Хэвлэх DOC Татаж авах
МАЛ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ТАЛААР АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 18

МАЛ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ТАЛААР АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Төрөөс хүнс хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын 2.1.17, 4.1.4, 4.1.5 зорилт, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.27 дахь заалтыг тус тус хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 2020 оныг “Мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нөөцийн ашиглалт, экспортыг нэмэгдүүлэх” жил болгон зарласугай.

2. Мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах, үндэсний боловсруулах үйлдвэрийг чанартай түүхий эд, бүтээгдэхүүнээр бүрэн хангаж, хүчин чадлаас давсан нөөцийг Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан арилжих, түүхий эдийг үнэгүйдэхээс хамгаалах бодлого, зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, аймгийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3. Аймаг, нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа мал төхөөрөх үйлдвэр, цехийн түвшинд бэлтгэсэн мах, махан бүтээгдэхүүнийг мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагын дагуу хянан баталгаажуулж, экспортлох боломжийг бүрдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (Н.Цагаанхүү), Гаалийн ерөнхий газар (Б.Асралт) нарт даалгасугай.

4. Сумдад малын гаралтай түүхий эдийг бэлтгэх, хүлээн авах, стандартын дагуу ангилан ялгалт болон чанарын хамгаалалт хийж, зориулалтын дагуу хадгалах, тээвэрлэх, борлуулах сүлжээг хоршоодод тулгуурлан бий болгох талаар холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, аймгийн Засаг дарга нарт даалгасугай.

5. Мал төхөөрөх, мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэр, цехийн хүчин чадлын ашиглалт, боловсруулалтын түвшинг сайжруулах замаар нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортын зах зээлийг өргөтгөх үе шаттай арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаанд даалгасугай.

6. Нэмүү өртөг шингэсэн мал аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортлох, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох олон болон хоёр талт гэрээ, хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах, шинээр байгуулах, мал эмнэлэг, хорио цээрийн шаардлага, гэрчилгээг тохиролцох арга хэмжээг хууль тогтоомжид заасан журмын дагуу авч ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (Н.Цагаанхүү), Мал эмнэлгийн ерөнхий газар (Д.Түмэндэмбэрэл)-т  тус тус үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                       У.ХҮРЭЛСҮХ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн

үйлдвэрийн сайд                                                                          Ч.УЛААН