A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 98

Төрийн ордон,Улаанбаатар хот

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл"-ийг хавсралтаар баталсугай.

2.Доор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/, Монголбанк /Б.Лхагвасүрэн/, Санхүүгийн зохицуулах хороо /Д.Баярсайхан/ нарт тус тус даалгасугай:

1/мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр олон улсын холбогдох байгууллагатай идэвхтэй хамтран ажиллаж, Мөнгө угаахтай тэмцэх, санхүүгийн арга хэмжээ авах байгууллагын хяналтаас 2020 онд багтаан гарах;

2/эдийн засгийн тогтвортой өсөлтийг дунд хугацаанд хадгалах, гадаад өр, төлбөрийг шийдвэрлэх чиглэлээр олон улсын санхүүгийн байгууллагатай хамтран ажиллах;

3/Төв банкны гадаад өрийн хэмжээг бууруулж, Монгол Улсын гадаад валютын цэвэр нөөцийг тууштай нэмэгдүүлэх;

4/санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хууль, эрх зүйн орчныг сайжруулж, зээл олголтын зарчмыг олон улсын жишигт нийцүүлэх, нийлүүлэлтийн сүлжээнд тулгуурласан санхүүжилтийн механизмыг нэвтрүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлэх;

5/банкны салбарын "Чанаргүй активыг бууруулах стратеги"-ийн хэрэгжилтийг хангаж, хууль, эрх зүйн шинэ орчныг бий болгох;

6/"Зээлийн хүүг бууруулах стратеги"-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, зээлийн хүүг бууруулах хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох;

7/ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийн тогтолцоог бий болгох үндэсний хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх;

8/санхүүгийн зах зээлийн хөгжлийг дэмжих бодлого, зохицуулалт, хяналтын нэгдсэн тогтолцоо бий болгох хэрэгцээ, шаардлагыг судалж, олон улсын стандарт, зөвлөмжийн дагуу хууль, эрх зүйн орчны шинэтгэлийг хэрэгжүүлэх санал боловсруулж, Монгол Улсын Их Хуралд танилцуулах.

3.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Ж.Ганбаатар/-нд үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР