.Өмгөөлөгчийг гэмт хэрэгт холбогдуулан шалгах явцдаа тухайн хэрэгт хамааралгүй, бусад үйлчлүүлэгчтэй холбоотой баримт сэлтийг гаргуулан авахыг хориглоно.

Хэвлэх

27 дугаар зүйл.Өмгөөллийн үйл ажиллагааны талаархзар сурталчилгаа

27.1.Өмгөөлөгч, өмгөөллийн хуулийн этгээд өмгөөллийн үйл ажиллагааны талаар зар сурталчилгаа явуулах эрхтэй.

27.2.Энэ хуулийн 27.1-д заасан зар сурталчилгаа нь өмгөөлөгч, өмгөөллийн хуулийн этгээдийн талаарх ерөнхий мэдээлэл, ажлын туршлага, боловсролын байдал болон үзүүлэх хууль зүйн мэргэжлийн туслалцааны талаарх мэдээллийг агуулсан байх бөгөөд дараах агуулгатай байхыг хориглоно:

27.2.1.өмгөөллийн үйл ажиллагааны үр дүнгийн талаар тодорхой амлалт өгсөн;

27.2.2.тухайн өмгөөлөгч, өмгөөллийн хуулийн этгээдийн хууль зүйн мэргэжлийн туслалцааг авахыг тулган шаардсан;

27.2.3.бусад өмгөөлөгч, өмгөөллийн хуулийн этгээдийн нэр хүндэд халдсан;

27.2.4.өөрийн болон бусад өмгөөлөгч, өмгөөллийн хуулийн этгээдийн үйл ажиллагааны талаар үнэлгээ, дүгнэлт өгсөн;

27.2.5.өмгөөллийн үйл ажиллагаатай холбоотой хуурамч, эсхүл төөрөгдүүлсэн мэдээлэл агуулсан;

27.2.6.энэ хууль болон Ёс зүйн дүрэмд нийцээгүй бусад.

27.3.Өмгөөллийн үйл ажиллагааны талаарх зар сурталчилгаанд тавих нэмэлт шаардлагыг Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөл батална.

Хэвлэх

28 дугаар зүйл.Мэргэшсэн өмгөөлөгч

28.1.Өмгөөлөгч хууль зүйн мэргэжлийн туслалцааг тодорхой төрлийн хэрэг, маргааны чиглэлээр, эсхүл эрх зүйн салбараар дагнан 15 жил, түүнээс дээш хугацаагаар үзүүлсэн бол мэргэшсэн өмгөөлөгч нэрийг хэрэглэх эрхтэй.

28.2.Өмгөөлөгчийг тодорхой төрлийн хэрэг, маргааны чиглэлээр, эсхүл эрх зүйн салбараар дагнан ажилласанд тооцох, мэргэшсэн өмгөөлөгчийг бүртгэх журам болон мэргэших чиглэлийн жагсаалтыг Өмгөөлөгчдийн Холбоо батална.

Хэвлэх

29 дүгээр зүйл.Өмгөөлөгчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа

29.1.Өмгөөлөгч нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлнэ.

29.2.Нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хэлбэр, журмыг Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөл батална. Төлбөрийн чадваргүй хүнд хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх үйл ажиллагааг Өмгөөлөгчдийн Холбоо эрх бүхий байгууллагатай хамтран зохион байгуулна.

29.3.Өмгөөлөгч энэ хуульд заасан нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад нийтийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор өөрийн нэрийн өмнөөс төрийн байгууллага, шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргах эрхтэй. 

29.4.Өмгөөлөгчдийн Холбоо өмгөөлөгчдөөс нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх санал, санаачилгыг дэмжих, тэдгээрийг уялдуулан зохион байгуулах, уг үйл ажиллагаанд нийт өмгөөлөгчдийн оролцоог хангах үүрэгтэй.  

Хэвлэх

30 дугаар зүйл.Гадаад улсын өмгөөлөгч Монгол Улсад өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх

30.1.Хуульчийн шалгалтад тэнцэж, энэ хуульд заасны дагуу өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх авсан гадаадын иргэн, харьяалалгүй хүн төрийн болон албаны нууцтай холбоотойгоос бусад асуудлаар өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлж болно.

30.2.Гадаадын аль нэг улсад өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх авсан гадаад улсын болон Монгол Улсын харьяат өмгөөлөгч зөвхөн эрх олгосон улсын хууль тогтоомж болон олон улсын эрх зүйд хамаарах асуудлаар өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлнэ.

