A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2019 оны 12 сарын 12 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

 

ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

 

1.1.Энэ хуулийн зорилт нь өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх эрх зүйн үндсийг тодорхойлж, зах зээлийн шударга өрсөлдөөний таатай орчныг бүрдүүлэх, үндэсний болон нийтийн ашиг сонирхолд нийцсэн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

 

2 дугаар зүйл.Өргөн нэвтрүүлгийн хууль тогтоомж

 

2.1.Өргөн нэвтрүүлгийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль, Харилцаа холбооны тухай хууль, Радио долгионы тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

 

2.2.Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

 

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

 

3.1.Олон нийтийн радио, телевизийн үйл ажиллагаатай холбогдох харилцааг Олон нийтийн радио, телевизийн тухай хуулиар зохицуулна.

 

3.2.Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөлтэй холбогдох харилцааг Радио долгионы тухай хуулиар зохицуулна.

 

3.3.Монгол Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн сонгууль болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн сурталчилгаатай холбогдох харилцааг сонгуулийн хууль тогтоомжоор зохицуулна.

 

3.4.Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчийн түгээх зар сурталчилгаатай холбогдох энэ хуулийн 24 дүгээр зүйлд зааснаас бусад харилцааг Зар сурталчилгааны тухай хуулиар зохицуулна.

 

3.5.Энэ хуулийн 3.1, 3.2, 3.3, 3.4-т зааснаас бусад өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэхтэй холбогдох харилцааг энэ хуулиар зохицуулна.

 

4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

 

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

 

4.1.1.“өргөн нэвтрүүлэг” гэж радио, телевизийн хөтөлбөр бэлтгэж, нэгтгэн харилцаа холбооны сүлжээ, төхөөрөмжөөр нэг цэгээс олон нийтэд нэгэн зэрэг хүргэхийг;

 

4.1.2.“өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ” гэж энэ хуулийн 4.1.3, 4.1.4, 4.1.5-д заасан үйлчилгээг;

 

4.1.3.“радио, телевизийн газрын сүлжээний үйлчилгээ” гэж радио давтамж ашиглан сүлжээ байгуулж, хэрэглэгч хүлээн авах төхөөрөмж ашиглан радио, телевизийн үйлчилгээг тодорхой хүрээнд үнэ төлбөргүй хүлээн авах боломжоор хангах үйлчилгээг;

 

4.1.4.“олон суваг дамжуулах үйлчилгээ” гэж утастай, утасгүй, хиймэл дагуулын сүлжээгээр радио, телевизийн олон сувгийг хэрэглэгчид гэрээний үндсэн дээр дамжуулан хүргэхийг;

 

4.1.5.“радио, телевизийн үйлчилгээ” гэж өөрийн редакцад хөтөлбөр бэлтгэн харилцаа холбооны сүлжээнд холбогдож, олон нийтэд түгээх үйлчилгээг;

 

4.1.6.“олон нийтийн радио, телевиз” гэж Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд заасан зөвхөн олон нийтийн эрх ашигт үйлчилдэг, ашгийн төлөө бус радио, телевизийн үйлчилгээг;

 

4.1.7.“арилжааны радио, телевиз” гэж хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай, ашгийн төлөө үйл ажиллагаа эрхлэх радио, телевизийн үйлчилгээг;

 

4.1.8.“контент” гэж харилцаа холбооны сүлжээгээр дамжиж байгаа үг, дуу, тэмдэг, дохио, текст, зураг, график, хөдөлгөөнт дүрс бүхий бүх төрлийн мэдээ, мэдээллийг электрон хэлбэрт хувиргасныг;

 

4.1.9.“хөтөлбөр” гэж бүх төрлийн нэвтрүүлгийг радио, телевизээр дамжуулах хуваарьт оруулсан багцыг;

 

4.1.10.“нэвтрүүлэг” гэж радио, телевизээр дамжуулах зориулалтаар бэлтгэсэн бүх төрлийн контентыг;

 

4.1.11.“үндэсний бүтээл” гэж Монгол Улсын иргэн, эсхүл тухайн бүтээлийн уран бүтээлчдийн багийн гишүүдийн гуравны нэгээс доошгүй хувь нь Монгол Улсын иргэн бүтээсэн бүтээлийг;

 

4.1.12.“мэдээ” гэж Монгол Улсын болон олон улсын цаг үеийн үйл явдлын талаарх өдөр бүрийн тогтмол мэдээллийн нэвтрүүлгийг;

 

4.1.13.“захиалгат нэвтрүүлэг” гэж радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчид нэвтрүүлгийг бэлтгэх, дамжуулахаар хандсан хүсэлтийн дагуу бэлтгэсэн нэвтрүүлгийг;

 

4.1.14.“суваг” гэж радио, телевизийн хөтөлбөрийг дамжуулах сүлжээний багтаамжийн нэгжийг;

 

