A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр

Дугаар 10

Улаанбаатар хот

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийг батлагдсан аргачлалын дагуу үнэлээгүй, үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлээгүй хуулийн этгээдийн удирдлагад зохих журмын дагуу хариуцлага тооцохыг төсвийн ерөнхийлөн захирагч нар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (З.Мэндсайхан)-т тус тус даалгасугай.

2. Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эзэмшлийн газар дээр барилга байгууламжийг зөвшөөрөлгүй бариулсан Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын хэлтэс, Архангай аймгийн Онцгой байдлын хэлтэс, "Биокомбинат" төрийн өмчит үйлдвэрийн газрын удирдлагад зохих журмын дагуу хариуцлага тооцох, дахин энэ төрлийн зөрчил гаргуулахгүй байх арга хэмжээ авахыг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай.

3. Төрийн болон орон нутгийн өмчийн үл хөдлөх хөрөнгийн дахин үнэлгээгээр үнэ цэнийн бууралттай үнэлэгдсэн барилга байгууламжийн үнэлгээ, төсвийн зардал, чанар байдлыг нягтлан үзэж, шаардлагатай тохиолдолд залруулах, зөрчил гаргасан албан тушаалтанд зохих журмын дагуу хариуцлага тооцохыг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай.

4. Үнэлгээнд хамрагдаагүй газар эзэмших, ашиглах эрх, дахин үнэлгээ хийгдээгүй үл хөдлөх хөрөнгийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан аргачлалын дагуу үнэлж, 2020 оны санхүүгийн тайланд тусгах ажлыг зохион байгуулахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (З.Мэндсайхан)-т даалгасугай.

5. Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийг тухайн хуулийн этгээдэд 2020 онд багтаан олгож дуусгахыг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

6. Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд олгосон газар эзэмших, ашиглах эрхийг үнэлж, төрийн өмчийн бүртгэлд тусгаж байхыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (З.Мэндсайхан), Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт даалгасугай.

7. Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн эзэмшилд байгаа барилга байгууламжийн доорх газар эзэмших, ашиглах эрхийг иргэн, хувийн хэвшлийн хуулийн этгээдийн нэр дээр олгосныг цуцалж, тухайн төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн нэр дээр баталгаажуулах, газар эзэмшилтэй холбоотой зөрчлийг арилгах арга хэмжээг 2020 онд багтаан авч хэрэгжүүлэх, цаашид төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд эзэмшүүлсэн газраас хувийн хэвшлийн хуулийн этгээд, иргэнд эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахгүй байх, барилга барих, эхлүүлэх зөвшөөрөл олгохгүй байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

8. Төрийн өмчит хуулийн этгээдэд олгосон газар эзэмших эрхийн зориулалтыг өөрчлөх, төрийн өмчит хуулийн этгээд хооронд хуваах, шилжүүлэн эзэмшүүлэх асуудлыг тухайн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн хамт шийдвэрлэх саналыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хүргүүлж байхыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (З.Мэндсайхан)-т даалгасугай.

9. Ард иргэдийн тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор төрийн өмчийн хөрөнгөөр тохижуулсан нийтийн эзэмшлийн зам, талбай, ногоон байгууламж, инженерийн шугам сүлжээний доорх газрыг холбогдох төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн нэр дээр бүртгэх асуудлыг судлан танилцуулахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нар, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар (Ц.Ганхүү)-т тус тус даалгасугай.

10. Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн бүртгэлийн мэдээллийн сангийн програм хангамжийг боловсруулах, нэгдсэн мэдээллийн сан бий болгох, төрийн бусад мэдээллийн сантай холбох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (З.Мэндсайхан)-т, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.ОЮУН-ЭРДЭНЭ