30.3.Энэ хуулийн 30.2-т заасан өмгөөлөгч хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу Өмгөөлөгчдийн Холбоонд бүртгүүлснээр Монгол Улсын нутаг дэвсгэрт өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй болох бөгөөд хуульд тусгайлан зохицуулснаас бусад тохиолдолд энэ хуульд заасан ерөнхий нөхцөл, шаардлагын дагуу өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлнэ.

30.4.Өмгөөлөгч гадаад улсын иргэний харьяалалтай болсон нь энэ хуулийн 30.1-д зааснаас бусад байдлаар түүний өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.

Хэвлэх


ТАВДУГААР БҮЛЭГ
ӨМГӨӨЛӨГЧИЙН МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙН ХАРИУЦЛАГА, ТҮҮНТЭЙ ХОЛБООТОЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ

31 дүгээр зүйл.Өмгөөлөгчийн хариуцлага

31.1.Өмгөөлөгч өмгөөллийн үйл ажиллагаандаа энэ хуулийн 41.6.5-д заасан Ёс зүйн дүрмийг баримталж ажиллана.

31.2.Ёс зүйн дүрэм нь өмгөөллийн үйл ажиллагаанд заавал дагаж мөрдвөл зохих ёс зүйн хэм хэмжээ, өмгөөлөгчид хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг агуулсан байна.

31.3.Хууль, Ёс зүйн дүрмийг зөрчсөн өмгөөлөгчид дараах хариуцлага хүлээлгэнэ:

31.3.1.сануулах;

31.3.2.өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг нэгээс гурван жил хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх;

31.3.3.өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгох.

31.4.Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хугацаатай түдгэлзүүлсэн бол уг хугацаа өнгөрснөөр өмгөөлөгч өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхээ сэргээлгэх хүсэлт гаргах эрхтэй.

31.5.Энэ хуулийн 31.3.2-т заасны дагуу түдгэлзүүлсэн өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг сэргээх эсэх асуудлыг Мэргэжлийн хариуцлагын хорооны дүгнэлтийг үндэслэн Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч шийдвэрлэнэ.

31.6.Энэ хуулийн 31.3.3-т заасны дагуу өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгосон бол таван жилийн хугацаанд өмгөөлөгчийн шалгалтад орохгүй.

31.7.Энэ хуулийн 31.3-т заасан хариуцлага хүлээлгэхэд өмгөөлөгчийн гаргасан зөрчил, түүний шинж, зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр болон Мэргэжлийн хариуцлагын хороо ач холбогдолтой гэж үзсэн бусад нөхцөл байдлыг харгалзан үзнэ.

31.8.Өмгөөлөгч ёс зүйн зөрчил гаргаснаас хойш гурван жилийн хугацаа өнгөрсөн бол хариуцлага хүлээлгэхгүй.

31.9.Өмгөөлөгчид энэ хуулийн дагуу хариуцлага хүлээлгэсэн нь түүнийг Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

Хэвлэх

32 дугаар зүйл.Мэргэжлийн хариуцлагын хороо, түүний чиг үүрэг

32.1.Мэргэжлийн хариуцлагын хороо нь өмгөөлөгч хууль болон Ёс зүйн дүрмийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэх, хариуцлага хүлээлгэх, энэ хууль болон Ёс зүйн дүрмийг нэг мөр ойлгож, хэрэгжүүлэх талаар зөвлөмж гаргах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

32.2.Мэргэжлийн хариуцлагын хороо 11 гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд гишүүний бүрэн эрхийн хугацаа гурван жил байна. Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүнийг нэг удаа улируулан сонгож болно.

32.3.Мэргэжлийн хариуцлагын хорооны даргыг гишүүд дотроосоо нэр дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж, саналаа нууцаар хурааж, нийт гишүүний олонхын санал авсан хүнийг сонгоно.

32.4.Мэргэжлийн хариуцлагын хорооны бүрэлдэхүүнд шүүгч, прокурор, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, иргэдийн төлөөлөл тус бүр нэг, Өмгөөлөгчдийн Холбооны төлөөлөл долоо байна.

32.5.Мэргэжлийн хариуцлагын хороо нь чиг үүргээ хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын албатай байх бөгөөд ажлын албаны бүтэц, орон тоог Мэргэжлийн хариуцлагын хорооны даргын саналыг үндэслэн Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөл батална.