4.1.15.“ивээн тэтгэгч” гэж нэвтрүүлгийг бэлтгэхэд санхүүгийн болон бусад хэлбэрээр дэмжлэг үзүүлж байгаа этгээдийг;

 

4.1.16.“хадмал тайлбар” гэж телевизийн нэвтрүүлгээр гарч байгаа дүрслэлийн дуу, чимээ, авиа, яриаг тухайн агшинд нь дэлгэц дээр бичгэн хэлбэрээр илэрхийлэхийг;

 

4.1.17.“нэгдмэл сонирхолтой этгээд” гэж хувь хүн, хуулийн этгээдтэй ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбогдсон хувь хүн, хуулийн этгээдийг;

 

4.1.18.“ашгийн төлөө үйл ажиллагаа” гэж компани, нөхөрлөл, хувиараа эрхлэх аж ахуй, худалдаа, зээл, санхүүгийн бүх төрлийн байгууллагын үйл ажиллагааг;

 

4.1.19.“үндсэн багц” гэж хэрэглэгч олон суваг дамжуулах үйлчилгээнээс худалдан авч болох анхдагч, хамгийн бага багцыг;

 

4.1.20.“бүтээл” гэж зохиогчийн оюуны бүтээлч үйл ажиллагааны бодит үр дүнг;

 

4.1.21.“өргөн нэвтрүүлгийн радио, телевиз” гэж олон талт хөтөлбөртэй, энэ хуулийн 6.1.1, 6.1.2-т заасан үйлчилгээний сүлжээгээр заавал дамжих арилжааны радио, телевизийн үйлчилгээг;

 

4.1.22.“төлбөртэй радио, телевиз” гэж хэрэглэгч тухайн сувгийг сонгон, олон суваг дамжуулах үйлчилгээгээр дамжуулан төлбөр төлснөөр идэвхжих радио, телевизийн үйлчилгээг.

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН БАРИМТЛАХ ЗАРЧИМ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРӨЛ

 

5 дугаар зүйл.Өргөн нэвтрүүлгийн бодлого, зохицуулалт болон өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчийн баримтлах зарчим

 

5.1.Өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:

 

5.1.1.хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх;

 

5.1.2.төрт ёс, түүх, соёл, хэл бичгийн уламжлал, үндэсний үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх;

 

5.1.3.хүн төрөлхтний соёл иргэншлийн ололт, өв, үнэт зүйлсийг хүндэтгэх;

 

5.1.4.улс төр, шашин, нийгэм, эдийн засгийн олон ургалч үзэл бодлыг хүндэтгэх;

 

5.1.5.төр, шашны байгууллага, улс төрийн намаас хараат бус, бие даасан байх;

 

5.1.6.хариуцлагатай, мэргэшсэн сэтгүүл зүйг хөгжүүлж, сэтгүүлчийн ёс зүйн хэм хэмжээг сахин мөрдөх;

 

5.1.7.олон нийтийн нийтлэг эрх ашигт нийцсэн, тэнцвэртэй, бодит мэдээ, мэдээлэл олж авах иргэний эрхийг хүндэтгэх;

 

5.1.8.хүүхэд, залуучуудын хүмүүжил, ёс суртахуунд сөргөөр нөлөөлөхгүй байх;

 

5.1.9.өргөн нэвтрүүлгийг эзэмшлийн хэт төвлөрлөөс хамгаалах, зах зээлийн өрсөлдөөний таатай орчныг бүрдүүлж, өргөн нэвтрүүлгийн салбарын хөгжлийг дэмжин хөгжүүлэх;

 

5.1.10.үндэсний бүтээлийг дэмжин хөгжүүлэх;

5.1.11.нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээнд харшлахгүй байх.

 

6 дугаар зүйл.Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний төрөл

 

6.1.Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ дараах төрөлтэй байна:

 

6.1.1.радио, телевизийн газрын сүлжээний үйлчилгээ;

6.1.2.олон суваг дамжуулах үйлчилгээ;

6.1.3.олон нийтийн радио, телевизийн үйлчилгээ;

6.1.4.арилжааны радио, телевизийн үйлчилгээ;

6.1.5.өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн үйлчилгээ;

6.1.6.төлбөртэй радио, телевизийн үйлчилгээ.

 

6.2.Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх хүрээг Монгол Улсын нийт нутаг дэвсгэр болон тодорхой бүс нутгаар тогтооно.

 

6.3.Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх хүрээг тодорхой бүс нутгаар хязгаарлах тохиолдолд Харилцаа холбооны зохицуулах хороо /цаашид “Зохицуулах хороо” гэх/ өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх нутаг дэвсгэрийг тусгай зөвшөөрөлд нь тусгайлан заана.

 

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ

 

7 дугаар зүйл.Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх нийтлэг журам

 

7.1.Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг Зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн дагуу эрхэлнэ.

 

7.2.Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээдэд олгоно.

