Хэвлэх DOC Татаж авах
Тарифт цалингийн жишиг шинэчлэн батлах тухай /Барилгын ажилтны/

БАРИЛГА,  ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН

ТУШААЛ

2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр                       
Улаанбаатар хот

Дугаар 217

Тарифт цалингийн жишиг шинэчлэн батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.1.10 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.5 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэг, Яамны дэргэдэх Шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн хуралдааны 03/2019 дугаар шийдвэр, Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөлийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 07 дугаар тэмдэглэлийн шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Барилга байгууламжийн төсөв зохиоход хэрэглэгдэх “Барилгын ажилтны тарифт цалингийн жишиг”-ийг нэгдүгээр хавсралтаар, “Барилгын ажилтны цагийн тарифт цалингийн жишгийг индексжүүлэн хэрэглэх аргачлал”-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Баталсан тарифт цалингийн жишгийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдүүлсүгэй.

3. Тарифт цалингийн жишгийг шинэчлэн баталсантай холбогдуулан 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө барилга байгууламжийн зураг төсөл нь магадлалын дүгнэлтээр баталгаажсан, барилга угсралтын ажлыг гүйцэтгэж эхэлсэн төсөл, арга хэмжээнд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2009 оны 263 дугаар тушаалаар баталсан тарифт цалингийн жишгийг хэвээр мөрдөж ажилсугай.

4. Батлагдсан тарифт цалингийн жишгийг мөрдүүлэх, хэрэгжилтийг хангаж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Гантулга/-т, хэвлэх, сурталчлах, сургалт хийх ажлыг зохион байгуулахыг “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ /Ц.Амарсанаа/-т тус тус даалгасугай.

5. Энэ тушаал гарсантай холбогдуулан “Тарифт цалингийн жишиг шинэчлэн батлах тухай” Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2009 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 263 дугаар тушаалыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болгосугай.

САЙД                                     Х.БАДЕЛХАН