32.6.Энэ хуулийн 32.4, 46.2-т заасан иргэдийн төлөөлөл нь өмгөөллийн үйл ажиллагааны талаар хувийн ашиг сонирхолгүй, хуульч бус, өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлж байгаагүй Монгол Улсын иргэн байх бөгөөд түүнд тавих шаардлага, сонгох журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

32.7.Энэ хуулийн 32.4-т заасан шүүх, прокурорын төлөөлөл нь шүүгч, прокуророор долоогоос доошгүй жил ажилласан байна. Шүүгчийг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн, прокурорыг Улсын ерөнхий прокурорын, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төлөөллийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний санал болгосноор батламжилна.

32.8.Мэргэжлийн хариуцлагын хороо энэ хуулийн дагуу хянан шийдвэрлэсэн маргааны сан бүрдүүлж, хариуцлага хүлээлгэсэн өмгөөлөгчдийн бүртгэл хөтөлнө.

Хэвлэх

33 дугаар зүйл.Мэргэжлийн хариуцлагын хорооны бие даасан байдал, чиг үүргээ хэрэгжүүлэх баталгаа

33.1.Мэргэжлийн хариуцлагын хороо нь шаардлагатай бол хүсэлт, гомдол, мэдээлэлд дурдсан үйлдэл, эс үйлдэхүйн талаар холбогдох этгээдээс тайлбар, тодорхойлолт авах, Мэргэжлийн хариуцлагын хороонд ирж тайлбар өгөх тухай хүсэлт гаргах эрхтэй бөгөөд холбогдох хүн, хуулийн этгээд нь үнэн зөв тайлбар өгөх үүрэгтэй.

33.2.Мэргэжлийн хариуцлагын хорооны дарга ажлын албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтныг томилж, чөлөөлнө.

33.3.Мэргэжлийн хариуцлагын хороо нь бие даасан, хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд хангалттай төсөвтэй байна. Төсвийг үндэслэлгүйгээр өмнөх жилийнхээс бууруулахыг хориглоно.

33.4.Мэргэжлийн хариуцлагын хорооны төсвийг ажлын албаны дарга бие даан захиран зарцуулж, хариуцлага хүлээнэ.

33.5.Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүн, ажлын албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан нь маргаан хянан шийдвэрлэх чиг үүргээ хараат бусаар хэрэгжүүлэх бөгөөд Өмгөөлөгчдийн Холбооны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан, бусад этгээдээс тэдгээрийн үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлөхийг хориглоно.

33.6.Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүн, ажлын албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтны ёс зүйд тавих шаардлагыг Ёс зүйн дүрэмд тусгайлан заана.

Хэвлэх

34 дүгээр зүйл.Маргаан үүсгэх

34.1.Энэ хуулийн 32.1-д заасан маргааныг Мэргэжлийн хариуцлагын хороо өөрийн санаачилгаар, эсхүл Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөл, Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгчийн хүсэлт, эсхүл шүүгч, прокурор, хүн, хуулийн этгээдийн гомдол, мэдээллийн дагуу үүсгэж, хянан шийдвэрлэнэ.

34.2.Энэ хуулийн 34.1-д заасан хүсэлт, гомдол, мэдээллийг бичгээр ирүүлэх бөгөөд дараах мэдээллийг тусгасан байна:

34.2.1.хүсэлт, гомдол, мэдээллийг ирүүлсэн хүн, хуулийн этгээд, албан тушаалтан, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээдийн нэр, холбоо барих мэдээлэл;

34.2.2.хүсэлт, гомдол, мэдээлэлд холбогдох өмгөөлөгчийн нэр, холбоо барих мэдээлэл, харьяалах өмгөөллийн хуулийн этгээдийн нэр, хаяг;

34.2.3.хууль, Ёс зүйн дүрэм зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйн талаарх мэдээлэл;

34.2.4.хууль, Ёс зүйн дүрэм зөрчсөн гэж үзсэн үндэслэл, түүнийг нотлох баримт сэлт, мэдээлэл.

Хэвлэх

35 дугаар зүйл.Маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа

35.1.Мэргэжлийн хариуцлагын хороо нь маргааныг хянан шийдвэрлэхдээ дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

35.1.1.хүсэлт, гомдол, мэдээлэл ирүүлсэн хүн, хуулийн этгээд, албан тушаалтан, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд болон маргаанд холбогдох өмгөөлөгчөөс тайлбар авах;

35.1.2.хүсэлт, гомдол, мэдээлэлд дурдсан үйлдэл, эс үйлдэхүй, түүний шинж, зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал болон маргаанд ач холбогдолтой гэж үзсэн бусад нөхцөл байдлын талаар нэмэлт баримт сэлт, мэдээлэл цуглуулах;

35.1.3.хүсэлт, гомдол, мэдээлэлд дурдсан үйлдэл, эс үйлдэхүйн талаар мэдэх этгээдээс тайлбар авах;

35.1.4.тусгай мэдлэг шаардах асуудлаар мэргэжлийн байгууллага, шинжээч, мэргэжилтнээс тодорхойлолт, дүгнэлт, тайлбар гаргуулан авах.