 

7.3.Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг дараах этгээдэд олгохыг хориглоно:

 

7.3.1.төрийн байгууллага, иргэн;

7.3.2.улс төрийн нам, эвсэл, тэдгээрийн дэргэд үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага;

 

7.3.3.гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд;

7.3.4.шашны байгууллага;

7.3.5.төлөөлөн удирдах зөвлөл, эсхүл удирдлагын баг /захирал, дэд захирал, менежер/-ийн 30-аас дээш хувь нь гадаадын иргэн эзэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага.

 

7.4.Зохицуулах хороо тусгай зөвшөөрөл олгохдоо дараах зарчмыг баримтална:

 

7.4.1.өргөн нэвтрүүлгийн талаар төрөөс баримталж байгаа бодлого, харилцаа холбоо, өргөн нэвтрүүлгийн хөгжлийн ирээдүйн чиг хандлага, техник, технологийн дэвшил, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, эрх ашигт нийцүүлэн зах зээлд үр ашигтай, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх;

 

7.4.2.өргөн нэвтрүүлгийн зах зээлийн багтаамж, хүн амын тоо, нягтрал, эрэлт хэрэгцээ, өрсөлдөөний нөхцөл байдлын талаарх судалгаанд үндэслэх;

 

7.4.3.радио, телевизийн газрын тоон сүлжээний үйлчилгээ болон олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг радио, телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй давхардуулан олгохгүй, эзэмшил нь тусдаа байх;

 

7.4.4.тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хүлээн авах, шийдвэрлэх хугацаа, тусгай зөвшөөрлийн төрөл, хамрах хүрээ болон тусгай зөвшөөрөл олгохтой холбогдох журам, бусад баримт бичгийг цахим хуудсаараа дамжуулан нийтэд мэдээлэх;

 

7.4.5.энэ хуулийн 6.1.6-д зааснаас бусад төрлийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний тусгай зөвшөөрлийг нээлттэйгээр сонгон шалгаруулах;

 

7.4.6.гадаадын хөрөнгө оруулагч этгээдэд радио, телевизийн газрын сүлжээний болон өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгохыг хориглох.

 

8 дугаар зүйл.Тусгай зөвшөөрөл хүсэгчид тавих ерөнхий шаардлага

 

8.1.Тусгай зөвшөөрөл хүсэгч дараах нөхцөлийг хангасан байна:

 

8.1.1.өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх дунд хугацааны стратеги төлөвлөгөө боловсруулж, баталсан байх;

 

8.1.2.Зохицуулах хорооноос тогтоосон хөрөнгө оруулалтын, хүний нөөцийн, техник технологийн болон аюулгүй ажиллагааны шаардлагыг бүрэн хангасан байх;

 

8.1.3.өмнө нь өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан бөгөөд энэ хууль болон Харилцаа холбооны тухай хууль, Радио долгионы тухай хуулийг удаа дараа зөрчиж тусгай зөвшөөрлөө цуцлуулсан бол тусгай зөвшөөрлийг цуцалснаас хойш гурван жил өнгөрөөгүй байх.

 

9 дүгээр зүйл.Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг

 

9.1.Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11.1.1, 11.1.2, 11.1.3, 11.1.4, Харилцаа холбооны тухай хуулийн 13 дугаар зүйл, Радио долгионы тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаас гадна энэ хуульд заасан шаардлага хангасныг нотлох баримт бичгийг бүрдүүлнэ.

 

10 дугаар зүйл.Тусгай зөвшөөрөл олгох, олгохоос татгалзах

 

10.1.Зохицуулах хороо өргөдлийг хүлээн авч дараах ажиллагааг явуулна:

 

10.1.1.өргөдлийг бүртгэж, энэ тухай тодорхойлолтыг өргөдөл гаргасан этгээдэд өгөх;

 

10.1.2.өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуульд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянах;

 

10.1.3.хүсэлт гаргагч нь энэ хуулийн 8.1-д заасан нөхцөлийг хангасан эсэхийг шалгасны үндсэн дээр тухайн нөхцөлийг хангасан гэж үзвэл тусгай зөвшөөрөл олгож болох тухай мэдэгдлийг өгч, ажлын таван өдрийн дотор олгох.

 

10.2.Харилцаа холбооны тухай хуулийн 14.2, Радио долгионы тухай хуулийн 11.2.2-т зааснаас гадна доор дурдсан үндэслэлээр тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж болно:

 

10.2.1.хүсэлт гаргагч энэ хуульд заасан шаардлагыг хангаагүй;

10.2.2.тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичгийн бүрдүүлбэр хангаагүй;

 

10.2.3.хүсэлт гаргагчийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэхэд шаардагдах хөрөнгө оруулалт, техник төхөөрөмж, мэргэжлийн боловсон хүчний төлөвлөлт хангагдаагүй, хөтөлбөрийн бодлого нь энэ хууль болон бусад хууль тогтоомжтой нийцээгүй.

