Хэвлэх DOC Татаж авах
Улсын нисэхийн багц дүрмийг батлах тухай

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙДЫН ТУШААЛ
 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр                    
Улаанбаатар хот

Дугаар А/150    

 Улсын нисэхийн багц дүрмийг батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Зэвсэгт хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, Улсын нисэхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Монгол Улсын Их хурлаар “Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хууль 2018 онд батлагдсантай холбогдуулан хуулийн хэрэгжилтийг хангаж, түүнд нийцүүлэн шинэчлэн боловсруулсан “Улсын агаарын хөлгийг бүртгэх, гэрчилгээ олгох дүрэм”-ийг нэгдүгээр, ‘Байлдааны агаарын хөлгөөс бусад улсын агаарын хөлгийн нисэх баг, инженер техникийн бүрэлдэхүүнд мэргэжлийн үнэмлэх олгох дүрэм”-ийг хоёрдугаар, “Улсын нисэхийн аэродромын бүсэд нислэг үйлдэх болон аэродромыг ашиглах дүрэм”-ийг гуравдугаар, “Улсын агаарын хөлгийн нислэгийн үйл ажиллагаа, аюулгүй байдалд хяналт тавих дүрэм”-ийг дөрөвдүгээр, “Улсын агаарын хөлгийн нислэгийн хөдөлгөөний үйл ажиллагааг зохицуулах дүрэм”-ийг тавдугаар, “Эрэн хайх, авран туслах ажиллагааг гүйцэтгэх дүрэм”-ийг зургаадугаар, “Улсын нисэхийн агаарын хөлгийн нислэг-техникийн осол зөрчлийг шинжлэн шалгах дүрэм”-ийг долоодугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.“Улсын нисэхийн багц дүрэм”-ийг баталсан өдрөөс эхлэн улсын агаарын хөлгийг эзэмшигч байгууллагуудад мөрдүүлэх, энэ талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Зэвсэгт хүчний Жанжин штаб /хошууч генерал А.Ганбат/-т үүрэг болгосугай.

3.“Улсын нисэхийн багц дүрэм”-ийг Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтын дагуу улсын нэгдсэн санд бүртгүүлэх, улсын нэгдсэн санд бүртгэлтэй багц дүрмийг хасуулах арга хэмжээг зохион байгуулан ажиллахыг Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газар /бригадын генерал Г.Сайханбаяр/-т даалгасугай.

4.Тушаал гарсантай холбогдуулан Батлан хамгаалахын сайдын 2017 оны 330 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

5.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /хурандаа Д.Ганхуяг/ -т даалгасугай.

                                          САЙД                                     Н.ЭНХБОЛД