35.2.Нэг өмгөөлөгчид холбогдуулан хэд хэдэн хүсэлт, гомдол, мэдээлэл ирүүлсэн бол Мэргэжлийн хариуцлагын хорооны даргын шийдвэрээр нэгтгэн нэг маргаан үүсгэж болох бөгөөд нэг өмгөөлөгчид холбогдуулан хэд хэдэн маргаан үүсгэсэн тохиолдолд Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрээр тэдгээрийг нэгтгэн хянан хэлэлцэж болно.

35.3.Мэргэжлийн хариуцлагын хороо маргааныг 30 хоногийн дотор хянаж, шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд энэ зүйлд заасан хугацааг дахин нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно.

35.4.Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн маргааныг хянан шийдвэрлэхтэй холбоотой энэ хуульд зааснаас бусад харилцааг Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлөөс баталсан журмаар зохицуулна.

35.5.Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг Өмгөөлөгчдийн Холбоо хариуцна.

Хэвлэх

36 дугаар зүйл.Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэр

36.1.Мэргэжлийн хариуцлагын хорооны хуралдаанд нийт гишүүний дийлэнх олонх оролцсоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийдвэрийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар гаргана.

36.2.Мэргэжлийн хариуцлагын хороо маргааныг хянаж, дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:

36.2.1.өмгөөлөгч хууль, Ёс зүйн дүрмийг зөрчсөн нь тогтоогдсон бол энэ хуулийн 31.3-т заасан хариуцлага хүлээлгэх;

36.2.2.өмгөөлөгч хууль, Ёс зүйн дүрмийг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдоогүй бол маргааныг хэрэгсэхгүй болгох;

36.2.3.энэ хуулийн 31.8-д заасан хариуцлага хүлээлгэх хугацаа өнгөрсөн бол маргааныг хэрэгсэхгүй болгох;

36.2.4.зөрчлийг тал бүрээс нь, бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй гэх үндэслэл байгаа бол нэмэлт ажиллагаа хийлгэхээр энэ хуулийн 32.5-д заасан ажлын албанд буцаах.

36.3.Энэ хуулийн 36.2.3-т заасан үндэслэлээр маргааныг хэрэгсэхгүй болгох шийдвэрийг өмгөөлөгч хүлээн зөвшөөрөөгүй бол маргааныг нийтлэг журмын дагуу хянан хэлэлцэж, энэ хуулийн 36.2.1, 36.2.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргана.

36.4.Хүсэлт, гомдол, мэдээлэлд дурдсан үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжтэй бол Мэргэжлийн хариуцлагын хороо эрх бүхий байгууллагад мэдэгдэх бөгөөд энэ нь маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэл болохгүй.

Хэвлэх

37 дугаар зүйл.Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрт гомдол гаргах

37.1.Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийг уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд өмгөөлөгч, эсхүл хүсэлт, гомдол, мэдээллийг ирүүлсэн этгээд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах эрхтэй.

37.2.Энэ хуулийн 37.1-д заасан гомдлын дагуу шүүх захиргааны хэрэг үүсгэсэн бол хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлнэ.

Хэвлэх


ЗУРГАДУГААР БҮЛЭГ
ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ЧИГ ҮҮРЭГ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

38 дугаар зүйл.Өмгөөлөгчдийн Холбоо

38.1.Өмгөөлөгчдийн Холбоо нь өмгөөлөгчдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, эрх ашгийг хамгаалах, хариуцлагын нэгдсэн тогтолцоог хэрэгжүүлэх, иргэдийн хууль зүйн туслалцаа авах эрхийг хангахад дэмжлэг үзүүлэх зорилго бүхий өмгөөлөгчдийн заавал гишүүнчлэлтэй, мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллага мөн.

38.2.Өмгөөлөгчдийн Холбоо нь нийтийн эрх зүйн хуулийн этгээд байна.