 

10.3.Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч нь дахин өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авахаар өргөдөл гаргасан бол тусгай зөвшөөрлийн гэрээ, нөхцөл, шаардлагыг бүрэн хангасан байна.

 

10.4.Зохицуулах хороо тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан бол татгалзсан үндэслэлээ тодорхой заасан хариуг бичгээр буюу цахим шуудангаар өгнө.

 

10.5.Зохицуулах хороо тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийг ажлын гурван өдрийн дотор олон нийтэд мэдээлнэ.

 

11 дүгээр зүйл.Хураамж

 

11.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлнө.

 

12 дугаар зүйл.Тусгай зөвшөөрлийн хугацаа

 

12.1.Тусгай зөвшөөрлийг таваас доошгүй жилийн хугацаагаар олгоно.

 

13 дугаар зүйл.Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах

 

13.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч тухайн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас гурван сарын өмнө түүний хугацааг сунгуулах тухай өргөдлийг Зохицуулах хороонд гаргаж болно.

 

13.2.Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдөлд дараах баримт бичгийг хавсаргана:

 

13.2.1.тусгай зөвшөөрлийн хуулбар;

13.2.2.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;

13.2.3.тусгай зөвшөөрлийн гэрээ, нөхцөл, шаардлагыг хэрэгжүүлж ажилласан тухай тайлан.

 

13.3.Зохицуулах хороо энэ хуулийн 13.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрлийг сунгах эсэх тухай шийдвэр гаргана.

 

13.4.Зохицуулах хороо тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан шийдвэрийг гаргаснаас хойш ажлын гурван өдрийн дотор энэ тухай олон нийтэд мэдээлж, тусгай зөвшөөрлийн бүртгэлд холбогдох тэмдэглэлийг хийнэ.

 

14 дүгээр зүйл.Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх

 

14.1.Тусгай зөвшөөрлийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаас гадна доор дурдсан үндэслэлээр 90 хүртэл хоногийн хугацаагаар түдгэлзүүлж болно:

 

14.1.1.Зохицуулах хорооны хяналт, шалгалтаар холбогдох хууль тогтоомж зөрчсөн нь тогтоогдсон;

 

14.1.2.тусгай зөвшөөрөлд заасан хүрээнд үйл ажиллагаа явуулаагүй;

14.1.3.оюуны өмчийн эрхийг удаа дараа зөрчсөн нь холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон.

 

15 дугаар зүйл.Тусгай зөвшөөрөл шилжүүлэхийг хориглох

 

15.1.Тусгай зөвшөөрлийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5.3-т зааснаас гадна өөрийн компанийн нэгдлээс бусдад өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах зэргээр шилжүүлэхийг хориглоно.

 

16 дугаар зүйл.Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох

 

16.1.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйл, Харилцаа холбооны тухай хуулийн 15 дугаар зүйл, Радио долгионы тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно.

 

16.2.Зохицуулах хороо тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тухай шийдвэрийн талаар Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14.2-т заасан журмаар тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэж, шийдвэр гаргаснаас хойш ажлын гурван өдөрт багтаан цахим хуудсаар нийтэд мэдээлэх бөгөөд түүнд тусгай зөвшөөрөл хүчингүй болгосон үндэслэлийг тодорхой заана.

 

16.3.Энэ хуулийн 16.2-т заасан тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон шийдвэрийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг Зохицуулах хороонд ирүүлнэ.

 

16.4.Зохицуулах хороо энэ хуулийн 16.3-т заасан нотлох баримт бичгийг хянаж үндэслэлтэй гэж үзвэл тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай шийдвэрийг хүчингүй болгох бөгөөд үндэслэлгүй гэж үзвэл тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, энэ тухай шийдвэрийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэнэ.

 

16.5.Тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуулийн 16.4-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргах эрхтэй.

 

17 дугаар зүйл.Тусгай зөвшөөрөл дуусгавар болох үндэслэл

 

17.1.Дараах үндэслэлээр тусгай зөвшөөрөл дуусгавар болно:

 

17.1.1.тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан;

17.1.2.Зохицуулах хороо тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон.

 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХТЭЙ ХОЛБООТОЙ ОНЦЛОГ ЗОХИЦУУЛАЛТ

 

18 дугаар зүйл.Хэт төвлөрөл үүсэхээс сэргийлэх

 

18.1.Хуулийн этгээд нь өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний дараах төрлийн тусгай зөвшөөрлийн нэгээс илүүг буюу давхар эзэмшихийг хориглоно:

  

18.1.1.радио, телевизийн газрын сүлжээний үйлчилгээ;

18.1.2.олон суваг дамжуулах үйлчилгээ;

18.1.3.өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн үйлчилгээ.

 

18.2.Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, зах зээлийн хэт төвлөрөл үүсэхээс сэргийлэх журмыг Зохицуулах хороо батална.

