A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар 474

Улаанбаатар хот

НИЙТИЙН АЖ АХУЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

"Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030"-ын 2.3.1-д заасан зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 4.1.1, 4.1.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хүн амын ус хангамж, ариун цэврийн байгууламжийн үйлчилгээг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох хууль тогтоомжийн зохицуулалтыг боловсронгуй болгох, уялдаа холбоог нь сайжруулах болон ундны усны чанар, аюулгүй байдлын талаар мэдээллийн сан бүрдүүлэх, нийтэд мэдээлэх арга хэмжээ авч ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл (Ж.Батсуурь) нарт даалгасугай.

2. Хот, суурин газарт ус хангамж, ариутгах татуурга, ариун цэврийн байгууламж болон цэвэрлэх байгууламж, төвлөрсөн дулаан хангамжийн систем, нийтийн халуун усны төв бий болгох ажлыг үе шаттайгаар шийдвэрлэж, тэдгээрийг орон сууц, нийтийн аж ахуйн мэргэжлийн байгууллагад хариуцуулан зохион байгуулахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, мэргэжил, арга зүйн удирдлага, зохицуулалтаар хангаж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Эрчим хүчний зохицуулах хороо (А.Тлейхан), Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл (Ж.Батсуурь) нарт үүрэг болгосугай.

3. Хот, суурин газрын нүхэн жорлонгийн тоог цөөрүүлэх, ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ил задгай бие засах байдлыг зогсоох талаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх, хандлагыг нь өөрчлөх, соён гэгээрүүлэхэд чиглэсэн зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл (Ж.Батсуурь) нарт даалгасугай.

4. Инженерийн дэд бүтэцтэй болон төвлөрсөн шугам сүлжээнд холбогдох боломжтой хот, суурин газарт унд, ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар шинээр худаг гаргаж, ус ашиглах зөвшөөрөл, дүгнэлт олгохыг хязгаарлах талаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

5. Энэ тогтоолын 2 дахь заалтад заасан хот, суурин газарт ус хангамж, ариутгах татуурга, ариун цэврийн байгууламж болон цэвэрлэх байгууламж, төвлөрсөн дулаан хангамжийн систем, нийтийн халуун усны төв бий болгоход шаардагдах хөрөнгийг улс, орон нутгийн төсөв, гадаад улс, олон улсын байгууллага, хандивлагч орны зээл, тусламжид нэн тэргүүнд хамруулах замаар санхүүжүүлж ажиллахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Барилга, хот байгуулалтын сайд Х.БАДЕЛХАН