Хэвлэх

39 дүгээр зүйл.Өмгөөлөгчдийн Холбооны чиг үүрэг

39.1.Өмгөөлөгчдийн Холбоо дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

39.1.1.өмгөөллийн үйл ажиллагааны нэгдсэн шаардлага, Ёс зүйн дүрмийг мөрдүүлэх;

39.1.2.иргэдийн хуульд заасан эрх, үүрэг болон тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах талаар өмгөөлөгчийн үүрэг, оролцоог сурталчлан таниулах;

39.1.3.хууль зүйн мэргэжлийн туслалцааг тэгш, хүртээмжтэй үзүүлэх, өмгөөлөгчөөс өмгөөллийн үйл ажиллагааг хараат бусаар эрхлэх боломжийг бүрдүүлэх талаар төрийн байгууллагатай хамтран ажиллах;

39.1.4.өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүй, мэдлэг, ур чадвар, үзүүлж байгаа хууль зүйн мэргэжлийн туслалцааны чанарыг дээшлүүлэх;

39.1.5.өмгөөлөгчөөс мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх боломжийг сайжруулах;

39.1.6.хуульд заасан үндэслэл, журмын дагуу өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, дуусгавар болгох;

39.1.7.өмгөөлөгчийн мэргэжлийн нэр хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, төрийн аль ч шатны байгууллагад төлөөлөх;

39.1.8.өмгөөлөгчөөс нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх ажлыг зохион байгуулах;

39.1.9.өмгөөллийн үйл ажиллагааны явцад хохирсон үйлчлүүлэгчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах арга хэмжээг авах;

39.1.10.хуульд заасан бусад чиг үүрэг.

39.2.Төрийн, төрийн бус байгууллага, түүний албан тушаалтны шийдвэр нь өмгөөлөгч, өмгөөллийн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл Өмгөөлөгчдийн Холбоо өмгөөлөгч, өмгөөллийн хуулийн этгээдийн хүсэлтийг үндэслэн холбогдох байгууллага, албан тушаалтан, шүүхэд санал, гомдол, нэхэмжлэл гаргах эрхтэй.

39.3.Өмгөөлөгчдийн Холбооны зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой энэ хуульд зааснаас бусад харилцааг Өмгөөлөгчдийн Холбооны дүрмээр зохицуулна.

Хэвлэх

40 дүгээр зүйл.Өмгөөлөгчдийн Холбооны бэлгэ тэмдэг

40.1.Өмгөөлөгчдийн Холбоо өөрийн бэлгэ тэмдэгтэй байна.

40.2.Өмгөөлөгчдийн Холбооны бэлгэ тэмдгийн загвар, түүнийг хэрэглэх журмыг Өмгөөлөгчдийн холбооны Удирдах зөвлөл батална.

Хэвлэх

41 дүгээр зүйл.Өмгөөлөгчдийн Холбооны Их Хурал

41.1.Өмгөөлөгчдийн Холбооны эрх барих дээд байгууллага нь Өмгөөлөгчдийн Холбооны Их Хурал /цаашид “Их Хурал” гэх/ байна.

41.2.Их Хурал нь ээлжит болон ээлжит бус хэлбэртэй байх бөгөөд ээлжит хурлыг гурван жилд нэг удаа хуралдуулна.

41.3.Их Хурал Өмгөөлөгчдийн Холбооны гишүүдийн төлөөллөөс бүрдэнэ.

41.4.Их Хурлын төлөөлөгчдийн тоог Өмгөөлөгчдийн Холбооны салбар зөвлөлд харьяалагдах өмгөөлөгчдийн тооноос хамааран тогтоох бөгөөд төлөөлөгчийг сонгох, Их Хурлыг хуралдуулахтай холбогдсон журмыг Өмгөөлөгчдийн Холбооны дүрмээр тогтооно.

41.5.Их Хуралд төлөөлөгчөөр сонгогдсон эсэхээс үл хамааран Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн өөрийн хүсэлтээр Их Хуралд саналын эрхгүйгээр оролцож болно.

41.6.Их Хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

41.6.1.Өмгөөлөгчдийн Холбооны дүрмийг батлах;

41.6.2.өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх нэгдсэн шаардлагыг тогтоох;

41.6.3.Өмгөөлөгчдийн Холбооны бодлого, хөгжлийн хөтөлбөрийг тодорхойлох;

41.6.4.Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөл, Өмгөөлөгчдийн Холбооны Хяналтын зөвлөл /цаашид “Хяналтын зөвлөл” гэх/, Мэргэшлийн хорооны үйл ажиллагааны тайланг хэлэлцэх;

41.6.5.Ёс зүйн дүрмийг батлах;

41.6.6.Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөл болон Мэргэжлийн хариуцлагын хорооны өмгөөлөгч гишүүнийг сонгох, чөлөөлөх;

41.6.7.Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгчийг сонгох, чөлөөлөх, түүний цалингийн хэмжээг тогтоох;

41.6.8.Өмгөөлөгчдийн Холбооны гишүүнчлэлийн хураамжийн хэмжээг тогтоох;

41.6.9.Өмгөөлөгчдийн Холбооны шагналыг бий болгох, түүнийг олгох журмыг батлах;

41.6.10.хуульд заасан бусад бүрэн эрх.

41.7.Ээлжит бус Их Хурлыг зарлан хуралдуулахтай холбогдсон харилцааг Өмгөөлөгчдийн Холбооны дүрмээр зохицуулна.

41.8.Их Хурлын тов болон хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг хурал эхлэхээс 30-аас доошгүй хоногийн өмнө Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөл өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлана.

41.9.Их Хурал сонгогдсон төлөөлөгчдийн олонх оролцсоноор хүчин төгөлдөр болно.

41.10.Их Хурал асуудлыг хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын саналаар шийдвэрлэж, шийдвэрлэсэн асуудлаар тогтоол гаргана.

Хэвлэх

42 дугаар зүйл.Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөл

42.1.Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөл нь Их Хурлын чөлөөт цагт Өмгөөлөгчдийн Холбооны үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүрэг бүхий хамтын удирдлагын байгууллага байна.

42.2.Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөл 21 гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд гишүүний бүрэн эрхийн хугацаа гурван жил байна.

42.3.Өмгөөлөгч нь Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр хоёроос дээш удаа дараалан сонгогдохгүй.

42.4.Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөл дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

42.4.1.Өмгөөлөгчдийн Холбооны жилийн ажлын төлөвлөгөө, Өмгөөлөгчдийн Холбооны бодлого, хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн батлах, түүний хэрэгжилтэд хяналт тавих;

42.4.2.Өмгөөлөгчдийн Холбооны бодлого, хөгжлийн хөтөлбөр, Өмгөөлөгчдийн Холбооны дүрэм, журмын хэрэгжилтэд хяналт тавих;

42.4.3.Их Хурлыг зарлан хуралдуулах;

42.4.4.Мэргэжлийн хариуцлагын хороо, Мэргэшлийн хороонд шүүгч, прокурор, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас санал болгосон гишүүнийг батламжлах;

42.4.5.Өмгөөлөгчдийн Холбооны жилийн төсвийг баталж, үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэх;

42.4.6.Өмгөөлөгчдийн Холбооны удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой асуудлаар өмгөөлөгчөөс гаргасан санал, гомдлыг хэлэлцэн шийдвэрлэх;

42.4.7.Өмгөөлөгчдийн Холбооны ажлын албаны бүтэц, орон тоо, ажилтны цалин хөлсний хэмжээг тогтоох;

42.4.8.Өмгөөлөгчдийн Холбооны салбар зөвлөлийг байгуулах, татан буулгах, салбар зөвлөлийн үйл ажиллагааны журмыг батлах;

42.4.9.Өмгөөлөгчдийн Холбооны салбар зөвлөлийн даргыг томилох, чөлөөлөх;

42.4.10.Өмгөөлөгчдийн Холбооны санхүүгийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн батлах;

42.4.11.хууль, Өмгөөлөгчдийн Холбооны дүрэмд заасан бусад бүрэн эрх.

42.5.Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөл улиралд нэгээс доошгүй удаа хуралдах бөгөөд нийт гишүүний дийлэнх олонх оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно.

42.6.Яаралтай шийдвэр гаргах шаардлагатай цаг үеийн асуудлаар Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгчийн, эсхүл Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүдийн гуравны нэгээс доошгүйн саналаар Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийг тухай бүр зарлан хуралдуулна.

42.7.Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөл асуудлыг хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэх бөгөөд санал тэнцсэн тохиолдолд хурал даргалагчийн саналаар шийдвэрлэнэ.

42.8.Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн шийдвэр тогтоол хэлбэртэй байна.

42.9.Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн даргыг гишүүдийн дотроос нийт гишүүний олонхын саналаар сонгоно.

Хэвлэх

43 дугаар зүйл.Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч

43.1.Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч нь Өмгөөлөгчдийн Холбооны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

43.2.Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгчөөр өмгөөллийн үйл ажиллагааг 10-аас доошгүй жил эрхэлсэн, Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн Монгол Улсын иргэнийг Их Хурал нууц санал хураалтаар сонгоно.