 

19 дүгээр зүйл.Эзэмшлийн ил тод байдлыг хангах

 

19.1.Өргөн нэвтрүүлгийг хараат бус, нээлттэй, ёс зүйтэй байлгах зорилгоор өргөн нэвтрүүлгийн эзэмшлийг ил тод байлгана.

 

19.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд нь Зохицуулах хороонд жил бүрийн 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор тусгай зөвшөөрлийн эзэмшлийн талаарх дараах мэдээллийг хүргүүлнэ:

 

19.2.1.тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн гаргасан хувьцааных нь тав ба түүнээс дээш хувийг эзэмшигчийн овог, эцэг /эх/-ийн нэр, нэр, компанийн эрх бүхий албан тушаалтны жагсаалт;

 

19.2.2.эзэмшиж байгаа өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нэр, төрөл, тоо, үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл;

 

19.2.3.өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий бусад хуулийн этгээдэд эзэмшиж байгаа хувьцааны тоо, хувь хэмжээ, хэрэв нөхөрлөл бол оруулсан эд хөрөнгийн хэмжээ.

 

19.3.Гаргасан хувьцааных нь тав ба түүнээс дээш хувийг эзэмшдэг хувьцаа эзэмшигч болон компанийн эрх бүхий албан тушаалтан өөрчлөгдсөн тохиолдолд өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч нь энэ тухай 30 хоногийн дотор Зохицуулах хороонд бичгээр мэдэгдэнэ.

 

19.4.Зохицуулах хороо энэ хуулийн 19.2, 19.3-т заасан мэдээлэлтэй танилцаад өргөн нэвтрүүлгийн салбарт шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, зах зээлийн хэт төвлөрөл үүсэхээс сэргийлэхэд чиглэсэн шаардлагатай арга хэмжээг энэ хуулийн 18.2-т заасан журмын дагуу авч хэрэгжүүлнэ.

 

19.5.Тусгай зөвшөөрлийн эзэмшлийн талаарх мэдээллийг Зохицуулах хороо олон нийтэд мэдээлнэ.

 

19.6.Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний тусгай зөвшөөрлийн эзэмшлийн мэдээллийг Зохицуулах хороонд гаргаж өгөөгүй, нуусан тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна.

 

20 дугаар зүйл.Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх

 

20.1.Төрөөс өргөн нэвтрүүлгийн хөгжлийг дэмжих, радио, телевизийн үндэсний бүтээл үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сангаар дамжуулан дараах чиглэлээр дэмжлэг үзүүлнэ:

 

20.1.1.өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг ард иргэдэд алслагдсан, сүлжээ хүрээгүй газарт хүртээмжтэй хүргэх; 

 

20.1.2.үйлдвэрлэхэд өртөг өндөр үндэсний түүх, соёл, уламжлал, хүүхэд, танин мэдэхүйн нэвтрүүлэг бэлтгэн хүргэх;

 

20.1.3.өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн бүтээл үйлдвэрлэлийг дэмжих.

 

20.2.Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх санг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

 

20.3.Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сангаас радио, телевизэд хөрөнгө хуваарилах шалгуур үзүүлэлтэд үндэсний бүтээлийн хувь хэмжээний шаардлага хангасан болон олон нийтэд хүртээмжтэй байдлыг харгалзана.

 

20.4.Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч нь Харилцаа холбооны тухай хуулийн 11 дүгээр зүйл болон Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасан Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд хөрөнгө төвлөрүүлэхгүй.

 

20.5.Радио, телевизийн үйлчилгээ эрхлэгч нь олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчийн сүлжээнд холбогдох, хөтөлбөр дамжуулахад дараах зарчмыг баримталж, хоорондоо байгуулсан гэрээгээр зохицуулна:

 

20.5.1.техник холболтын зааглах цэг, нөхцөлийг тогтооход Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.4-т заасан журмыг баримтлах;

 

20.5.2.олон нийтийн радио, телевизийн үндсэн суваг болон олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч нь харилцан төлбөр төлөхгүй зарчмаар холбогдох;

 

20.5.3.өргөн нэвтрүүлгийн радио, телевизүүд нь энэ хуулийн 6.1.2-т заасан үйлчилгээний үндсэн багцын өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээний орлогын 15 хувиас доошгүй хэмжээгээр өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээний хөлс авах;

 

20.5.4.бусад арилжааны радио, телевиз болон олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч нь харилцан тохиролцох.

 

20.6.Өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн заавал гишүүнчлэлтэй, нийтийн эрх зүйн хуулийн этгээд болох Монголын телевизүүдийн холбоо /цаашид “Холбоо” гэх/ нь энэ хуулийн 20.5.3-т заасан хөлсийг төвлөрүүлж, өргөн нэвтрүүлгийн телевизийн үзэлтийн судалгааг үндэслэн гишүүдэд хуваарилна.

 

20.7.Холбоо нь энэ хуулийн 20.5.3-т заасан хөлсийг гишүүддээ хуваарилах журам баталж, орлогын хуваарилалтад жил бүр аудит хийлгэнэ.

 

20.8.Энэ хуулийн 20.5.3-т заасан хөлс нь олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчийн албан татвар ногдох орлогоос хасагдана.

 

ТАВДУГААР БҮЛЭГ

ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА

 

21 дүгээр зүйл.Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид тавигдах шаардлага

 

21.1.Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч нь тусгай зөвшөөрөлд заасан төрөл, хамрах хүрээнд үйл ажиллагаа явуулна.

 

21.2.Нэвтрүүлгийг бэлтгэх, нэвтрүүлэх, дамжуулах техник, тоног төхөөрөмж нь сүлжээний найдвартай ажиллагаа, стандартын шаардлагыг хангасан байна.

 

21.3.Зохицуулах хорооноос баталсан өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид тавигдах шаардлагыг мөрдөнө.

 

22 дугаар зүйл.Радио, телевизийн газрын сүлжээний үйлчилгээ эрхлэгчид тавигдах шаардлага

 

22.1.Радио, телевизийн газрын сүлжээний үйлчилгээ эрхлэгч нь хараат бусаар ажиллаж, сүлжээндээ холбогдох боломжийг радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчид тэгш олгох бөгөөд үнэ тариф ил тод байна.

 

22.2.Радио, телевизийн газрын сүлжээний үйлчилгээ эрхлэгч нь сүлжээний ашиглалт, үйлчилгээний байнгын, тасралтгүй, найдвартай ажиллагааг бүрэн хангасан байна.

 

22.3.Төрийн өмчийн радио, телевизийн газрын сүлжээний ашиглалтыг төр хариуцах бөгөөд Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз болон өргөн нэвтрүүлгийн радио, телевизийг энэ хуулийн 29.1.5-д заасныг баримтлан үнэ төлбөргүй дамжуулна.

 

23 дугаар зүйл.Хөтөлбөрт тавигдах ерөнхий шаардлага

 

23.1.Радио, телевизийн үйлчилгээ эрхлэгч нь хөтөлбөрөө төрийн албан ёсны хэл болох Монгол хэлээр бэлтгэн дамжуулна.

 

23.2.Гадаад нэвтрүүлгийг дамжуулахдаа Монгол хэлээр дуу оруулсан, эсхүл бичгэн орчуулгатай байна.

 

23.3.Өөрийн бүтээсэн болон зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэй бүтээлийг дамжуулна.

 

23.4.Гамшгийн болон онцгой байдал, урьдчилан сэргийлэх үеийн мэдээ, мэдээлэл дамжуулах журмыг дагаж мөрдөнө.

 

23.5.Энэ хуулийн 21.3-т заасан шаардлагад дараах бүтээлийн хувь хэмжээг тодорхойлно:

 

23.5.1.үндэсний бүтээл;

23.5.2.орон нутгийн бүтээл;

23.5.3.өөрийн бүтээл;

23.5.4.хадмал тайлбар, дохионы хэл бүхий нэвтрүүлэг;

23.5.5.өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн хөтөлбөрт эзлэх үндэсний түүх, соёл, уламжлал, хүүхэд, танин мэдэхүйн нэвтрүүлэг.

 

23.6.Дамжуулж байгаа хөтөлбөр нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, эрх ашигт харшлахгүй байна.

 

23.7.Мэдээг олон талт эх сурвалжийг ашигласан, үйл явдлыг үнэн, шударга, тэнцвэртэй, хараат бус байхаар мэдээлнэ.

 

23.8.Мэдээг зар сурталчилгаа, төлбөрт болон захиалгат мэдээ, нэвтрүүлгээс ойлгомжтой байдлаар ялгасан байна.

 

23.9.Радио, телевизийн үйлчилгээ эрхлэгч нь бага, дунд, өсвөр насны хүүхдийг зохисгүй контентоос хамгаалах зорилгоор тодорхой хязгаарлалт хийх арга хэмжээг авна.

 

24 дүгээр зүйл.Зар сурталчилгаа

 

24.1.Зар сурталчилгааны эхлэл, төгсгөлийг үзэгч, сонсогчид ойлгомжтой байдлаар дуу, дүрсээр илэрхийлнэ.

 

24.2.Радио, телевизээр дамжуулах аливаа хэлбэрийн зар сурталчилгааны хязгаарлалт, хөтөлбөрийн ивээн тэтгэлт, төлбөрт, захиалгат, теле-худалдааны нэвтрүүлгийн талаарх зохицуулалт хийхтэй холбогдсон журмыг Зохицуулах хороо баталж, хэрэгжилтэд хяналт тавина.

 

24.3.Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч нь дамжуулж байгаа суваг, хөтөлбөр дундуур зар сурталчилгааг нэвтрүүлж үл болно.

 

24.4.Онц байдал зарласан, эсхүл гамшгийн үеийн нэвтрүүлгийн дундуур зар сурталчилгаа нэвтрүүлж үл болно.