43.3.Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгчийг гурван жилийн хугацаагаар сонгох бөгөөд нэг удаа улируулан сонгож болно.

43.4.Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

43.4.1.Өмгөөлөгчдийн Холбоог гадаад, дотоод харилцаанд төлөөлөх;

43.4.2.Өмгөөлөгчдийн Холбооны нэрийн өмнөөс гэрээ байгуулах, хууль тогтоомж, Өмгөөлөгчдийн Холбооны дүрэмд заасан эрх хэмжээний хүрээнд Өмгөөлөгчдийн Холбооны хөрөнгийг захиран зарцуулах;

43.4.3.Өмгөөлөгчдийн Холбооны ажлын албаны ажилтныг томилох, чөлөөлөх;

43.4.4.Өмгөөлөгчдийн Холбооны салбар зөвлөлийн даргыг томилох, чөлөөлөх саналыг Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлд оруулах;

43.4.5.Их Хурал, Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн шийдвэрийг биелүүлэх ажлыг зохион байгуулах;

43.4.6.хууль, Өмгөөлөгчдийн Холбооны дүрэмд заасан бусад бүрэн эрх.

43.5.Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгчийг Их Хурал дараах үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлнө:

43.5.1.бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон;

 43.5.2.эрүүл мэндийн байдал болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон;

43.5.3.үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан;

43.5.4.өөр ажил, албан тушаалд томилогдсон, эсхүл сонгогдсон.

43.6.Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгчийг Их Хурал дараах үндэслэлээр огцруулна:

43.6.1.ёс зүйн зөрчил гаргаж, хариуцлага хүлээсэн;

43.6.2.гэмт хэрэг үйлдсэнийг шүүхээс тогтоож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон.

43.7.Энэ хуулийн 43.5, 43.6-д заасны дагуу Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн, эсхүл огцруулсан тохиолдолд Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэх асуудлыг Өмгөөлөгчдийн Холбооны дүрмээр зохицуулна.

Хэвлэх

44 дүгээр зүйл.Өмгөөлөгчдийн Холбооны ажлын алба

44.1.Өмгөөлөгчдийн Холбоо нь өөрийн чиг үүрэг, өдөр тутмын үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүрэг бүхий ажлын албатай байна.

44.2.Ажлын албаны ажилтан өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхгүй этгээд байна. Хэрэв өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй бол уг эрхийг түдгэлзүүлнэ.

44.3.Ажлын алба дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

44.3.1.Их Хурал, Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөл, Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгчийн шийдвэр, үүрэг, даалгаврыг биелүүлэх;

44.3.2.Өмгөөлөгчдийн Холбооны зөвлөл, хороодын өдөр тутмын үйл ажиллагаа, тэдгээрийн ажлын уялдаа холбоог зохион байгуулах;

44.3.3.өмгөөлөгчдийг мэдээллээр хангах, тэдгээрийн хооронд мэдээлэл, туршлага солилцох боломжийг бүрдүүлэх;

44.3.4.Их Хурал, Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалт, холбогдох шийдвэрийн төслийг бэлтгэх;

44.3.5.өмгөөлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах ажлыг зохион байгуулах;

44.3.6.өмгөөлөгчдийн нэгдсэн бүртгэл, өмгөөллийн хуулийн этгээдийн бүртгэлийг хариуцан хөтлөх, цахим сан бүрдүүлэх, Өмгөөлөгчдийн Холбооны цахим хуудсанд байршуулах;

44.3.7.хүн, хуулийн этгээдийн хүсэлтээр тэдгээрийг өмгөөлөгч, өмгөөллийн хуулийн этгээдийн талаарх мэдээллээр хангах;

44.3.8.хууль, Өмгөөлөгчдийн Холбооны дүрэмд заасан бусад чиг үүрэг.

Хэвлэх

45 дугаар зүйл.Хяналтын зөвлөл

45.1.Хяналтын зөвлөл нь Өмгөөлөгчдийн Холбооны эд хөрөнгийн бүртгэл, зарцуулалт, санхүүгийн үйл ажиллагаа болон Өмгөөлөгчдийн Холбооны үйл ажиллагааны талаарх санал, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн байдалд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлнэ.

45.2.Хяналтын зөвлөл нь үйл ажиллагаагаа Их Хурлын өмнө хариуцан тайлагнана.

45.3.Хяналтын зөвлөл нь долоон гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд гишүүний бүрэн эрхийн хугацаа гурван жил байна.

45.4.Өмгөөлөгчдийн Холбооны санхүүгийн асуудал хариуцсан ажилтан, Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч нь Хяналтын зөвлөлийн гишүүн, дарга байхыг хориглоно.

45.5.Хяналтын зөвлөлийн ажиллах журмыг Их Хурал батална.

Хэвлэх

46 дугаар зүйл.Мэргэшлийн хороо

46.1.Өмгөөлөгчийн шалгалт болон үргэлжилсэн сургалт зохион байгуулах чиг үүрэг бүхий Мэргэшлийн хороо Өмгөөлөгчдийн Холбооны дэргэд ажиллах бөгөөд есөн гишүүний бүрэлдэхүүнтэй байна.

46.2.Энэ хуулийн 46.1-д заасан Мэргэшлийн хорооны бүрэлдэхүүнд хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, иргэдийн төлөөлөл тус бүр нэг хүнийг, Өмгөөлөгчдийн Холбооноос долоон гишүүнийг санал болгож, Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөл батламжилж, томилно.

46.3.Энэ хуулийн 46.2-т заасан Өмгөөлөгчдийн Холбооны төлөөллийн гурав нь хуульч эрдэмтэн байна.

46.4.Мэргэшлийн хорооны даргыг уг хорооны гишүүдийн дотроос тэдгээрийн олонхын саналаар сонгох бөгөөд дарга болон гишүүний бүрэн эрхийн хугацаа гурван жил байна.

46.5.Мэргэшлийн хорооны гишүүдийн дийлэнх олонх хуралдаанд оролцсоноор хурлыг хүчин төгөлдөрт тооцох ба асуудлыг олонхын саналаар шийдвэрлэнэ.

46.6.Мэргэшлийн хорооны шийдвэр тогтоол хэлбэртэй байна.

46.7.Мэргэшлийн хорооны ажиллах журмыг Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөл батална.

Хэвлэх

47 дугаар зүйл.Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч, зөвлөл, хорооны гишүүний өмгөөлөх эрх, урамшуулал

47.1.Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөл, Мэргэшлийн хороо, Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүн өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх болон Их Хурал, Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлөөс тогтоосон хэмжээгээр урамшуулал авах эрхтэй.

47.2.Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч тогтоосон хэмжээгээр цалин хөлс авах бөгөөд бүрэн эрхийн хугацаандаа өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхгүй.

Хэвлэх

48 дугаар зүйл.Өмгөөлөгчдийн Холбооны хөрөнгө, аудит

48.1.Өмгөөлөгчдийн Холбооны хөрөнгө нь гишүүнчлэлийн хураамж, хандив, тусламж, шалгалт, үргэлжилсэн сургалтын хураамж, хэвлэн нийтлэлийн орлогоос бүрдэнэ.

48.2.Өмгөөлөгчдийн Холбооны санхүүгийн үйл ажиллагаа, төсвийн бүрдүүлэлт, зарцуулалт нь Өмгөөлөгчдийн Холбооны гишүүд болон олон нийтэд ил тод байна.

48.3.Өмгөөлөгчдийн Холбооны санхүүгийн үйл ажиллагаанд хоёр жил тутамд нэг удаа санхүүгийн аудит хийлгэж, үр дүнг Өмгөөлөгчдийн Холбооны гишүүд болон олон нийтэд нээлттэй мэдээлнэ.

Хэвлэх


ДОЛДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ

49 дүгээр зүйл.Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас Өмгөөлөгчдийн Холбоотой харилцах

49.1.Хууль зүйн мэргэжлийн туслалцаа авах эрхийн хэрэгжилтийг хангах асуудлын хүрээнд Өмгөөлөгчдийн Холбооноос явуулж байгаа үйл ажиллагаанд хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дэмжлэг үзүүлж, хяналт тавина.

49.2.Өмгөөлөгчдийн Холбоо хууль зүйн мэргэжлийн туслалцаа авах эрхийн хэрэгжилттэй холбоотой мэдээллийг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад жил бүр хүргүүлнэ.

49.3.Өмгөөлөгчдийн Холбоо үйл ажиллагааны тайланг жил бүр, Их Хурлын ээлжит болон ээлжит бус хуралдааны тайланг тухай бүр хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

49.4.Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 49.1-д заасан хяналтыг тавихдаа Өмгөөлөгчдийн Холбооны бие даасан байдалд нөлөөлөхийг хориглоно.

Хэвлэх

50 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

50.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

50.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Г.ЗАНДАНШАТАР