 

24.5.Радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчид нь Зар сурталчилгааны тухай хуулиар хязгаарласан сурталчилгаа бэлтгэж, нэвтрүүлэхийг хориглоно.

 

24.6.Төлбөртэй радио, телевиз болон теле-худалдааны чиглэлээр төрөлжсөн радио, телевизээр зар сурталчилгаа бэлтгэж, нэвтрүүлэхийг хориглоно.

 

25 дугаар зүйл.Архив

 

25.1.Радио, телевизийн үйлчилгээ эрхлэгч нь хөтөлбөрийг дамжуулснаас хойш 60 хоног ба түүнээс дээш хугацаагаар хадгална.

 

25.2.Маргаан үүссэн тохиолдолд тухайн маргаантай холбогдох нэвтрүүлэг, хөтөлбөрийг уг маргааныг шийдвэрлэж дуусах хүртэлх хугацаанд хадгална.

 

26 дугаар зүйл.Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчид тавигдах шаардлага

 

26.1.Гадаад улсын радио, телевизийг дамжуулахдаа албан ёсны эрхийг нь авсан, Зохицуулах хороонд бүртгүүлсэн байх бөгөөд хөтөлбөр нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, эрх ашигт харшлахгүй байна.

 

26.2.Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч нь радио, телевизийн хөтөлбөрийг гэрээний үндсэн дээр дамжуулна.

 

26.3.Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч нь тухайн нутаг дэвсгэрт дамжуулах тусгай зөвшөөрөлтэй радио, телевизийн хөтөлбөрийг дамжуулна.

 

26.4.Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч нь хууль болон гэрээнд зааснаас бусад үндэслэлээр дамжуулж байгаа хөтөлбөр, сувгийн дараалалд өөрчлөлт оруулах, хэсэгчлэн болон бүрэн хаахыг хориглоно.

 

26.5.Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчийн үйлчилгээний үндсэн багцад энэ хуулийн 4.1.6, 4.1.21-д заасан радио, телевизүүд багтсан байна.

 

26.6.Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын үнэ тарифын үндэслэл, үндсэн багцад тавигдах шаардлагыг Зохицуулах хорооноос баталсан журмаар хянаж, зохицуулна.

 

26.7.Үндэсний олон нийтийн телевиз болон өргөн нэвтрүүлгийн телевизийн сувгууд нь олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын эхэнд байна.

 

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ХОРИГЛОХ ЗҮЙЛ

 

27 дугаар зүйл.Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид хориглох зүйл

 

27.1.Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч дараах төрлийн хөтөлбөр бэлтгэн дамжуулахыг хориглоно:

 

27.1.1.хүүхэд залуусын сэтгэхүйд сөргөөр нөлөөлөх, хүчирхийлэл, садар самууныг сурталчлах, гэмт хэргийн үйлдлийг нарийвчлан зааварчилсан, хар тамхи, сэтгэхүйд нөлөөлөх эм бэлдмэл бэлтгэн боловсруулах, хэрэглэх зэрэг бүтээлийг;

 

27.1.2.үндэстэн, ястан болон шашин хоорондын мөргөлдөөнд уриалсан, өдөөн хатгасан агуулга бүхий нэвтрүүлэг, зар сурталчилгааг;

 

27.1.3.үндэс угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн чиг хандлага, хөгжлийн бэрхшээлийнх нь улмаас хувь хүн буюу тодорхой бүлгийг үзэн ядах, ялгаварлан гадуурхсан агуулга бүхий нэвтрүүлэг, зар сурталчилгааг.

 

27.2.Монгол Улсын хууль тогтоомжоор хориглосон бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч иргэн, хуулийн этгээд мэдээ, нэвтрүүлгийг ивээн тэтгэхийг хориглоно.

 

27.3.Ивээн тэтгэгч иргэн, хуулийн этгээд мэдээ, нэвтрүүлгийн агуулга, хугацаа болон сэтгүүлч, редакцын бие даасан, хараат бус байдалд аливаа хэлбэрээр нөлөөлөхийг хориглоно.

 

ДОЛДУГААР БҮЛЭГ

ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН БАЙГУУЛЛАГЫН ЭРХ, ҮҮРЭГ

 

28 дугаар зүйл.Засгийн газрын бүрэн эрх

 

28.1.Өргөн нэвтрүүлгийн талаар баримтлах төрийн бодлого хэрэгжүүлэх, хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулна.

 

28.2.Төрийн өмчийн радио, телевизийн газрын сүлжээгээр орон даяар болон тухайн орон нутагт нь дамжуулах радио, телевизийн тоог тодорхойлно.

 

28.3.Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сан бүрдүүлэх, түүнийг зарцуулах журмыг батална.

 

29 дүгээр зүйл.Харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын эрх, үүрэг

 

29.1.Өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагааны талаар харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

 

29.1.1.өргөн нэвтрүүлгийн талаар төрөөс баримтлах бодлого, бодлогын чиглэлийг боловсруулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах;

 

29.1.2.олон улсын өргөн нэвтрүүлгийн байгууллагад Монгол Улсыг төлөөлөх;

 

29.1.3.өргөн нэвтрүүлгийн сүлжээгээр дамжуулах гамшгийн болон онцгой байдлын талаар урьдчилан сэргийлэх үеийн мэдээ, мэдээлэл дамжуулах журам боловсруулж, батлах;

 

29.1.4.өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сан бүрдүүлэх, түүнийг зарцуулах журмыг эрх бүхий байгууллагуудтай хамтран боловсруулах;

 

29.1.5.төрийн өмчийн радио, телевизийн газрын сүлжээгээр орон даяар болон тухайн орон нутагт нь дамжуулах өргөн нэвтрүүлгийн радио, телевизийг сонгох шалгуур үзүүлэлт, тавигдах шаардлагыг батлах, сонгон шалгаруулах, хэрэгжилтэд хяналт тавих;

 

29.1.6.хуульд заасан бусад.

 

30 дугаар зүйл.Харилцаа холбооны зохицуулах хорооны эрх, үүрэг

 

30.1.Өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагааны талаар Зохицуулах хороо дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

 

30.1.1.өргөн нэвтрүүлгийн талаар төрөөс баримтлах бодлогын талаар санал боловсруулах, эрх бүхий байгууллагыг мэдээллээр хангах;

 

30.1.2.өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн эзэмшлийг олон нийтэд ил тод мэдээлэх, хэт төвлөрөл бий болохоос сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

 

30.1.3.өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлж, жил бүр үнэлэлт, дүгнэлт гаргах;

 

30.1.4.өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг баталж, хэрэгжилтэд хяналт тавих;

 

30.1.5.өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч хоорондын орлого хуваах зарчмыг тодорхойлох;

 

30.1.6.энэ хуулийн 23.5-д заасан хөтөлбөрт тавигдах шаардлагыг батлах;

 

30.1.7.өргөн нэвтрүүлгийн үйлчилгээтэй холбогдсон дараах дүрэм, журмыг батлах, хэрэгжилтэд хяналт тавих:

 

30.1.7.а.хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалахад чиглэсэн радио, телевизийн хөтөлбөрийн дүрэм;

 

30.1.7.б.өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн журам;

 

30.1.7.в.олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын журам;

 

30.1.8.радио, телевизийн хөтөлбөрт тавигдах энэ хуулийн 23, 24 дүгээр зүйлд заасан шаардлагын хэрэгжилтэд хяналт, мониторинг хийх;

 

30.1.9.хуульд заасан бусад.

 

31 дүгээр зүйл.Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчийн эрх, үүрэг

 

31.1.Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч нь Харилцаа холбооны тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаас гадна энэ зүйлд заасан эрх, үүрэгтэй байна.

 

31.2.Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч дараах эрхтэй байна:

 

31.2.1.радио телевизийн үйлчилгээ эрхлэгч нь хуульд нийцүүлэн хөтөлбөрөө өөрөө боловсруулж батлах;

 

31.2.2.үйлчилгээний үнэ тарифаа өөрөө тогтоох;

 

31.2.3.радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчид ёс зүйн өөрийн зохицуулалт хийх.

 

31.3.Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч дараах үүрэгтэй байна:

 

31.3.1.үзэгч, сонсогч, хэрэглэгчийн гомдлыг хүлээн авч шийдвэрлэх журамтай байх;

 

31.3.2.радио, телевизийн үйлчилгээ эрхлэгч нь өөрийн редакцын бодлого, дүрэмтэй байх;

 

31.3.3.хөтөлбөрийг бэлтгэх, нэвтрүүлэх, дамжуулах техник, тоног төхөөрөмж, сүлжээний тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах, стандартын шаардлагыг мөрдөх;

 

31.3.4.радио, телевизийн үйлчилгээ эрхлэгч нь хууль болон гэрээнд зааснаас бусад үндэслэлээр хөтөлбөрийг хэсэгчлэн болон бүрэн зогсоохгүй байх.

 

НАЙМДУГААР БҮЛЭГ

ХЯНАЛТ

 

32 дугаар зүйл.Өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаанд тавих хяналт

 

32.1.Өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаанд тавих хяналтын Зохицуулах хороо, холбогдох бусад төрийн захиргааны байгууллага болон улсын байцаагч хэрэгжүүлнэ.

 

32.2.Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ, үйл ажиллагаа, техник технологийн горимын хэрэгжилтэд харилцаа холбооны улсын байцаагч хяналт тавина.

 

32.3.Улсын байцаагч нь энэ хууль, болон холбогдох дүрэм, журам, заавар, стандартын биелэлтэд хяналт тавьж ажиллана.

 

33 дугаар зүйл.Өргөн нэвтрүүлгийн тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

 

33.1.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

34 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

 

34.1.Энэ хуулийг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

 

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР